L O A D I N G
logo
В.Жавхланцогт: Хэт туйлширсан үндсэрхэг үзэл “Үндэсний эх оронч үзэл” санаанаас ялгаатай

В.Жавхланцогт: Хэт туйлширсан үндсэрхэг үзэл “Үндэсний эх оронч үзэл” санаанаас ялгаатай

  • Apr 20, 2020
ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа В.Жавхланцогтын “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.
 
-Анх мөрдэс зүүж, цэргийн байгууллагатай холбогдож байсан үеэ дурсвал?
-Би Завхан нутгаас гаралтай. Дунд сургуу­лиасаа л цэргийн хүн болохыг мөрөөдөж ням гариг бүр зурагтаар гардаг байсан “Эх орны төлөө” нэвтрүүлгийг алгасахгүй үздэг байлаа. Мөн аав маань цэргийн хүн байсан нь ч энэ салбар руу ороход нөлөөлсөн. Ажлын гараагаа хуучнаар Хилийн цэргийн дээд сургуулиас эхэлсэн. Сургуульдаа салаа, ротын дарга, дамжааны захирагч-багш, Хилийн албаны тэнхимийн багш, эрхлэгч, сургалтын албаны дарга, захирал гээд шат дараалан албан тушаал дээр ажиллаж ирсэн. Одоо ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирлаар ажиллаж, “Эрх зүй” бакалаврын мэргэжлийн сургалтын технологи, арга зүйн болон улсын хилийн аюулгүй байдлын чиглэлээр голчлон судалгааны  ажил хийж байна.
-Судалгааны ажлын­хаа талаар тодотгож сонирхуулбал?
-Аюулгүй байдлын чиглэлийн судалгаа их сонирхолтой. Ялангуяа, Монгол Улсын хилийн аюулгүй байдал их өвөрмөц. Монгол үндэстэн төрт ёсны улстай болж хүн төрөлхтний түүхэнд тэмдэглээд 4-5 мянган жил болж байна. Зарим судлаач 8-12 мянга, түүнээс ч их гэдэг. Өнөөдрийг хүртэл энэ олон мянган жилийн хугацаанд монголчуудын бусдаас ялгарах хэдэн хүчин зүйл бий. Хэл, түүх соёл, газар нутаг, зан заншил, соёл урлаг, ахуй гэх мэт Монгол гэж бусад үндэстнээс ялгаж байгаа эдгээр хүчин зүйлийг бид “Үндэсний үнэт зүйлс” гэж ойлгож, тодорхойлох хэрэгтэй. Энэ л үндэсний оршин тогтнохын үндэс болно.
Аюулгүй байдал гэдэг ойлголтод хамгийн чухал байр суурийг “Улс, үндэстний аюулгүй байдал” эзэлдэг. Газар нутаг, төр, засаг, ард түмэн гэсэн гурван багана мэт тулгуураас бүрдэж байгаа нь харагддаг. Газар нутаг, бүрэн эрхтэй төр, засаг, ард түмэн байгаа цагт тусгаар тогтнодог. Энэ талаар олон улсын гэрээ, хэлэлцээрүүд бий.
Улсын хилийн аюулгүй байдал бол “Газар нутаг”-ийн аюулгүй байдлын бий болгож байгаа нэг том тулгуур. Ямар ч улсын төр, засаг өөрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаараа дамжуулан газар нутаг, ард түмнээ хамгаалж байдаг. Өнөөдөр нийтэд “Хүчний” гэж нэрлэгдэж байгаа байгууллагууд тусдаа биеэ дааж үйл ажиллагаа явуулж байгаа мэт харагдавч эцсийн үр дүн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэдэг. Монгол Улс олон улсын гэрээгээр тогтоогдож, НҮБ-д бүртгэгдсэн 8252 км хилтэй. Хоёр хөрштэйгөө нэг метрийн маргаангүй. Ийм хилтэй улс орон дэлхийд цөөн. Ялангуяа, Зүүн хойд Азийн бүс нутагт хилийн маргаангүй цор ганц улс бол Монгол Улс гэж хэлж болно. Тиймээс ч өнөөдрийн бүрэн бүтэн улсын хил бол монголчуудын үнэт зүйл мөн.
Манай улсын хилийн аюулгүй байдал өөрийн үндэсний түүхтэй холбогдоод маш өвөрмөц. Энэ нь өнөөдрийн Монгол Улсын хилийн гадна монгол үндэстнүүд амьдарч байдаг буюу монголчуудын дунд Монгол Улс оршиж байна гэж ойлгож болно. Тиймээс ч манай улсын хилийн гадна байгаа монгол үндэстэн ард түмэн Монгол Улсад хүндэтгэлтэй хандаж байгаа цагт бидэнд ирэх эрсдэл, аюул заналд том хаалт болж байгааг анхаарах ёстой. Газар нутаг улсын үндэс гэж эртний Хүннү гүрний үеэс өнөөг хүртэл огт өөрчлөгдөөгүй чухал үзэл санаа байна. Одоо ч дэлхий нийтэд газар нутгийн маргаан тасрахгүйгээр барахгүй зөрчил, тэмцлийн шалтгаан болсоор байна. Дэлхий дээрх 7000 гаруй үндэстэн, ард түмэн байгаагаас тун цөөхөн нь НҮБ-д 193 орон бүртгэлтэй тусгаар тогтносон. Тэдний нэг манай тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс.
-Тэгвэл та бүхний судалгаагаар ирээдүйд Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол ямар байх бол?
-Ирээдүйд бүрэн эрхт байдлаа хадгалъя гэвэл өнгөрснөөс өнөөдөрт яаж ирсэн болоод өнөөдрийн нөхцөл байдлаар ирээдүй тодорхойлогдоно. Үүнийг л аюулгүй байдал судалж байдаг. Олон улсын эрдэмтдийн судалгаагаар ч Монгол Улс хамгийн удаан оршин тогтнох үндэстнүүдийн тоонд ордог. Бид ч омог бардам хэлдэг.  Гэхдээ ирээдүй хэрхэх нь залуу үеэс шууд шалтгаална. Монголчууд ирээдүйд аюулгүй байдал болон бусад бүх асуудлыг ямар байхыг хүсч байна түүндээ залуу үеэ бэлтгэж сургах шаардлагатай. Ямар ч улс үндэстний анхаарлаа сулруулж болохгүй хэсэг бол залуу үе. Тэд ямар бодол, сэтгэхүйтэй байгаагаар ирээдүй тодорхойлогдоно. Манай улсын хувьд залуу үеийн хүмүүжил төлөвшил нэг хэсэг орхигдсон ч эргээд сэргэж байна. Монгол Улсын төр, засгаас онцгой анхаарах чиглэл бол хүүхэд, залуучууд юм. Эцэг эхээс үр хүүхдэд өвлөгддөг ухаан бол монгол үндэсний онцлогийг харуулсан үнэт зүйл. Тиймээс үнэт зүйлийг хамгаалсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай байх ёстой. Энэ үзэл баримтлалыг зөвхөн мэргэжлийн хүмүүс гэлтгүй найман наснаас 80 настай буурлууд гээд монгол хүн бүр нэг ойлголтоор хардаг байх нь өнөөдөр хамгийн чухал байна.
-Залуучууд түүхээ мэддэг, эх оронч үзэл, үйлдэлтэй байгаа эсэх үнэндээ эргэлзээтэй. Энэ эрин цаг үед эх оронч үзлийг хэрхэн төлөвшүүлэх вэ?
-Залуу үе хаана байгааг л харах хэрэгтэй. Монголчууд үндэсний эх оронч үзэл санааны суурьтай ард түмэн. Чингис хаан, Эзэнт гүрэн, байлдан дагуулалт, үндэсний өвөрмөц ахуй гээд монгол хүний омогшил бахархлыг бий болгох сайн бүрдсэн хөрстэй. Үүн дээр зөв загвараар ажиллавал иргэд хурдтай хүлээн авч өндөр үр дүн гарна. Энэ асуудал улс төр, боловсролын тогтолцооны ч юм уу олон эрх ашгийн уулзвар дээр яригддаг учраас их эмзэг байдаг. Энэ жилээс ЕБС-д “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийг судлах болсон нь их зөв алхам юм. Үүнийг багаас нь их ач холбогдол өгч хүүхэд багачуудыг сургаж төлөвшүүлэх хэрэгтэй, гол суурь нь болж өгнө.
Залуу үеийг зөв чиглүүлэхэд багш, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллага гээд нийгмийн цогц харилцан хамаарал бүхий тогтолцоо хамгийн чухал. Түүнээс аль аль нь харсан зүгтээ давхиад хөгжихгүй. Эхлээд үндэсний эх оронч үзэл гэж юу вэ гэдгээ бодох ёстой. Юм болгон эх оронч үзэл бас биш. Үндэсний эх оронч үзэл санааг зөв ойлгуулахгүй бол Монголоос бусад нь юу ч биш мэтээр санах туйлшрал бий болох аюултай. Аль ч үндэстэн эрх ашиг, төрийн хүчээрээ түрэмгийлсэн хэл, соёл, ахуйг үгүйсгэж чадахгүй. Тиймээс залуу үе зөв бодол, мэдлэг чадвар, хандлагатай байвал урт хугацаанд оршин тогтнож, аюулгүй хөгжинө. 
-Тэгвэл Дотоод хэргийн их сургууль залуу үед эх оронч үзэл, зөв хандлагыг хангалттай төлөвшүүлж чадаж байна уу?
-Дотоод хэргийн их сургуулийн бэлтгэн гаргаж буй мэргэжилтэн, төгсөгчид бусдын аюулгүй байдал, эрх ашиг, амь насыг хамгаалах чиглэлээр ажиллаж байдаг онцлогтой.  Тиймээс манай сургууль сонсогчдоо хувийн эрх ашгийн төлөө гэх бодол хүслийг үгүй болгож бусдын төлөө эрсдэл үүрэх сэтгэлгээ, өргөсөн тангарагтаа үнэнч эрмэлзэл бий болгож байж төгсгөдөг. Дайсан, гал усны аюул, гэмт хэрэгтэй хэн нэгэн тэмцэх ёстой. Тэр хүн нь чи юм гэдгийг бүрэн ойлгуулдаг. Манай сургуулийн төгсөгчид 86 жилийн түүхэн хугацаанд энэ үүргээ бүрэн, нэр төртэй гүйцэтгэж ирсэн.
Сургалтын арга зүй байнгын хувьсдаг зүй тогтолтой нэг хэв загвартай явна гэж байхгүй. Хүн бүр өөрийн өгөгдөл, бодомжоор бүхнийг хүлээж авдаг учраас үр дүн олон янз. Сүүлийн үед их сургуульд орж ирж байгаа хүүхдүүдийг харахад жил ирэх тусам мэдлэг, чадварын түвшин унаж, харин “Би чадна” гэсэн хандлага маш өндөр болж байна. Гэхдээ манай сургуулийг сонсогчид  1-2 жил суралцаад чаддаг юмаа л чадна гэж хэлэх хэрэгтэйг ойлгодог болсон байдаг.
-Эх оронч үзэл, үндсэрхэг үзэл хоёроо ялгахгүй байх шиг. Монгол гэж цээжээ дэлдэж байгаа бүхэн эх оронч уу?
-Хүний хувийн ашиг сонирхол давамгайлаад ирэхээр үндсэрхэг үзэл, хууль бус үйлдэл рүүгээ ороод байна уу гэж бодогддог. Эх оронч үзэл, үйлдлийг хүн бүр өөр дээрээ харах хэрэгтэй. Зарим хүн хэн нэгэнд багахан тусламж үзүүлсэн үйлдлээ ч юм уу эсвэл улс орон, байгаль орчин, хууль бус үйлдлийг таслан зогсоохоор тэмцэж байгаагаа бусдад харуулж, би эх оронч хүн байна шүү гээд олон түмэнд сурталчлах гэсэн хандлага ажиглагдах юм. Хэрэв бусдад харагдахыг хүсч байгаа бол хүмүүсийн үндэсний эх оронч сэтгэлгээний суурийг ашиглах эрх ашиг байна гэсэн үг. Түрүүн хэлсэн “Монголчууд бид үндэсний эх оронч үзэл санааны суурьтай ард түмэн” гэж.
Үндсэрхэг үзэл бол бид бусдаас давуу ч гэдэг юм уу надаас бусад нь, Монголоос бусад нь хэн ч биш гэсэн хэт туйлширсан хандлага юм.  Энд яригдаж байгаа хэт туйлширсан үндсэрхэг үзэл бол “Үндэсний эх оронч үзэл” санаанаас ялгаатай юм шүү. Үндэсний эх оронч хүн байя гэвэл зөв байх хэрэгтэй. Хүнтэй зөв харьцаж, бусдад тусалж, биеэ зөв авч явахаас л эхэлнэ.
-Монгол үндэстэн хэр удаан оршин тогтнох вэ гэдэг  залуу үеэс гадна судалгаа, бодит мэдээллийг авдаг тусгай албадтай холбоотой юм шиг санагддаг. Магадгүй аюул заналыг сэрэмжлүүлье гэхээр төрийн нууц болчихдог байх?
-Тусгай албадын ажил, Төрийн нууц бол хуулиар зохицуулагдсан тодорхой зүйл. Тэнд нийтэд хэлэх ёстой мэдээллийг нуух, хэн нэг хувь хүний эрх ашигт үйлчлэх ч юм уу гэх мэт бусармаг зүйл байхгүй. Албан тушаалтан гэмт хэрэг хийх, зөрчил дутагдал гаргавал хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхой. Харин ихэнх иргэн 100 жилийн дараа Монгол Улс орших уу гэхээс илүү өнөөдрийн 1000 төгрөг маргааш хэд болох вэ гэдэгт л анхаарч байна. Хэтдээ юу болох сонин биш зөвхөн өнөөдрөө боддог  байх нь өнөөдрийн хамгийн гол бодитой аюул.
Ямар ч үндэстэн тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө байдаг. Харин хүчирхэгжих тусам эрх ашгийн орон зай дотроо байгаа хүч буурай нэгжүүд рүү түрэмгийлдэг нь мөнхийн үзэгдэл. Хэчнээн сайхан харилцаатай байсан ч хүч буурай улс руу эрх ашгаа тулгах нь гарцаагүй. Аюул холд ч бий, ойрд ч бий. Энэ дэлхий өөрөө аюул заналын ертөнц. Хамгийн чухал нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах асуудлыг газар нутаг, төр, засаг, ард түмэн гэсэн гурван тулгуур агуулгаар нь тэнцвэртэй байлгахад чиглэх хэрэгтэй юм. Ер нь хүний тархинд нь л хувьсгал явагдаж байж улс үндэстний хөгжил эхэлнэ, аюулгүй оршин тогтнох нөхцөл бүрдэнэ.