L O A D I N G
logo

Багшийн хөгжлийн төв

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Багш хүн өөрийн салбартаа сайн мэргэжилтэн байгаад зогсохгүй сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвар, харилцаа хандлагаа тасралтгүй хөгжүүлж шавь нарынхаа сэтгэл оюуныг судлагч, хөгжүүлэгч, сургалтын үйл ажиллагааг чанартай үр ашигтай зохион байгуулагч,  манлайлагч байх нь өнөөгийн цаг үеийн шаардлага болж байна.

Багшийн хөгжил гэдгийг багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх төдийгөөр хязгаарлаж болохгүй бөгөөд хөгжил гэдэг нэг талаас багшийг насан туршдаа суралцах, мэдлэг чадвараа хөгжүүлэх бодлогын дэмжлэг, нөгөө талаас хувь хүний өөрийгөө хөгжүүлэх  хичээл зүтгэлийн үр дүн юм.
Дотоод хэргийн их сургууль нь багшийн хөгжлийг их сургуулийн багшийг сонгон шалгаруулж авахаас эхлэн тэдэнд багшлах ажлын чиг баримжаа олгох улмаар ажлын байрандаа тасралтгүй суралцах цогц чадамж бүхий багшлах хүний нөөцийг бүрдүүлж, сургуулийн хөгжилд хувь нэмэр оруулах  хүртэл тогтолцоот үйл явц болгон хөгжүүлэх зорилгоор Их сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-ийг  /2018.05.01 А/90 дүгээр тушаал/ байгуулсан.
Багшийн хөгжлийн төв нь Төвийн эрхлэгч доктор /Ph.D/, цагдаагийн дэслэгч Г.Буянтогтох, Сургалт, арга зүйн менежер, цагдаагийн хошууч Н.Баясгалан, Судалгаа, шинжилгээ үнэлгээний менежер, цагдаагийн дэслэгч Ц.Цацрал нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  

 Тус хамт олон нь, 
  • Багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх;
  • Сургалтын арга зүй, цахим сургалтын технологийг хөгжүүлэх;
  • Судлаач багшийг хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлж, судалгааны ажлын арга зүйд чанарын шинэчлэл хийх;
  • Хууль зүйн салбарын боловсрол судлалыг дээшлүүлэх;
  • Бүрэлдэхүүн сургууль, нэгж багш нарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн их сургуулийн багш нарын залгамж холбоог бэлтгэх;
  • Багшийн эерэг хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зэргээр ажлын байрандаа
тасралгүй хөгжин ахиж дэвших эрхзүйн болон материаллаг орчныг бэхжүүлж,  их сургуулийн багшийн цогц чадамжийг хөгжүүлэх тогтолцоог бий болгохоор зорин ажиллаж байна.