L O A D I N G
logo
Төгсөгчдөд магистрын диплом гардууллаа

Төгсөгчдөд магистрын диплом гардууллаа

  • Jan 23, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийг “Хууль сахиулах удирдлага”, “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага”, “Онцгой байдлын стратеги-тактик, удирдлага” мэргэжлээр 2019-2020 оны хичээлийн жилд амжилттай дүүргэсэн 35 суралцагчид магистрын дипломыг нь  гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаад захиалагч байгууллага болох цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, онцгой байдлын байгууллагаас гадна улсын бүртгэлийн ерөнхий газрын захиалгаар хоёр албан хаагч суралцсан байна.  

Нийт суралцагчдаас цагдаагийн дэд хурандаа Б.Мөнх-Эрдэнэ, цагдаагийн хошууч Д.Батзаяа, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяр нарын гурван албан хаагч бусдыгаа манлайлан “Онц” дүнтэй төгсөв. Онц төгсөгчдөөс “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага” мэргэжлийн 8132 дугаар дамжааны суралцагч, цагдаагийн хошууч Д.Батзаяад Дотоод хэргийн их сургуулийн онцлох дипломыг олголоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Их сургуулийн удирдлагууд оролцсон юм.
Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, хошууч генерал Ш.Лхачинжав төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүсч, өргөсөн тангарагтаа үнэнч байж, шударга ёс, хүний эрхийг дээдлэн, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, олж авсан мэдлэг, ур чадвараа байнга хөгжүүлэн үйл ажиллагаандаа бүтээлчээр тусган хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.  
Удирдлагын академи нь сургалтын хөтөлбөрийн агуулга, хэлбэрийг захиалагч байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн удирдах албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тасралтгүй хэлбэрээр явуулах, алба хаагчдыг ажлын байрнаас чөлөөлөхгүйгээр суралцах боломж бололцоог хангаж ирсэн. 
Тус зорилгын хүрээнд 2017 онд “гариг”, 2018 оноос “улирал”-ийн сургалтын хэлбэрээр элсэлт авч эхэлсэн юм. Энэ удаагийн суралцагчид “Улирал”-ын сургалтын анхны төгсөгчид боллоо.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА