L O A D I N G
logo
"Парламентын мэтгэлцээн"-ийн аварга шалгаруулах тэмцээн болно

"Парламентын мэтгэлцээн"-ийн аварга шалгаруулах тэмцээн болно

  • Nov 05, 2020
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН АЛБАНЫ СУРГУУЛИАС 2020.11.23-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ИХ СУРГУУЛИЙН СОНСОГЧ, СУРАЛЦАГЧДЫН “ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АШИГЛАГДАХ ДҮРМИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
 НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Мэтгэлцээн нь хувь хүнийг хөгжилд хөтлөгч хүчирхэг арга хэрэгсэл бөгөөд мэтгэлцээнд оролцогч нь ганцхан ялахын төлөө мэтгэлцдэггүй. Мэтгэлцэгч нь суралцахын тулд мэтгэлцэх, үнэнийг баримтлах, бусдыг хүндэтгэх гэсэн гурван үндсэн зарчмыг баримтлан өндөр ёс зүйгээр энэхүү дүрмийн хүрээнд мэтгэлцэнэ.
1.2. Мэтгэлцээний соёл нь хэн нэгэн хувь хүн, аливаа байгууллага,төр түүний албан тушаалтны өмч биш бөгөөд хүн төрөлхтний нийтлэг өв соёл учраас түүнийг өмчлөх эрх хэнд ч байхгүй. Мэтгэлцээнийг түгээн дэлгэрүүлэх, хичээллэн суралцах эрх хэн бүхэнд бий.
1.3. Энэхүү дүрэм нь сонгодог парламентын мэтгэлцээний гарын авлага, үндсэн зарчмыг бичвэрийн хувьд дүрэм журмын хэлбэрт оруулсан дүрэм бөгөөд Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй бүхий л парламентын мэтгэлцээний тоглолтод баримтална.
1.4. Энэхүү дүрмийн зорилго нь парламентын мэтгэлцээнээр мэтгэлцэх үед үүсэх бүхий л харилцааг нарийвчлан зохицуулах зорилготой. 
 
ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
2.1. Энэхүү дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
2.1.1. “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” гэж Монголын мэтгэлцээний холбоо, нийгэмлэгүүдийг эгнээндээ нэгтгэсэн, мэтгэлцээний нэгдсэн байгууллагыг;
2.1.2. “Парламентын мэтгэлцээн” гэж тодорхой сэдэв буюу шийдэлтэй холбоо бүхий санаа бодол, төсөөллийг олох, бий болгох, шинжлэн үзэх, хамгаалах, эсрэг талын байр суурийг няцаах гэх зэрэг тодорхой бүтэц, дүрэм, хязгаартай шийдвэр гаргах төвшний багуудын хооронд өрнөх парламент дахь засгийн газар сөрөг хүчний байр сууринаас асуудлыг авч үзэх зохимжит үйл ажиллагааг;
2.1.3. “Мэтгэлцээний баг” гэж дүрэмд заасан шаардлагыг хангасан 2 гишүүн бүхий өөрийн гэсэн нэртэй нэгдлийг;
2.1.4. “Засгийн газар” гэж хэлэлцэж буй шийдлийн үнэн зөв болохыг шүүгч, сөрөг хүчинд өөрийн дэвшүүлсэн аргумент болон эсрэг талын  үзэл баримтлалыг няцааж буй няцаалтаараа дамжуулан нотлон харуулах үүрэг бүхий багийг;
2.1.5. “Сөрөг хүчин” гэж хэлэлцэж буй шийдэл болон шийдлийг хамгаалан үзэл баримтлалаа дэвшүүлсэн засгийн газрын аргумент буруу, алдаатай болохыг шүүгч, засгийн газарт өөрийн үзэл баримтлал болон няцаалтаараа батлан харуулж, няцаалт хийж, сөргөлдөөн үүсгэх үүрэг бүхий багийг;
2.1.6. “Шийдэл” гэж засгийн газар болон сөрөг хүчин тухайн тэмцээний үед өгөгдсөн цаг хугацаанд авч хэлэлцэн, мэтгэлцэх асуудлыг;
2.1.7. “Хүрээлэл” гэж засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд давуу байдлаа ашиглан тогтоох хэдий ч сөрөг хүчин тус хүрээлэлд орж тоглох боломж бүхий хязгаарлалтыг;
2.1.8. “Тодорхойлолт” гэж тухайн шийдэлд дурдагдаж буй түлхүүр үгсийг хэрхэн ойлгож буйгаа тодорхойлон гаргахыг;
2.1.9. “Аргумент” гэж өөрийн багийн байр суурь үнэн зөв гэдгийг шүүгчдэд нотолж буй өгүүлбэр эсхүл үргэлжилсэн үгээр илэрхийлэгдсэн нотолгоо, дэмжлэгийн нийлбэрийг;
2.1.10. “Дэмжлэг” гэж дэвшүүлсэн нотолгоо буюу аргументаа бодит тоо баримт, жишээ, судалгаа,түүхээр баяжуулахаар хэрэглэж буй баримтыг;
2.1.11. “Тодруулгын үе” гэж эсрэг талын илтгэгчийн зөвшөөрлийг авч яриаг түр тасалж, илтгэл дундуур тодорхойгүй байгаа асуудлыг дэлгэрүүлэх, алдаатай логикийг шүүгчид харуулах зорилгоор асууж буй асуултыг;
2.1.12. “Дүрмийн үе” гэж эсрэг талын илтгэгчийн илтгэлийн үед мэтгэлцэгч мэтгэлцээний дүрмийг зөрчсөн хэмээн үзэж, шүүгчид хандан гаргаж буй эсэргүүцлийг;
2.1.13. “Шүүгч” гэж шийдлийг хэлэлцсэн харилцан эсрэг байр суурь бүхий багуудыг энэхүү дүрэмд захирагдан өөрийн дотоод итгэл үнэмшлээр шүүх бүрэн эрх бүхий парламентын мэтгэлцээний талаар онол, практикийн өндөр ур чадвар бүхий хүнийг тус тус ойлгоно.
 
ГУРАВ. МЭТГЭЛЦЭЭНД ОРОЛЦОХ БАГ
3.1. Парламентын мэтгэлцээнд оролцох баг нь дараах шаардлагыг хангасан байна.
3.1.1. Парламентын мэтгэлцээний үндсэн ойлголт өгөх сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан, тус мэтгэлцээний талаар мэдлэгтэй байх;
3.1.2. Энэхүү дүрмийг уншиж бүрэн хүлээн зөвшөөрсөн байх;
3.1.3. Баг нь хоёр гишүүнтэй байх бөгөөд мэтгэлцээний үед гүйцэтгэх үүрэг нь тухайн мэтгэлцээнээс хамаарч солигдож болно;
3.1.4. Парламентын мэтгэлцээний тэмцээний үеэр энэхүү дүрэмд зааснаас бусад нэмэлт шаардлагуудыг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын зүгээс багуудад тавьж болно.
 
ДӨРӨВ. ШҮҮГЧ
Шүүгчтэй холбогдох заалтууд
 
ТАВ. МЭТГЭЛЦЭЭНИЙ ДАРААЛАЛ
5.1. Хоорондоо мэтгэлцэх хоёр баг ширээнд сууж, шүүгч "Шийдлийн зөвлөл”-өөс санал болгосон шийдлийг танхимд зарлана.
5.2. Шийдлийг зарласны дараа шүүгч 2 талыг оролцуулан сугалаа хийнэ.
Сугалаанд ялсан баг 30 секунд зөвшилцсөний дараа Засгийн газар эсхүл сөрөг хүчний байр сууриас мэтгэлцэх сонголт хийнэ.
5.3. Талууд мэтгэлцэх байр сууриа сонгосны дараа зарласан шийдлийг 15 минут бэлтгэнэ. Шүүгч, зохион байгуулагчид тэмцээний нөхцөл байдлаас хамаарч уг хугацааг ихэсгэх, багасгах эрхтэй. Хугацааг ихэсгэх, багасгах шийдвэр гаргасан тохиолдолд талууд маргах эрхгүй.
5.4.  Парламентын мэтгэлцээний үндсэн илтгэл
5.4.1. Засгийн газрын ерөнхий сайдын үзэл баримтлалын илтгэл - 7 минут
5.4.2. Сөрөг хүчний удирдагчийн үзэл баримтлал, няцаалтын илтгэл - 8 минут
5.4.3. Засгийн газрын гишүүний дэмжлэгийн болон няцаалтын илтгэл - 8 минут
5.4.4. Сөрөг хүчний гишүүний дэмжлэгийн болон няцаалтын илтгэл - 8 минут
5.4.5. Сөрөг хүчний удирдагчийн дүгнэлтийн илтгэл - 4 минут
5.4.6. Засгийн газрын ерөнхий сайдын дүгнэлтийн илтгэл - 5 минут
5.5 . Мэтгэлцээний тэмцээн, бэлтгэлийн үед цаг хугацаа, багуудын тооноос хамаарч уг хугацааг богиносгож болно.
5.6. Багийн гишүүн тус бүр эхний дөрвөн илтгэлийн үед өөрт оногдсон илтгэх хугацааг 30 секундээр сунгаж болох бөгөөд шүүгчид хандан "Нэмэлт 30 секундээр сунгая" гэж мэдэгдэх эсхүл дохиогоор мэдэгдэн зөвшөөрөл авна.
5.7. Багууд эхний 4 илтгэлийн өмнө бэлтгэлийн 1 минутыг авч болно.
5.8. Мэтгэлцээн бүрэн дууссаны дараа шүүгч буюу шүүгчдийн бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулна.
ЗУРГАА. ДҮРМИЙН ҮЕ
6.1. Дүрмийн үе гэдэгт энэхүү дүрмийн 2.1.12-т заасныг ойлгох бөгөөд дүрмийн үеийг санал болгохын тулд мэтгэлцэгч 'Эрхэм шүүгчээ дүрмийн үеийг санал болгож байна” хэмээн хэлнэ. Энэ үед илтгэж буй илтгэгч илтгэлээ зогсоож, шүүгч цагийг зогсооно. Шүүгч дүрмийн үеийг санал болгосон мэтгэлцэгчээс "Дүрмийн үеийн үндэслэл ”-ийг асууна. Мэтгэлцэгч энэхүү дүрмийн 6.3-т заасан 11 үндэслэлийн аль нэгэнд хамаарах дүрмийн үе авч буйгаа, мөн үндэслэлээ танилцуулна. Шүүгч шаардлагатай  гэж үзвэл дүрмийн үеийн үндэслэлийг сонссоны дараа илтгэж буй мэтгэлцэгчээс тайлбар авч болно.
6.2. Талуудын байр суурийг сонссоны дараа нэг шүүгч байвал дангаар бүрэлдэхүүнтэй шүүгчид байвал олонхийн саналаар дүрмийн үеийг шийдвэрлэнэ.
6.3. Дүрмийн үеийг дараах үндэслэлээр авна. Үүнд:
6.3.1. Илтгэлийн цаг хэтэрсэн /Илтгэгч өөрт оногдсон илтгэлийн хугацаанаас 15 секундээр хэтрүүлбэл/
6.3.2. Тодруулгын үед асуултаа сунжруулсан /Тодруулгын асуулт асууж буй баг асуултаа 15 секундээс хэтрүүлсэн бол/
6.3.3. Тодруулгын үеийг буруу цагт авсан /Мэтгэлцэгч эхний 4 илтгэлийн эхний болоод төгсгөлийн 1 минутын үед, сүүлийн 2 илтгэлийн аль ч үед тодруулга авч болохгүй бөгөөд тодруулга авахыг оролдвол/
6.3.4. Дүгнэлтийн 2 илтгэлийн үед илтгэгч мэтгэлцээнийг илт өөрчилсөн шинэ аргумент эсхүл түүнтэй дүйцэхүйц санаа дэвшүүлсэн /Сөрөг хүчний гишүүний гаргасан шинэ аргумент санааг няцаах зорилгоор Засгийн газрын ерөнхий сайдын дүгнэлтийн илтгэлд гарсан шинэ санааг уг дүрмийн үед тооцохгүй./
6.3.5. Дүгнэлтийн илтгэлийн үед кейсийг илт өөрчлөх /Байр сууринаасаа ухрах, байр сууриа илт өөрчилсөн мэдэгдэл, үндэслэл гаргах/
6.3.6. Дархлагдсан аргументыг няцаах
6.3.7. Туризм буюу мэдээжийн үнэний дурьдалт ашиглах
6.3.8. Давталт буюу тавталоги ашиглах
6.3.9. Субьектын дайралт хийх /Эсрэг багийн мэтгэлцэгчийг дайрч доромжилсон, хувь хүний үүднээс гоочилсон зэрэг тохиолдолд/
6.3.10. Эсрэг багийн мэтгэлцэгчийн илтгэлийн утгыг илт мушгин гуйвуулах /хэлээгүй зүйлийг хэлсэн болгох зэргээр гүтгэх/
6.3.11. Хүрээллийг давчуу тогтоосон тохиолдолд /Хэдийгээр засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд хүрээлэл тогтоох хэдий ч тус хүрээлэлд сөрөг хүчинд эсрэг нотолгоо гаргах боломжтой байх ёстой. Хэрэв засгийн газрын тогтоосон хүрээлэл нь туйлын тодорхой эсхүл эсрэг нотолгоо гаргах боломжгүй бол/
6.4. Дүрмийн үеийг аль нэг багаас санал болгож, шүүгч үндэслэлийг сонсон үндэслэлтэй гэж үзвэл уг дүрмийн 6.3.11-с бусад үндэслэлээр дүрмээ зөрчсөн багт хасах 1 оноо өгнө. Уг оноог шүүгч тус бүр өөрийн шүүгчийн онооноос хасч тооцно.
6.5. Талууд дүрмийн алдаа гаргасан ч гэсэн эсрэг баг уг алдааг олж дүрмийн үе санал болгоогүй бол шүүгч дүрмийн алдаа гаргаагүйд тооцох ба оноо хасахгүй.
6.6. Эсрэг багийн илтгэлийг санаатайгаар үймүүлэх зорилгоор үндэслэлгүйгээр олон дахин дүрмийн үе авах нь шүүгч тухайн багийн зохион байгуулалтын онооноос хасах үндэслэл болно.
6.7. Сөрөг хүчин нь Засгийн газрын хүрээллийг хүлээн зөвшөөрсөн бол тухайн хүрээнд мэтгэлцэх бөгөөд хүрээллээс гадуур мэтгэлцээн өрнүүлэх нь талуудын шүүлтийн онооноос хасах үндэслэл болно.
 
ДОЛОО. ТОДРУУЛГЫН ҮЕ
7.1. Тодруулгын үе гэдэгт энэхүү дүрмийн 2.1.11-т заасныг ойлгох бөгөөд тодруулгын үеийг эсрэг багийн илтгэл танилцуулж буй илтгэгчээс нөгөө баг нь авна. Тодруулгын үе өгөх эсэхээ илтгэж буй илтгэгч шийднэ. Тодруулгын үеийн бүхий л цаг нь илтгэгчийн илтгэлийн үндсэн хугацаанаас хасагдана.
7.2. Тодруулгын үед тодруулан асуух хугацаа нь 15 секунд байх бөгөөд илтгэгчийн хариулах хугацаа нь тухайн илтгэгчээс хамаарна
 
НАЙМ. ШҮҮГЧ ШИЙДВЭР ГАРГАХ
8.1. Тэмцээний шүүх бүрэлдэхүүн уг дүрмийн хавсралт 1-т заасан шүүгчийн хуудсыг бөглөж шүүлтээ хийнэ.
8.2. Уг хуудсанд заагдсанаас өөр үзүүлэлт, үндэслэлээр мэтгэлцээний ялалт ялагдлыг шийдвэрлэхгүй.
8.3. Шүүгч шийдвэрээ танхимд танилцуулах бөгөөд шийдвэр гаргасан үндэслэлээ талуудад талуудыг байлцуулан нэг удаа тайлбарлана. Шүүгч шийдвэрээ гаргах, танилцуулах нийт хугацаа нь зургаан минутаас хэтрэхгүй.
8.4. Оноогоор илүү байсан багт хожлыг өгөх ба 2 багийн аль нэгт ялалтыг заавал өгнө. 2 багийг зэрэг ялагдуулж болохгүй.
 МОНГОЛЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ НЭГДСЭН ТАНХИМ