L O A D I N G
logo
ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ Б.МӨНХЖАРГАЛ: МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД ОРОХООР БЭЛТГЭЖ БАЙНА

ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ Б.МӨНХЖАРГАЛ: МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД ОРОХООР БЭЛТГЭЖ БАЙНА

  • Feb 04, 2021
Дотоод хэргийн их сургууль нь Дээд боловсролын тухай хуулийн 8.11 дүгээр заалтын дагуу гурав дахь удаагаа байгууллагын  магадлан итгэмжлэлд орохоор  бэлтгэл ажлаа хангаад байна.
Байгууллагын магадлан итгэмжлэл гэдэг нь Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлагыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, дүгнэлт гарган чанарыг баталгаажуулах үйл ажиллагаа юм.
Их сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/37 дугаар тушаалаар нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 10 баг өөрийн үнэлгээний тайлан боловсруулах болон бусад бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ ажлын явц ямар байгаа талаар тус ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Чанарын баталгаажуулалтын төвийн дотоод чанарын баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Мөнхжаргалаас тодрууллаа.
 
Өнөөдрийн түвшинд ямар ажлуудыг хийж гүйцэтгэн бэлтгэл ажлуудыг хийгээд байна вэ?   
 
Байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс 2019 онд батлагдсан 9 шалгуур, 54 шаардлагын хүрээнд ажлын хэсгийн 10 баг магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланг боловсруулж Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөс манай сургуулийг хариуцсан хоёр зохицуулагчаас өгсөн зөвлөмжийг дагуу хоёр удаа сайжируулалт хийж дуусган 5 хувь хэвлэх ажлыг хийж байна.  
Өнөөдрийн байдлаар шинжээч ажиллах бэлтгэл ажлын хүрээнд өөрийн үнэлгээний тайлангийн нотлох баримтуудыг бүрдүүлэх, хавстаслах, товъёогжуулах ажлыг  хийж дууслаа.  
 
Магадлан итгэмжлэлээр ороход  гурван үе шаттай байгаа. Энэ процессын талаар тодруулвал ?
 
Тийм тийм. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь өөрийн үнэлгээ хийж, тайлан бэлтгэх үе шат, хөндлөнгийн үе шат, магадлан итгэмжлэх эсэхийг шийдвэрлэх үе шат байдаг.
Хамгийн эхний шатанд манай байгууллага нь өөрийн үнэлгээний багийг Их сургуулийн захирлын тушаалаар томилон, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний  зөвлөлд 6 сарын өмнө хүсэлтээ гаргадаг. Үүний дараа тэндээс тогтоосон магадлан итгэмжлэлийн шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж буй эсэхэд үнэлгээ хийж, өөрийн үнэлгээний тайланг бэлтгэнэ. Хоёр дахь үе шат нь тус зөвлөлөөс томилогдсон шинжээчийн баг шалгуур, шаардлага тус бүрээр байгууллагад үнэлгээ хийж, шалгуурыг "бүрэн хангасан", "хэсэгчлэн хангасан", "хангаагүй" гэсэн дүгнэлт гаргадаг.
Гурав дахь үе шат нь Магадлан итгэмжлэлийн комисс, Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд шинжээчийн баг дүгнэлтээ танилцуулна. Комисс, Мэргэжлийн зөвлөл нь байгууллагыг "магадалан итгэмжилнэ", "нөхцөлтэйгээр магалан итгэмжилнэ", "магадлан итгэмжлэлийг түдгэлзэнэ" гэсэн шийдвэрийг гаргаж, сургалтын байгууллагад шаардлага, зөвлөмж өгнө. Шаардлага, зөвлөмж нь шигжээчийн багийн саналд үндэслэсэн байдаг. Удирдах зөвлөлийн хуралдаанаар комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл баталгаажуулж тогтоол гаргадаг. Өөрөөр хэлбэл нэг, хоёрдугаар үе шатад манай  сургуулийн оролцоо их чухал.
 
Хоёр дахь том  ажил бол хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх ажил байдаг. Энэ ажил хэрхэн өрнөж байна вэ?
 
Дээд боловсролын тухай хуулийн 8.12-д хөтөлбөрийг сургалтын байгууллага нь сайн дураараа  магадлан итгэмжлүүлнэ заасан байдаг. Иймд манай сургууль нь 2019 оноос хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаа их эрчимтэй явагдаж байна.
2019 онд Ахисан шатны боловсролын сургуулийн магистрын “Гэмт явдал судлал”, 2020 онд Цагдаагийн сургуулийн бакалаврын “Цагдаагийн ажил-эрх зүй”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй”, Хилийн албаны сургуулийн “Хилийн алба-эрх зүй”, Шинжлэн магадлахуйн институтийн  “Шүүхийн шинжилгээ-эрх зүй”, Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” хөтөлбөрүүд нь магадлан итгэмжлэгдсэн.
2021 онд  Ахисан шатны боловсролын сургуулийн магистрын “Гамшиг судлал”, “Хил судлал”, Удирдлагын академийн “Хууль сахиулах удирдлага”, бакалаврын Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн “Эрх зүй”, Хилийн албаны сургуулийн “Шалган нэвтрүүлэх алба-эрх зүй”-н сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэхээр ажлын хэсгийн томилон, өөрийн үнэлгээний тайлан боловсруулах ажлыг хийж байна.
Манай Дотоод хэргийн их сургууль нь бакалаврын 13, магистрын 14, докторын 6, нийт 33 хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг явуулж байгаа бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх графикыг баталж мөрдөн ажиллаж байна.
Манай сургуулийн Хөгжлийн стратеги хөтөлбөрт үндэсний болон Олон улсын түвшинд хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөсөн байдаг. Иймд чанарын баталгаажуулалтын төвөөс 2025 он гэхэд нийт хөтөлбөрийн 75,5  хувийг магадлан итгэмжлүүлэх зорилт тавин ажиллаж байна.  
           
        Байгууллага болон  хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэний ач холбогдол нь юу байдаг вэ?
 
Байгууллага болон хөтөлбөр магадлан итгэмжлэгдснээр хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын байгууллагаар чанарын үнэлгээ хийлгэснээр сургууль, хөтөлбөрийн сургалтын чанар илүү сайжирна.
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд нь олон улсын хөтөлбөрүүдтэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Олон улсын чанарын баталгаажуулалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, шинжээчдийг сургалтуудад хамруулж, эрх олгоно. Шилжин суралцах, дотоод, гадаадын сургуулиудад ахисан шатны сургалтад хамрагдахад эзэмшсэн мэргэжлийг нь баталгаажуулах, кредит хөрвүүлэх, дүйцүүлэх, хүлээн зөвшөөрөх боломж бүрдэнэ. Суралцагчдад “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой.
 
Баярлалаа
Таны ажилд амжилт хүсэж байна.
ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА