L O A D I N G
logo
Ахмад Ж.Серикжан: Дотоод хэргийн их сургууль, Чангшин их сургуулийн хос диплом олгох хөтөлбөрийн анхны элсэгчид сургалтаа амжилттай дүүргэлээ

Ахмад Ж.Серикжан: Дотоод хэргийн их сургууль, Чангшин их сургуулийн хос диплом олгох хөтөлбөрийн анхны элсэгчид сургалтаа амжилттай дүүргэлээ

  • Jan 15, 2021
Дотоод хэргийн их сургууль нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Их сургуулийн 60 гаруй сонсогч,оюутан тус сургуульд суралцаж байна.
Чангшин их сургуульд зочин багшаар ажиллаж буй Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн ахлах багш, ахмад Ж.Серикжантай цахимаар ярилцсанаа хүргэе.
                                                          
- БНСУ-д цар тахал эрчтэй дэгдэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн. Та бүхэн хэрхэн сэргийлж байна вэ?
- Солонгос улсад цаг үеийн нөхцөл байдал хүндхэн байна.  Энэ сарын 06-ны байдлаар нийт 65.818 хүн “COVID 19” цар тахлын халдвар авч, 1.027 хүн нас барж, 46.995 хүн эдгэрсэн гэсэн мэдээлэл авсан.   
Бидний амьдарч буй Чангвон хотод өнөөдрийн байдлаар 360 хүн халдвар аваад байна. Халдвар авсан иргэдийн дийлэнх хувийг 20-30 насны залуучууд эзэлсэн нь хорио цээрийн дэглэмийг баримтлахгүй, олон нийтийн газраар явж, үйлчлүүлдэгтэй холбоотойг мэргэжлийн байгууллагууд мэдэгдсэн.   
Чангшин их сургуулийн зүгээс оюутнуудад хорио цээрийн дэглэм, хувийн ариун цэврийг чанд сахих, олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж, тодорхой арга хэмжээ авч ажилласан. Мөн монгол оюутнуудыг  “COVID-19” халдвараас сэргийлэх шинжилгээнд хамруулсан. Оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байгаа.
- Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, оюутнууд дотуур байранд байрлан суралцдаг тухайгаа өмнө нь мэдээлсэн. Сургалт хэвийн явагдаж байгаа юу?
 -Тийм ээ. Манай сонсогч, оюутнууд бүгд Чангшин их сургуулийн дотуур байранд байрладаг.  Солонгос улсад их сургуулиуд нь хотын төвөөс зайдуу газар, чимээ, шуугиангүй орчинд байрладаг. Сургууль дотор оюутнуудад шаардлагатай бүхий л үйлчилгээ бий. Жишээ нь их сургууль дотор банк хүртэл ажилладаг. Ихэнх үйлчилгээнүүд хүргэлтээр явагддаг учраас оюутнуудын хувьд хотхоноос гарах шаардлага гардаггүй.
“COVID 19” халдварын тархалттай холбоотойгоор хичээл, сургалтыг цахим болон тэнхим хосолсон байдлаар явуулж байгаа. Гадаад оюутнуудын хувьд онлайн хичээл үр дүнгүй гэж үзээд ихэнх хичээлүүд тэнхимээр явагдаж байна.
Хичээл эхлэхээс өмнө биеийн халуунаа хянуулах, амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа барих, хичээлийн дараа ангид ариутгал хийх гээд халдваргүйжүүлэлтийн бүхий л арга хэмжээг авдаг.

-Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн оюутнуудын өвлийн амралт эхэлсэн. Хоёр жилийн сургалт, хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг Монгол Улс руу буцаах талаар Дотоод хэргийн их сургууль Улсын онцгой комист хандсан байгаа. Чангшин их сургуулийн талаас ямар арга хэмжээ авч ажилласан бол?
-Одоогийн байдлаар БНСУ-д нутаг буцах хүсэлтээ өгч, явах ээлжээ хүлээж байгаа 4000 гаруй монгол иргэн бий.
Хоёр жилийн сургалт, хөтөлбөрт хамрагдсан Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 19 оюутан Дотоод хэргийн их сургуульд 1-2 улирал үргэлжлүүлэн суралцах учраас дараагийн хичээлийн улирал эхлэхээс өмнө Монгол Улсад очсон байх ёстой юм.
Чангшин их сургуулиас тухайн оюутнуудыг тусгай нислэгээр нутаг буцаах боломжийг судлах талаар Дотоод хэргийн их сургуульд хүсэлт илгээсэн.  Дотоод хэргийн их сургууль холбогдох байгууллагуудад хандаж, тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 19 оюутан 12-р сарын 18-ний өдөр төгсөлтийн улсын шалгалтаа амжилттай өгсөн. Чангшин их сургуулиас оюутнуудын явах өдөр тодорхой болох хүртэл дотуур байранд үнэгүй байрлуулж, тусгай автобусаар Инчоны нисэх буудал хүргэж өгөх зэрэг бэлтгэл ажлыг хангаж байна.

 -Чангшин их сургуульд Дотоод хэргийн их сургуулийн хэчнээн сонсогч, оюутан сурч байгаа вэ?
-Дотоод хэргийн их сургууль нь 2017 оны 2 дугаар сараас эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас 24, Цагдаагийн сургуулиас 21 сонсогч, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 19 оюутан нийт 64 сонсогч, оюутан суралцаж байна.
Миний бие Чангшин их сургуульд хамтын ажиллагааг хариуцан  зочин багшаар 2017 оноос ажиллалаа. Анх 2017 онд  5 жилийн буюу 1 жил хэлний бэлтгэл, 4 жил бакалавраар суралцах нэг л хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  “Цагдаагийн удирдлага” 4 жилийн бүрэн хөтөлбөр,  “Галын аюулгүй байдлын инженер” 4 жилийн бүрэн хөтөлбөр, “Цагдаагийн удирдлага” 2+2 буюу хос дипломтой хөтөлбөр, “Галын аюулгүй байдлын инженер” 2+2 буюу хос дипломтой хөтөлбөр, “Компьютер, програм хангамжийн инженерчлэл буюу Кибер аюулгүй байдал” 2+2 буюу хос дипломтой хөтөлбөр, Богино хугацааны оюутан солилцоо буюу 6 сарын хөтөлбөр, “Галын аюулгүй байдлын инженер” магистрын хөтөлбөр, Багш солилцооны хөтөлбөр зэрэг 8 төрлийн хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж, Дотоод хэргийн их сургууль, Чангшин их сургуулийн хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байна.
- Хос дипломтой болон багш солилцооны хөтөлбөр энэ онд хэрэгжих үү?
-2+2 буюу хос дипломтой хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Дотоод хэргийн их сургууль,  Чангшин их сургуульд тус бүр хоёр жил, нийт дөрвөн жил суралцаж, хос дипломтой төгсөнө.
Өнгөрсөн 2019 оны 3-р сараас эхлэн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулиас 19 оюутан “Цагдаагийн удирдлага” мэргэжлээр тус хөтөлбөрт хамрагдсан. Эдгээр оюутнууд Дотоод хэргийн их  сургуулийн “Эрх зүйч”,  Чангшин их сургуулийн “Цагдаагийн удирдлага” мэргэжлээр тус тус  бакалаврын дипломтой төгсөх юм.
Багш солилцооны хөтөлбөр нь Дотоод хэргийн их сургуулийн багш нарыг туршлага судлах, эрдэм шинжилгээний судалгаа хийх, гадаад хэлний мэдлэгээ бататгах зорилгоор 2019 оноос хэрэгжсэн. Энэ онд багш солилцооны хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ.
-Чангшин их сургуулийн энэ оны элсэлт зарлагдсан. Элсэлт ямар шатанд явагдаж байгаа вэ?.
-Чангшин их сургуулийн 2021 оны элсэлт Дотоод хэргийн их сургуулиас  “Цагдаагийн удирдлага” болон “Галын аюулгүй байдлын инженер” гэсэн мэргэжлээр элсэлт авахаар өнгөрсөн оны 12 дугаар сард зарлагдсан.  
Өнөөдрийн байдлаар “Галын аюулгүй байдлын инженер” мэргэжлийн 5 жилийн хөтөлбөрт Онцгой байдлын сургуулийн 5 сонсогч, “Цагдаагийн удирдлага” мэргэжлийн 2+2 буюу хос дипломтой хөтөлбөрт Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 29 оюутан, Цагдаагийн сургуулийн 12 сонсогч хүсэлт ирүүлсэн байгаа.
-Та өнгөрсөн хугацаанд багагүй туршлага хуримтлуулсан байх. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж, Чангшин их сургуульд ажилласнаар багагүй зүйлийг сурч, туршлага хуримтлуулсан.  Энэ онд докторын судалгааны ажлаа амжилттай хамгаалж, төрлөх сургуульдаа очиж сурч, мэдсэн зүйлээ хэрэгжүүлнэ гэж боддог. Ялангуяа Чангшин их сургуулийн оюутны хөгжлийг хариуцсан хөтөлбөр, хичээлийн нэгдсэн сүлжээ, хос мэргэжил, хос хөтөлбөр, насан туршийн боловсрол, “Мини бакалавр”-ын хөтөлбөр зэргийг Дотоод хэргийн их сургуульд хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа.