L O A D I N G
logo
Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол

Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол

  • Jan 10, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн багш, ахлах дэслэгч Д.Нямтулга Монгол Улсын Их хурлын Тамгын газраас Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан иргэдийн дунд зарласан нийтлэлийн уралдаанд “Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол” сэдвээр оролцож байна. Түүний нийтлэлийг хүргэе.
 
Монгол Улсын Үндсэн хууль бол мөнх орших Монгол Хүн.
Төлөвлөгөөт эдийн засагтай, нийгэм улс төрийн захиргаадалтын системтэй авторитар /Нэг бүлэг, нам, эвслийн монополь засаглал тогтож, тэд хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй. Нэг үзэл суртал ноёрхсон шинжтэй/ тогтолцооноос зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан систем рүү Монгол Улс шилжээд хэдийнэ 30 орчим жилийг ардаа үджээ. Уг шилжилтээс бид юуг хүртэж байгаагаа хором бүрээр эергээр мэдрэх нь үр дүн юм.
Дэлхий дахинаа 1820-1926, 1926-1942 онуудад Ардчиллын анхдугаар өсөлтийн үе, 1943-1962 онуудад  өрнөлтийн үе, 1975 оноос шинэ үе эхэлсэн. Ардчиллын хөгжлийн шинэ үеэс 17 жилийн дараа ардчиллыг хүсэн хүлээсэн ард түмний амны цангааг тайлав уу гэлтэй Монголын ард түмэнд тохиолдсон, ирээдүйд тохиолдож болох түүхэн үйл явдлуудын томоохонд тооцогдохоор нэгэн үйл явдал нь 1992 оны 1 дүгээр сарын 13-нд өнөөгийн шинэ Үндсэн хууль Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар 6 бүлэг, 70 зүйлтэйгээр батлагдаж, тухайн оныхоо 2 дугаар сарын 12-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн түүхэн үйл явдал байлаа.
Түүхийн хуудсыг сөхвөөс Монгол Улсын Анхны Үндсэн хууль тэртээ 1924 онд батлагдсан цагаас хойш 2 удаа шинэчлэгдэн, батлагдсаны дараагаар Монголчууд бид 1992 онд Ардчилсан Шинэ Үндсэн хуулиа өлгийдөн авсан. Үүнээс 27 жилийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн 19 зүйл, 30 гаруй хэсэгт өөрчлөлт оруулж, шинэчлэн баталж, мөн оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлон баталгаажуулсан түүхэн үйл явдал өнөөдрөөс 2 сар хүрэхгүй хугацааны өмнө болж өнгөрлөө.
Уг нэмэлт өөрчлөлтийн нарийн чанадыг олоход нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган саналыг авч, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас гарсан 600 гаруй санал зэргийг нэг бүрчлэн нухацтай хэлэлцсэн Монголын ард түмний оюуны хөлс, хөдөлмөр шингэжээ. Энэ 5 сарын хугацаагаар хэрэгцээ шаардлага, цаг хугацааг хэмжиж болохгүй бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал 2000 оноос эхлэлтэй бөгөөд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй хуульч, эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд байнга яригдаж, зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж, Улсын их хуралд ирүүлж байсныг үе үеийн УИХ анхааралдаа авч, 2011, 2012 онуудад УИХ-ын зарим гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж, 2013, 2015, 2016, 2017 онуудад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь УИХ-ын анхаарлын төвд байж, ажил хэрэг болж байсан тухай хууль санаачлагчид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалдаа тусгасан байна. Үүнээс үзэхэд, маш олон жилийн хөдөлмөр, нийгмийн хэрэгцээ шаардлага байсныг илэрхийлж байна.
  Энэ хөдөлмөрийн үр шимийг ард түмэн бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан, уг Үндсэн хуулийг эх сурвалжаа болгон өөрчлөгдөж буй Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Их хурлын тухай, Нийтийн сонсголын тухай, Төсвийн тухай зэрэг, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай зэрэг, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай зэрэг, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай,  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай, Татварын багц хууль болон бусад холбогдох хууль тогтоомж зэрэг 30 орчим хуулиас хүртэнэ гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, энэ түүхэн үйл явдал нь эрх зүйн хувьсгал хэмээн нэрлэгдэж болно. Энэ эрх зүйн хувьсгалын үр дүнд парламентат ёс улам бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс хэрэгжсэн, ард түмэн төвтэй улс болно хэмээн харж, итгэж байна.
Эх болсон уг Үндсэн хуулийн гол зорилго нь Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэмлэнэ хэмээгдээд Хоёрдугаар бүлгийн /Хүний эрх, эрх чөлөө/ Арван зургадугаар зүйл “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”-ийн 16.1-д “Амьд явах эрхтэй”, 16.2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 16.6-д “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэх мэт 1992 онд батлагдсан Ардчилсан шинэ Үндсэн хуулийн амин тулгуур заалтуудыг өөрчлөлгүй, баталгаажуулснаас гадна Нэгдүгээр бүлгийн /Монгол Улсын бүрэн эрхт байдал/ Зургадугаар зүйлийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тусгажээ. Энэ заалтын өөрчлөгдөөгүй буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг хүртэл мөрдөгдөх хувилбарт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тусгагдсан. Энэ 2 заалтын ялгаа нь Төрийн өмч, Төрийн нийтийн өмч гэсэн хоёр ойлголтод оршиж байна. Төрийн нийтийн өмчийн тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” хэмээн тодорхойлоод иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, түүний доторх баялаг, ой, түүний дагалдах баялаг, ургамал, ан амьтны нөөц, түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал, археологийн болон палентологийн олдвор, хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгийг багтаасан байдаг.
 Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын их хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй” гэж тусгаснаас дүгнэхэд төрийн нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хэдий Улсын их хуралд байгаа ч иргэдийнхээ саналаар шийддэг байх тогтолцоо үүссэн гэж ойлгогдож байна.
Төрийн өөрийн өмчид “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох эд хөрөнгө хамаарна” гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн нийтийн зориулалттай өмчөөс бусад төрийн өмч гэсэн утга. Хэрэв Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” хэмээн тусгагдаагүй бол эдгээр зүйлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүх эрх нь иргэдийн ямар ч саналгүйгээр Улсын их хурлын мэдэлд байх байсан дүр зураг харагдаж байна.
Үндсэн хуульд оруулсан энэ өөрчлөлтийн хүрээнд газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц зэргийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой шийдвэрүүдэд Монгол Улсын иргэн бүр буцалж буй амьдралынхаа халуун цэг дээрээс бодит байдлаас урган гарсан санал, санаачилгаар гар, бие оролцох эрх нээгджээ. Энэ боломж нь Ардчилалтай улсын эрх чөлөөт хүн гэдгээ мэдэрч буйн томоохон илрэлүүдийн нэг юм. Харин ард түмэнд нэг үүрэг үлдээд байна. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас хойш мөрдөгдөж эхлэх Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн гаргах эрх зүйн эх сурвалжуудыг бодит байдлаас урган гарсан маш сайн зохицуулалт бүхий зүйл, заалтуудаас бүрдүүлэхийн тулд иргэний идэвхи гаргаж,  өөрсдийн үнэт саналаа идэвхийлэн өгөх үүрэг л үлдлээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд нь Төрийн түшээд төдийгүй ард түмний дуу хоолойг өөртөө ихээхэн шингээсэн тул Ардчилсан зарчимаа улам төгөлдөржүүлсэн, иргэн, ард түмэн төвтэй Монгол Улсын хөгжил, дэвшилд асар үнэтэй түшиг, тулгуур болохуйц эх хуулийн амин сүнс байж чадна хэмээн найдаж, итгэж байна. Ард түмний хүсэл, зоригийг илэрхийлсэн, тулгамдсан асуудал болоод байсан бас нэгэн өөрчлөлт бол Дөрөвдүгээр бүлгийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” Тавин долдугаар зүйлийн 57.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасан байсныгЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” болгож өөрчилсөн, өөрчлөлт байлаа.
Уг өөрчлөлт нь Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд өргөн барьсан төсөлд тусгагдсан бөгөөд агуулгын хувьд асуудлыг шийдвэрлэх эрх Улсын Их Хуралд байх бөгөөд шийдвэрлэхээс өмнөх процесст иргэдийн саналыг үндэслэн Засгийн газар асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Ач холбогдол нь хот байгуулах буюу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал Иргэдийн хурлын гишүүдээс хамаарахаа больсноор хойш тавигддаг, зогсонги байдалд байдаг уг ажил системийн хувьд өөрчлөгдөж, түргэвчлэх шатандаа орсноор илэрч байна зэрэг Монголын ард түмний эрх чөлөөний амьсгалын замын саад, бартааг нэг нэгээр нь түүж, улам чөлөөтэй болгосон олон зүйл заалт уг хуулинд оршиж буй.
Хүн эс, эд, эрхтэнээс бүрддэг. Хүний бүх эрхтэн эрүүл ажиллаж байна хэмээн сая хүн эрүүл саруул, амар амгалан оршино. Үндсэн хуулийг Хүн хэмээгээд бүх зүйл, заалт нь тэгш мөрдөгдөж, бусад хууль тогтоомжинд эх болж хэмээн сая Үндсэн хууль эрүүл саруул, амар амгалан оршино.
Он, цаг улиран өнгөрөх Байгалийн хуулинд хүмүүн гэх амьтан хүссэн ч, эс хүссэн ч захирагдан нэгэн зууны нарыг үзлээ ч хоёр дахь зууны наранг төгсгөх чадалгүй. Монгол Улсын Үндсэн хууль бол мөнх орших монгол хүн. Энэ монгол хүмүүн бол мөнхийн наранг үзэх хувьтай. Байгаль, техник, нийгмийн шинжлэх ухаан хөгжиж, хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хууль даган өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг бичигдээгүй үнэн бий. Үнэнээс хэн ч хазайж үл чадна. Эцсийн зогсоолд үнэн л ганцаараа оршино.
 
МОНГОЛ ТӨРИЙН ӨЛМИЙ БАТ, МЭЛМИЙ ТУНГАЛАГ, ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН УХААН ХУРЦ, СЭТГЭЛ УУЖИМ, АРД ТҮМНИЙ ЗАЯА ТЭГШ, ЗҮГ НЬ ЗӨВ, ЭХ ОРНЫ МИНЬ ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ, БАГАНА НЬ БАТ ОРШИХ БОЛТУГАЙ.