L O A D I N G
logo
С.Гантулга: Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нуугдмал шинжтэй байгаа нь гэмт хэрэг давтан үйлдэгдэх шалтгаан болж байна

С.Гантулга: Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нуугдмал шинжтэй байгаа нь гэмт хэрэг давтан үйлдэгдэх шалтгаан болж байна

  • Apr 07, 2020
Нээлттэй нийгэм форумын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн профессор, багш нар бага насны хүүхдийг хүчиндэх, алах гэмт хэргийн судалгааг Монголд анх удаа хийжээ. Энэхүү судалгааны ноцтой баримт, үндэслэл шалтгааны талаар Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа С.Гантулгатай ярилцлаа.
 -Өнгөрсөн жил танай их сургуулиас хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн ажлын талаар танилцуулаач?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэддээ уриалж, Засгийн газарт 9 чиглэл хүргүүлсэн.
Энэ ажлын хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн профессор багш нар Нээлттэй нийгэм форумтай хамтран “Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж буй байдалд хийсэн дүн шинжилгээ” бодлогын судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Мөн тус сургууль, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран “Хүүхэд буруугүй” мэдлэг сорих тэмцээнийг хууль зүйн их, дээд сургуулиудын оюутан, суралцагчдын дунд амжилттай зохион байгуулсан.
-Яагаад бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргийн талаар сонгож судалсан юм.  Бага насны хүүхэд гэж хэдэн настай хүүхдийг хэлэх вэ?
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд “Бага насны хүүхэд” гэдгийг арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгохоор хуульчилсан.
Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны тоон мэдээллээс үзэхэд гэмт хэргийн улмаас 111 хүүхэд нас барсан тоо мэдээ байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллага болох “Хүүхдийг ивээх сан”-гаас жил бүр эрхлэн гаргадаг “Хүүхдийн эрх чөлөөний төлөв байдал” судалгаагаар 2018 онд Монгол Улс 100,000 хүн амд 1.4 хүүхдийн амь нас хохирсон үзүүлэлтээр 176 орноос 76-д орсон байна. Уг судалгаагаар гэмт хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирч буй нөхцөл байдалд үндэслэн тухайн улс дахь хүүхдийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлдог.
Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийг 2002, 2015 онд шинэчлэн найруулж, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хуульд хүүхдийн эрх ашгийг хамгаалах, ялангуяа бага насны хүүхдийг алах болон хүчиндэх үйлдлийг хүнд, онц хүнд гэмт хэрэгт тооцож, оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоож ирсэн. УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтран зохион байгуулсан “Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголд оролцогчид 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, ялангуяа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлого сул, ижил төрлийн гэмт хэрэгт ялыг ялгамжтай оногдуулж байгаа талаар албаны хүмүүс шүүмжилж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг сануулсан.
Иймд бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээнд дүн шинжилгээ хийх, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлж эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах шаардлагатай байсан тул энэхүү судалгааг хийсэн.
-Сүүлийн үед хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халдсан хэргүүд гарч буй энэ үед цагаа олсон судалгааны ажил болжээ?
-Энэхүү судалгаа нь цаг үеэ олсон болох нь ойрын өдрүүдэд үйлдэгдэж буй бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллээс харагдаж байна. Тухайлбал, Хэнтий аймагт хойд эцэгтээ 2 настай хүү зодуулсны улмаас нас барсан. Бага насны 2 хүүхдээ гэртээ цоожилж явснаас хүүхэд хөлдөж, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хүн ам, орон сууцны тооллогоор явж байсан судлаачид гэртээ 2 хоног хоолгүй цоожлоотой байсан 2-7 насны 3 хүүхдийг олж, тусламж үзүүлсэн зэргийг дурдаж болохоор байна.
-Урьд нь төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдаас энэ сэдвээр хийсэн судалгаа байдаг уу?
-Хүүхдийн эсрэг бие махбодын болон бэлгийн хүчирхийллийн талаар хэд хэдэн судалгааны ажил хийгдсэн. Эдгээр судалгаанууд нь зөвхөн 18 насанд хүрээгүй хүн буюу хүүхдийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, энэ төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудлыг судалж дүгнэлт, санал боловсруулсан байдаг.
Бидний судалгааны ажил нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн хамгийн ноцтой хэлбэр болох бага насны хүүхдийг санаатай алах тохиолдлыг анх удаа хүчиндэх гэмт хэрэгтэй хамтатган судалснаараа онцлог бөгөөд эдгээр төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, оногдуулсан ялын бодлого, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэхэд дүн шинжилгээ хийснээрээ онцлогтой.
Ер нь 14 насанд хүрээгүй хүүхдийг алах болон хүчиндэх үйлдэл хийж байгаа нь тухай этгээдийн ёс суртахууны доройтол, нийгмийн хөгжлийн түвшинг илтгэх үзүүлэлт гэж үзэж болно. Өндөр хөгжилтэй улс орнуудад 14 насанд хүрээгүй хүүхдийг алах гэмт хэрэг төдийлөн бүртгэгдэггүй бол харин манай улсад тогтмол бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна.
-Та энэ төрлийн гэмт хэрэг манай улсад тогтмол бүртгэгдэж байгаа тодорхой тоо баримт байна уу?
-2015 онд 7 гэмт хэрэгт 9 хүүхэд, 2016 онд 2 гэмт хэрэгт 2 хүүхэд, 2017 онд 8 гэмт хэрэгт 9 хүүхэд, 2018 онд 3 гэмт хэрэгт 3 хүүхэд, 2019 оны эхний 4 сарын байдлаар 1 гэмт хэрэгт 1 хүүхэд тус тус хохирсон байна. Үүнээс 2015 онд 7, 2016 онд 1, 2017 онд 8, 2018 онд 3 бага насны хүүхэд хохирч, нас барсан.
-Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг манай улс шиг цөөн хүн амтай улсад их бүртгэгдэж, олон хүүхэд амь насаа алдаж байгаа нь харамсалтай. Харин хүчиндэх гэмт хэргийн тухайд тоо баримт ямар байна бэ?
 -Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг бага насны хүүхдийг алах гэмт хэргээс харьцангүй ихээр бүртгэгдэж байна. Тухайлбал, 2015 онд 134 гэмт хэрэгт 139, 2016 онд 140 гэмт хэрэгт 143, 2017 онд 183 гэмт хэрэгт 187, 2018 онд 235 гэмт хэрэгт 238, 2019 оны эхний 4 сарын байдлаар 110 гэмт хэрэгт 112 хүүхэд тус тус хохирчээ. Үүнээс 2015 онд 54, 2016 онд 63, 2017 онд 79, 2018 онд 111 бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй хүүхэд хохирсон байна.
Энэ бол маш өндөр тоо. Та бүхэн бие бялдарын хөгжил сул, өөрийгөө хамгаалах чадваргүй сургуулийн өмнөх насны болон бага, дунд ангийн сурагчдыг мэднэ. Гэтэл эдгээр жаахан үрс маань олноороо хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байгаад сэтгэл эмзэглэж байна.
-Улсын хэмжээний статистик мэдээнээс үзэхэд, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн гаралт огцом нэмэгдсэн байна. Үүнийг иргэд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого сул байгаатай холбоотой гэж шүүмжилж байна?
-Судалгааны хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийг 2002 оны Эрүүгийн хуультай харьцуулан судалж үзэхэд, 2015 оны Эрүүгийн хуульд хугацаатай хорих ялын хэмжээ багассантай холбоотойгоор бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдолд оногдуулах хорих ялын доод хэмжээ 3 жилээр, дээд хэмжээ 5 жилээр тус тус багасгаж, цаазаар авах ялыг халж, харин үүний оронд бүх насаар хорих ялыг хуульчилсан байна. Эндээс үзэхэд, ялын бодлого суларсан гэж дүгнэж болно. Гэхдээ ялын бодлого суларсан нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөхөд шууд нөлөөлсөн гэж үзэхэд, учир дутагдалтай.
 -Яагаад ялын бодлого суларсан нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт нөлөөлөхгүй гэж үзэж байгаа вэ?
-Улсын хэмжээний тоо баримтаас үзэхэд, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого суларсан, энэ төрлийн гэмт хэргийн гаралт өссөн байгаагаас үзэхэд, эдгээр нь хамааралтай мэт ойлгогдохоор байна. Гэвч хууль тогтоогч ямар үйлдлийг хүчиндэх гэмт хэрэг гэж үзэхээс тоо баримт ихээхэн шалтгаалдаг.
2015 оны Эрүүгийн хуульд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг өргөн хүрээнд хамгаалж, олон улсын жишгийг харгалзан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол хүчиндэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өмнөх Эрүүгийн хуульд зөвхөн хүчээр хурьцал үйлдсэн бол хүчиндэх гэмт хэрэг гэж үздэг байсан.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт тооцсоноор хүчиндэх гэмт хэргийн улсын хэмжээний тоо баримт огцом өссөн.
 -Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэдэгт юуг ойлгох бэ? Өмнө нь ийм үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагүй юм уу?
-Эрүүгийн хуульд бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгохоор хуульчилсан. Тухайлбал, эмэгтэй хүний бэлэг эрхтэнд хуруу, бусад зүйлийг хийсэн, ам, шулуун гэдсэнд бэлэг эрхтнээ оруулсан зэрэг хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд бүдүүлгээр халддаг үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулиар бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргээр зүйлчилж, хөнгөн ял оногдуулдаг байсан бол шинэ Эрүүгийн хуулиар хүчиндэх гэмт хэрэгт тооцсон. 
Шүүхээс таслан шийдвэрлэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн дийлэнх хувийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл эзэлж байгаа нь дээрх дүгнэлтийг баталж байна.
 -2015 оны Эрүүгийн хуулийн ялын бодлогын өөрчлөлт хүчиндэх гэмт хэргийн тухайд шүүхийн практикт хэрхэн хэрэгжиж байна бэ?
-Бид энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлогод дүн шинжилгээ хийх зорилгоор бага насны хүүхдийг алсан 40, бага насны хүүхдийг хүчиндсэн 68, нийт 108 шүүхийн шийтгэх тогтоолыг түүвэрлэн судалсан.
Шүүхээс таслан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогыг өмнөх Эрүүгийн хуультай харьцуулан үзвэл, нэг удаагийн үйлдлээр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 4.7 жилээр суларсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 1.5 жилээр чангарсан, удаа дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 3.7 жилээр суларч, бүх насаар хорих ял оногдуулаагүй, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 6.3 жилээр, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулсан хорих ялын бодлого 4.4 жилээр тус тус чангарсан байна. Нийт оногдуулсан ялын бодлогыг авч үзвэл, хорих ялын бодлого 0.7 жилээр чангарсан, цаазаар авах ялын оронд хэрэглэхээр хуульчилсан бүх насаар хорих ялыг хэрэглээгүй байна. 
 -Тэгвэл бага насны хүүхдийг алах гэмт хэрэгт шүүхээс хэрхэн ял оногдуулж байна бэ? Ялын бодлогод өөрчлөлт орсон уу?
Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдэж, 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн хэрэгт дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих эсхүл цаазаар авах ял оногдуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байгаа нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого 7.9 жилээр зөөлөрсөн байна.
Энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлж, Эрүүгийн хуульд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг”, Зөрчлийн тухай хуульд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчих” зөрчлийг бие даасан байдлаар хуульчилж, гэр бүлийн хүрээнд удаан хугацаанд үргэлжилдэг хүчирхийлэлтэй тэмцсэний үр дүнд  2015 оноос хойш үйлдэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн бага насны хүүхдийг алах гэмт хэргүүдийн дотор удаан хугацаанд үргэлжилсэн хүчирхийлэл, онц харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн гэмт хэрэг цөөн байна.
-Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд цаазаар авах ял оногдуулахыг олон нийтийг дэмжих хандлагатай байна. Энэ талаар судлаачийн байр суурь?
Цаазаар авах ялыг халсан нь Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нэгдэн орсонтой холбоотой.
Нөгөө талаар бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулах нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэдгийг олон улсын хэмжээнд баталсан суурь судалгааны ажил хараахан байхгүй байна.
Монгол Улсад бүртгэгдсэн хүнийг алах гэмт хэргээс үзэхэд, цаазаар авах ялыг халснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг буурсан, бага насны хүүхэд хохирсон гэмт хэргийн тоон үзүүлэлт буурах хандлагатай, хэлбэлзэж байгаа нь шууд хамааралтай гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Харин хүчиндэх гэмт хэргийн тухайд гаралт огцом өсөж байгаа нь хүчиндэх гэмт хэрэгт ямар үйлдлийг тооцож байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалттай холбоотой талаар дээр дурдсан.
 Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх бэ?
Судалгаанаас үзэхэд, бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөл нь нэгдүгээрт гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн таагүй орчин, хоёрдугаарт эцэг эхийн хараа хяналт сул байдал, гуравдугаарт хүүхэд хамгааллын тогтолцоо бүрэн бүрдэж, үйл ажиллагаа нь жигдрээгүй, дөрөвдүгээрт ахуйн хүрээний архидалт, тавдугаар нийтийн сүлжээний хяналтгүй байдал, зургаадугаарт гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /боловсролын түвшин, эрхэлсэн ажилгүй, хувь хүний төлөвшил, ёс суртахуун/, долоодугаарт хохирогчийн гэнэн итгэмтгий зан зэрэг байна.
 -Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэхэд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн таагүй орчин нөлөөлж байна гэж судалгааны үр дүнгийн та хэллээ. Энэ талаар тодруулаач?
-Эдгээр төрлийн гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд ялангуяа хохирогч өөрийн амьдардаг гэртээ болон төрөл садангийн хүний гэрт халдлагад өртөж байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдахгүй байгааг илтгэж байна. Тухайлбал, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 38.2 хувь, хүүхдийг алах гэмт хэргийн 40 хувь нь хүүхэд өөрийн амьдардаг гэртээ халдлагад өртсөн бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 30.9 хувь, бага насны хүүхдийг алах гэмт хэргийн 27.5 хувь нь хамаатан садан, эцэг, эхийн найзын гэрт халдлагад өртжээ.
Гэр бүл салалт, гэр бүлийн тогтворгүй байдал, хүүхдэд тавих хараа хяналт сул байдал, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа зэрэг нь бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болж байна. Судалгаанаас үзэхэд, өөрийн төрсөн хүүхдээ хүчиндсэн тохиолдол 2.9 хувь, төрсөн хүүхдээ алсан тохиолдол 42.2 хувийг тус тус эзэлж байна. Харин дагавар хүүхдээ хүчиндсэн тохиолдол 19.1 хувь, төрөл, садангийн хүний хүүхдийг хүчиндсэн тохиолдол 17.6 хувийг эзэлж байгаа бол дагавар хүүхдээ алсан тохиолдол 15 хувь, төрөл, садангийн хүний хүүхдийг алсан тохиолдол 12.5 хувийг тус тус эзэлж байна. Тухайлбал, гэр бүл салж, хоёр дахь амьдрал зохиосонтой холбоотойгоор дагавар хүүхдээ үзэн ядаж удаан хугацаанд зоддог байснаас хүүхдийг алсан тохиолдол 25 хувь, өөрийн төрсөн хүүхэд биш гэсэн шалтгаанаар бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдолд 40.2 хувийг эзэлж байна. Эцэг эх нь салсан, эцэг эхийн аль нэг нь өөр хүнтэй гэр бүл болсон гэсэн шалтгаанаар эмээ, өвөөгийн гэрт байхдаа бусад хүмүүст хүчиндүүлсэн тохиолдол 27.9 хувийг тус тус эзэлж байна.
Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нуугдмал шинжтэй байгаа нь гэмт хэрэг давтан үйлдэгдэх, удаан хугацаанд үргэлжлэх шалтгаан, нөхцөл болж байна. Судалгаанаас үзэхэд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн, эсхүл төрөл, садангийн хүний халдлагад өртсөн бага насны хохирогч тэр даруй бусдад мэдэгдсэн тохиолдол 16 буюу 23,5 хувьтай байгаа анхаарал татаж байна. Хохирогч жирэмсэн болсон, эсхүл бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, үйлдэл дээрээ баригдсанаас бусад тохиолдолд хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байна. Удаан хугацаанд нуун далдалсан шалтгаан нь 40.4 дарамтад өртсөн, 20.3 хувь хууртагдсан, 17 хувь гэр бүлийн гишүүдээсээ санаа зовсон /ээж, дүү/, 19.1 хувь бэлгийн харьцааны учир холбогдлыг ойлгоогүй зэрэг байна. Харин үл таних хүнд хүчиндүүлсэн тохиолдолд хохирогч  ойролцоо байгаа хүн болон өөрийн эцэг, эх ойр дотнын хүндээ шууд мэдэгддэг болох нь судалгаанаас харагдаж байна.
 -Энэ гэмт хэргийг хэн үйлдэж байна бэ? Бусад гэмт хэргээс ялгагдах онцлогийн талаар?
