L O A D I N G
logo
Чангшин их сургуулийн зочин багш, докторант, ахмад Ж.Серикжан: Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд хамгийн өндөр тэтгэлэг авах боломжтой

Чангшин их сургуулийн зочин багш, докторант, ахмад Ж.Серикжан: Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд хамгийн өндөр тэтгэлэг авах боломжтой

  • Mar 09, 2021
 

Дотоод хэргийн их сургууль нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж “Хос диплом хөтөлбөр”-ийн хүрээнд 8 хөтөлбөрийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Дотоод хэргийн их сургуулиас 75 оюутан БНСУ-ын Чангшин их сургуульд суралцаж байна.  2021 оны элсэлтийн шалгуурт тэнцсэн эхний 31 суралцагчийн 23 нь  02 дугаар сард, бусад 8 суралцагч нь  2021 оны 03 дугаар сарын 02 нд Солонгос  улсыг зорисон.  
Тус сургуульд манай  Их  сургуулийн суралцагчид хэрхэн амжилттай суралцаж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах тэнхимийн ахлах багш, Чангшин их сургуулийн зочин багш, докторант, ахмад Ж.Серикжанаас  цахимаар ярилцаж тодрууллаа.
-Одоогийн байдлаар Чангшин их сургуульд Дотоод хэргийн их сургуулиас  хэдэн суралцагч сурч байна вэ?
-“Хос дипломтой хөтөлбөр” нь БНСУ-ын Чангшин их сургуульд хоёр жил, ДХИС-д хоёр жил тус тус суралцаж хос мэргэжилтэй хос дипломтой суралцаж төгсдөгөөрөө онцлог юм.  Дотоод хэргийн их сургуулиас 2021 оноос “хос диплом хөтөлбөр”-т хамрагдах 35 суралцагч тусгай үүргийн нислэгээр  БНСУ-ын Чангшин их сургуульд суралцахаар ирлээ. Коронавируст халдвар (Ковид19)-ын цар тархалттай холбоотойгоор хичээл,сургалтыг цахим болон танхим гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа.
-Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд суралцагчдад ямар үндсэн шаардлага тавьдаг вэ?
-Жил бүрийн элсэлтэд хамрагдах хүсэлтэй суралцагчид нэн тэргүүнд англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай. Үүнтэй зэрэгцэн сурлага, сахилга бат, нийгмийн идэвхтэй байж, бүрэн дунд боловсролын гэрчилгээний голч дүн 75%, их сургуулийн голч дүн 2,8 ба түүнээс дээш байх гэсэн шаардлага тавигддаг.  Эдгээр шаардлагуудыг хангасан байхаас гадна гэр бүлийн гишүүд болон суралцагч өөрөө БНСУ-ын визний зөрчил гаргаагүй байх ёстой. Мөн Солонгос хэлний мэдлэгтэй бол давуу тал болдог. Суралцах хугацаанд сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, бусад зардлыг өөрөө хариуцах тул санхүүгийн чадвартай байх шаардлага ч мөн тавигддаг юм.
-Элсэлтийг хэрхэн зохион байгуулж, хөтөлбөрт тэнцсэн суралцагчид ямар төрлийн хөнгөлөлт эдэлдэг вэ?
-Эхлээд элсэгчийн бүртгэл хийж, англи хэлний шалгалт авч, тэнцсэн суралцагчдаас ярилцлагад орсноор эцсийн дүн нь гардаг. Харин ярилцлагыг БНСУ-ын Чангшин их сургуулиас элсэлт хариуцсан комиссын багш нар Монгол Улсад ирж англи, монгол хэлээр шагалт авдаг. Дараа нь БНСУ-д суралцах виза мэдүүлж, Их сургуультай сургалтын гурвалсан гэрээ байгуулдаг. ДХИС-ийн суралцагчдад БНСУ-ын Чангшин их сургуулийн сургалтын төлбөрөөс төгсөх хүртэл 50%-ийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна элсэн орсон эхний улирал дотуур байрны төлбөрөөс 100% чөлөөлдөг нь маш том боломж юм.
Мөн тухайн суралцагчийн сурлагын голч дүнгээс хамааран сургалтын төлбөрөөс 50%-100%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Хоёр сургуулийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ДХИС-ийн суралцагчид хамгийн өндөр тэтгэлэг авах боломжтой гэж хэлж болно.
-Чангшин их сургуульд суралцахын давуу тал нь юу вэ? 
-БНСУ нь Ази тивдээ болон дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч орны жагсаалтад багтдаг. Сургалтын төлбөрийн хувьд АНУ болон Европын орнуудтай харьцуулахад төлбөр хямд учраас дэлхий төвшний чанартай боловсролыг хямд эзэмших боломжтой гэсэн үг. БНСУ-ын Чангшин их сургууль нь суралцагчдын сурах орчин, аюулгүй байдал болон хичээл хийх орчинг бүрэн хангаж, дэлгүүр, номын сан, спортын байгууламжууд, амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжууд бүгд кампус дотроо байрладаг.
Мөн их сургуулиа төгсөөд БНСУ-даа ажиллах боломжтой хоёр жилийн хугацаатай визний эрх нээгддэг. БНСУ-д Samsung, LG, Hyundai, SK гэх мэт дэлхийн хэмжээний том компаниуд байрладаг учраас төгсөөд эдгээр байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулах боломж ч бий.
Мөн сургуулийн захиргааны ажилд туслах, дотуур байрны давхрын дарга, цэвэрлэгээний дарга, номын сангийн туслах, фитнесийн багш зэрэг сургууль дотроо албан ёсны цагийн ажил хийх бүрэн боломжтой.
  -Манай ДХИС-ийн оюутнууд хэрхэн суралцаж байна вэ?
- БНСУ-ын Чангшин их сургуулийн сургалтын албанаас ДХИС-ийн суралцагчид биеэ зөв авч явдаг, өгсөн үүрэг, даалгаврыг хугацаандаа биелүүлдэг, хэл сурах авьяастай гэж үнэлдэг. Энэ нь Цэргийн сургуулийн сонсогч, оюутнууд болохоор энэ төрлийн чадварыг эзэмших давуу талтай гэж сургуультай холбож ойлгодог.
Манай сургуулийн суралцагчид Их сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж байдагт багш хүний хувьд баяртай байдаг. Жишээлбэл, 2020 онд Онцгой байдлын сургуулийн сонсогч Б. Хурболд нь "Галын аюулгүй байдлын инженер" мэргэжлээр суралцаж буй 1-р курсийн 165 оюутнаас сурлагын голч дүнгээрээ тэргүүлж тухайн хичээлийн жилд 100% тэтгэлэгтэйгээр суралцаж байсан. Мөн ЭЗНУС-ийн оюутан М.Энхжин, Г.Цэндсүрэн, С.Ариунзаяа болон ОБС-ийн сонсогч Н.Хонгорзул, Э.Хатантөмөр нар 2020 онд голч дүнгээрээ тэргүүлж 100% тэтгэлэгтэйгээр суралцсан.  Мөн энэ оны 1-р улиралд нийт тэтгэлэгт хамрагдах 45 суралцагчаас 100%-ийн тэтгэлэг авсан 1 сонсогч, 70%-ийн тэтгэлэг авсан 6 сонсогч, 60%-ийн тэтгэлэг авсан 14 сонсогч, 50%-ийн тэтгэлэг авсан 24 сонсогч, оюутан байна. Энэ нь манай сургуулийн сонсогч, оюутнуудад маш сайн сурч байгааг харуулж байгаа юм. 
Жил бүр гадаад оюутнуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Олон улсын урлагийн их наадам”-д манай сонсогч, оюутнууд Монгол Улсыг төлөөлөн оролцож гурван жил дараалан тэргүүн байрт шалгараад байна.
-БНСУ-ын Чангшин их сургуульд суралцахыг хүсэж байгаа оюутнуудад мэдээлэл болгож тус сургуулийн талаар товч танилцуулна уу?
-БНСУ-ын Чангшин их сургууль нь 1908 онд үүсгэн байгуулагдаж 1991 оноос эхлэн их сургуулийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүнлэг, нийгмийн ухааны сургууль, Байгалийн шинжлэх ухааны сургууль, Инженерийн сургууль, Соёл урлагийн сургууль, Төгсөлтийн дараах сургууль гэсэн үндсэн таван бүрэлдэхүүн сургуультай. Дэлхийн 17 орны 45 их, дээд сургуулиудтай багш, оюутан солилцох, мэргэжил дээшлүүлэх, судалгааны ажил хийх зэргээр хамтран ажиллаж байна. Энэ оны 2-р сарын байдлаар Чангшин их сургуульд 7 улсын 152 оюутан элсэн суралцаж байна..
ДХИС, Чангшин их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2021 онд суралцаж эхлээд байгаа оюутнуудын сэтгэгдлийг хүргэж байна.  
                                           Суралцагч Сундуйн Анхчимэг
“Би 2018 онд Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургуульд элсэж, 2020 онд анхны төгсөгчдийн нэг болсон. Харин 2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд элсэн суралцсан. Багаасаа хууль сахиулагч болох хүсэл мөрөөдлөө даган энэхүү сургуулийг сонгосон. Ахлах сургуульд суралцаж байх хугацаандаа мөрөндөө мөрдөстэй сонсогч ах, эгч нарыг хараад заавал чадварлаг эрх зүйч, хуульч болно гэж боддог байлаа.
Одоо Дотоод хэргийн их сургуультай хамтран ажиллаж байгаа БНСУ-ын Чангшин Их сургуульд суралцах шалгуурт тэнцэж, тус их сургуульд суралцах болсондоо туйлын баяртай байна. Миний хувьд Чангшин Их сугуульд “Цагдаагийн удирдлага” мэргэжлээр хоёр жилийн хугацаанд суралцана. Хоёр жилийн хугацаанд мэргэжлийн хичээлээ судлангаа хэлний мэдлэг эзэмших нь хамгийн том давуу тал гэж харж байгаа. Энэхүү боломжийг олгосон Дотоод хэргийн их сургуулийн захирал, удирдлагууд болон Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн нийт багш ажилчиддаа баярласнаа илэрхийлье.
                                       Суралцагч Даваажавын Баярдулам
Би БНСУ-ын Чангшин Их сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцэж, элсэн суралцах болсондоо маш их баяртай байна. Анх 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд элсэж орсон. Би ДХИС-д анх элсэн суралцаж эхэлсэн цагаасаа л Чангшин их сургуульд суралцахын тулд өөрийнхөө зүгээс хийж чадах бүхий л боломжийг эрж хайж, хичээлдээ шамдан суралцсан. Учир нь гэвэл өөрийгөө нээх, хөгжүүлэх, өөр улс орны соёлтой танилцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хүссэн мэргэжлээрээ суралцаж, эх орондоо чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэх бүрэн боломжтой гэдгийг олж харсан. Энэ боломжоор дамжуулж, чадварлаг, бие даасан мэргэжилтэн болж бэлтгэгдхийн тулд хичээж суралцах болно. Өөрийнхөө хүссэн мэргэжлээр суралцах гэж байгаа ДХИС-д элсэн суралцах хүн бүхэнд боломж үргэлж байгаа шүү. Их сургуулийнхаа нийт бие бүрэлдэхүүн, тусалж дэмжсэн хайртай багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байна.