L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургууль сонсогчдоо аврах, эрэн хайх, гүний шумбалтын бассейнд бэлтгэнэ

Дотоод хэргийн их сургууль сонсогчдоо аврах, эрэн хайх, гүний шумбалтын бассейнд бэлтгэнэ

  • Apr 16, 2020
Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий төрийн тусгай албаны хүний нөөцийг бэлтгэдэг Дотоод хэргийн их сургууль дэргэдээ  усан бассейн, аврах, эрэн хайх дасгал сургалт хийх гүний шумбалтын бассейн барьж, удахгүй ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ талаар тус сургуулийн  Сургалт  эрхэлсэн дэд бөгөөд  Сургалтын  бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор /Ph.D/, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.  
- Их сургуулийн дэргэд усан бассейн, аврах, эрэн хайх дасгал сургалт хийх гүний шумбалтын бассейн барьж байгуулснаараа Дотоод хэргийн их сургууль анхдагч болж байна. Энэ нь цагдаа, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдлын гээд төрийн тусгай албаны хүний нөөц, сонсогч, суралцагсдыг бэлтгэхэд ямар ач холбогдолтойг сонирхуулахгүй юу?
- Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх, сонсогч, оюутнуудад сургалтын таатай орчин бүрдүүлэх ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд Их сургуулийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Энэ хичээлийн жилд  “Номын сан, спорт цогцолбор” барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тус байрны барилгын ажлыг 2019 оны зургадугаар сард эхлүүлсэн. Одоогоор барилгын ажлын явц 85 хувьтай явж байна. Энэ оны зургадугаар сард 25 метрийн урттай дөрвөн зам бүхий усан бассейн, аврах, эрэн хайх дасгал сургалт хийх гүний шумбалтын бассейнийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Энэхүү  усан бассейн, аврах, эрэн хайх дасгал сургалт хийх гүний шумбалтын бассейн буюу спорт цогцолбор ашиглалтад орсноор Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын суралцагсдын мэдлэг, бие бялдрын хөгжил, мэргэжлийн ур чадвар,  албаны болон бие хамгаалах хичээл сургалтыг чанартай зохион байгуулах боломжтой болно.
Тэр дундаа онцгой байдлын аврагчдыг бэлтгэх, бусад биеийн тамир, спортын чиглэлийн хичээл дадлага сургуулилалт олон улсын стандартын шаардлагад нийцсэн спортын цогцолборт явагдаж албаны бэлтгэлжилт төдийгүй суралцагсдын бие бялдрыг хөгжүүлэх,  спортын амжилт үр дүнд эрс өөрчлөлт гарна гэж бид үзэж  байгаа.
-Сургалтын орчноо сайжруулах чиглэлээр бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдсэн бэ?
-Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд 850 сонсогчийн дотуур байр, 2016 онд Их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн төв байр, 2018 онд Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвийг өргөжүүлж 720 м2 талбай бүхий хоёр давхар, ус, цахилгаан, дулааны хангамжийг бүрэн шийдсэн сургалтын байртай болсон. Энэ ондоо “Номын сан, спорт цогцолбор” барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн төрийн өмчит их, дээд сургууль, коллежуудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд болон багш, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор их сургуулийн эзэмшлийн газарт 2010 онд 48 айлын  орон сууц, 2011 онд 96 айлын орон сууц,  Засгийн газрын тогтоолоор их  сургуулийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 90 айлын орон сууцны барилгыг хувьчлах шийдвэр гаргаж, орон сууцны зориулалтаар тохижуулан оршин суугчдад нь хувьчилсан. 2013 онд 108 айлын орон сууц, 2017 онд 72 айлын орон сууц  барьж ашиглалтад оруулсан. Их сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулсан сүүлийн цөөхөн жилийн дотор төр, засгийн дэмжлэгтэйгээр хичээлийн болон сонсогчийн байрууд, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв, багш, албан хаагчдын орон сууц зэрэг олон байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь  сургууль “Оюутны хотхон” хэлбэрээр хөгжих нөхцлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах боломжтой болсон нь ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт юм.
-Коронавирусын халдвартай холбоотой онцгой нөхцөлд танай сургууль цахим сургалтыг хэрхэн явуулж байгаа бол?
-Засгийн газраас их, дээд сургуулийн танхимын сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан сургалтыг цахим хэлбэрээр явуулах талаар нэлээдгүй ажил өрнүүлэн XCloud удирдлага мэдээллийн систем ашиглаж байна. 2136 хичээлийн 1000 гаруй видео, 800 гаруй бусад хэлбэрийн хэрэглэгдэхүүнийг байршууллаа. Сургалтад ахиц гаргахаар программ хөгжүүлэлтийн багтай хамтран ажиллаж шинэ боломжуудыг эрэлхийлэн, цахим хичээлийг илүү амжилттай зохион байгуулж байна.
Мөн энэ хугацаанд докторын сургалтад суралцаж буй докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж ажиллах талаар хугацаатай үүрэг чиглэл өгч багш нарын хувьд энэ хугацааг ашиглан эрдмийн ажилдаа цаг заваа зарцуулан бүтээлчээр ажиллаж байгаа. Мөн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд төлөвлөгдсөн сурах бичиг, гарын авлага, эмхэтгэл нийт 54 бүтээлийг хугацаанаас нь өмнө хэвлүүлэн нийтийн хүртээл болгохоор багш нар идэвхитэй ажиллаж байна.
-Дотоод хэргийн их сургуулийн  сургалтын талаар тодруулахгүй юу?
-Дотоод хэргийн их сургууль нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий дотоод хэргийн салбар, онцгой байдлын байгууллагын хүний нөөцийг мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын төвшинд шаталсан сургалтаар бэлтгэдэг ХЗДХЯ-ны харъяа, төрийн өмчийн их сургууль. Сургалтын агуулга, хэлбэр, арга зүйгээрээ бусад их, дээд сургуулиудаас зарим талаараа онцлогтой. Тухайлбал, цэрэг, цагдаагийн дээд боловсрол олгох, эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төрөөс хариуцахаар заасны дагуу сургалтын төлбөрийг төрөөс төлдөг, суралцсан хугацаа нь төрийн тусгай албанд ажилласан жилд орж, цэргийн алба хаасанд тооцогдож, төгсөөд ажлын байран дээр томилогддог.
-Энэ хичээлийн шинэ жилд хэдэн мэргэжлээр элсэлт авах вэ. Элсэгчдэд ямар шалгуур тавьдаг вэ?
-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, албан хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн чиглэлийн нийт 12 хөтөлбөрт элсэлт авна. Элсэхийг хүсэгчдэд сургалтын хэлбэр, ажил, мэргэжлийн онцлогоос хамаарч их, дээд сургуульд элсэгчдэд тавьдаг дээд боловсролын нийтлэг шаардлага, шалгуураас гадна төрийн тусгай албанд анх орох, суралцах иргэдэд тавьдаг тусгай шалгуурыг хангасан байхыг мөн шаарддаг.  Тухайлбал, бие эрхтний зөв хөгжилтэй, шивээс, сорвигүй, биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс дээш, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх гэх мэт тусгай шаардлагууд тавигддаг. 
Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий төрийн тусгай албаны хүний нөөцийг бэлтгэх бакалаврын сургалтын агуулгад бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах цэргийн биеийн тамир, бие хамгаалах, албаны бэлтгэлийн чиглэлийн цэргийн хэргийн сургалтууд багтдаг. Энэхүү сургалтын онцлогоос хамаарч нэг, хоёрдугаар дамжааны сонсогчид дотуур байранд байрладаг.