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 98 орчим хувийг эрэгтэй, бага насны хүүхдийг алах гэмт хэргийн 55 хувийг эрэгтэй, 45 хувийг эмэгтэй хүн үйлдсэн байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүний 50.0 хувь, бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдсэн хүний 62.5  хувийг 19-30 насны хүн эзэлж байгаа бол 51-74 насны хүмүүс бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдол 12 орчим хувь байна. Харин бага насны хүүхдийг 51-ээс дээш насныхан алсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Судалгаанаас үзэхэд, бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүний 90 орчим  хувь нь бүрэн дундаас доош, 53 хувь нь бүрэн бус дундаас доош боловсролтой, 85 орчим хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 70 орчим хувь нь орон нутагт төрж, өссөн, 16 орчим хувь нь урьд нь ял шийтгэгдэж байсан хүн байна.
 -Энэ төрлийн гэмт хэрэгт хэн хохирч байна бэ?
-Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 90 орчим хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг, сэтгэц, бие махбодын хувьд эрүүл, хүчиндэх  гэмт хэргийн хувьд 13-14 насны хүүхэд халдлагад өртсөн тохиолдол 75 орчим хувь, хүүхдийг алах гэмт хэргийн хувьд 8-10 насны хүүхэд хохирсон тохиолдол 85 хувь, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын хамгийн бага нь 1 настай хүүхэд байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 95 орчим хувь эмэгтэй хүүхэд байхад хүүхдийг алах гэмт хэргийн хувьд 65 орчим хувь мөн эмэгтэй хүүхэд байгаа нь анхаарал татаж байна.
 -Энэ төрлийн гэмт хэрэгт иргэд хүүхэд, багачуудаа өртүүлэхгүйн тулд бид юуг анхаарах шаардлагатай бэ?
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага нягт хамтран ажиллаж, иргэдийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан олон талт арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай. Тухайлбал,
-Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөлт, эцэг, эхийн хариуцлага, үлгэр дуурайлал, түүний эерэг, сөрөг үр дагаврын талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах;
-Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Батлан хамгаалах яам хамтран гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүл салалтаас үүсэх үр дагаврын талаар сургалтын хөтөлбөр боловсруулж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, хугацаат цэргийн алба хаагч нарт сургалт явуулах ажлыг тогтмолжуулах;
-Хүүхдийн эрхийн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн үйл ажиллагааг хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг илрүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулахад чиглүүлэх, ажлын үр дүнг тооцож, ажиллах;
-Садар самуун явдал, биеэ үнэлэх, хардалт, эцэг эхээ үл тоомсорлох зэрэг хүүхдийн сэтгэхүй, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх агуулга бүхий насанд хүрэгчдэд зориулсан телевизийн нэвтрүүлэг, кино, ярилцлага, цэнгээт үзүүлбэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараахгүй байхад анхаарах, бага насны хүүхэд интернет орчинд чөлөөтэй нэвтрэх нь зохистой эсэх, хязгаарлалт тогтоох боломж нөхцөлийн талаар судлах;
-Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд эрх бүхий байгууллага, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, гэр бүлийн гишүүдэд цаг алдалгүй хандах талаар хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон аргаар мэдээлэл хүргэх зэргийг хэлж болохоор байна.
 -Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дээд боловсролын сургалтын байгууллага, ялангуяа танай их сургууль ямар оролцоотой байдаг бэ?
 -Манай сургууль эрдэм шинжилгээ, сургалт, соён гэгээрүүлэх ажил хийдэг төрийн өмчит ууган сургуулиудын нэг. Манай сургуулийн эрдэмтэн судлаачид энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээс гадна сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол явуулж байгаа нь бидний оролцоо гэж хэлж болно.
Мөн манай сургуулийн профессор багш нар төрөөс гэмт явдалтай тэмцэх бодлогын баримт бичиг боловсруулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах УИХ, Засгийн газраас байгуулсан ажлын хэсэгт тогтмол ажиллаж, бодлого боловсруулахад гар бие оролцож ирсэн. Тухайлбал, зөвхөн 2019 онд манай профессорууд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, УИХ-аар батлуулсан.
 -Иргэдийн сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж байгаа тулгамдсан асуудлыг судалж, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хийсэн судалгааны үр дүнгийн талаар цаашид ямар ажил хийх вэ?
-Судалгааны тайлан хэвлэлтээс гарсан. Судалгааны үр дүнгээр үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг судалгааны тайланд тусгаж, улмаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллага, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд хүргүүлнэ.
 Ярилцлага өгсөн таньд баярлалаа.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА