L O A D I N G
logo
Хуулийн байгууллагын ажилтан,  алба хаагчдын орон сууцны цогцолбор хотхоны  нээлтийн  үйл ажиллагаа боллоо

Хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчдын орон сууцны цогцолбор хотхоны нээлтийн үйл ажиллагаа боллоо

  • Mar 19, 2021
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/07 дугаар тушаалаар  “Салбарын алба хаагч бүрт-орон сууц хөтөлбөр”  хэрэгжиж эхлэсэн. Энэ  хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд “Хуулийн байгууллагын  ажилтан, алба хаагчдын  орон сууц цогцолбор хотхон”  өнөөдөр /2021.03.19/  ашиглалтад орлоо.

Тус хөтөлбөрийн хүрээнд хотхоны эхний ээлжийн хоёр блок 238 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдын төлөөлөлд байрны түлхүүр гардуулсан юм. Дотоод хэргийн их сургуулиас 7 алба хаагч энэ  хөтөлбөрт хамрагдаж байна. Нээлтийн  үйл ажиллагаанд ДХИС-ийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат нар оролцож, Их сургуулийн алба хаагчдын төлөөлөл, цагдаагийн хошууч С. Болдбаатар шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.
 Цагдаагийн хошууч С.Болдбаатар:
 “Би төрийн байгууллага, төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Анх 1984 онд НАХЯ –ны Цэргийн дээд сургуулийг төгсөөд Булган аймгийн "Цагдан сэргийлэх анги” нэртэй байгууллага байхад хүүхдийн  төлөөлөгчөөр томилогдон  ажлын гараагаа эхлэж байсан. Үүнээс хойш төрийн байгууллагад тасралтгүй ажиллахдаа бусад үе тэнгийн бусад алба  хаагчдын нэгэн адил төрийн ажлаа залгуулахын зэрэгцээ өрхийн тэргүүн байх үүргээ гүйцэтгэж, томилогдсон газар болгондоо янз бүрийн байранд амьдарч байлаа. Хууль зүй, дотоод хэргийн яам, Их сургуулийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр орон сууцны хуваарьт багтаж, шалгуурт тэнцэн өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсандаа баяртай байна” гэж хэлсэн юм.  
Энэхүү бүтээн байгуулалт  нь  840 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг, 1300 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, спорт цогцолбор, ногоон байгууламж, 111 автомашины дулаан авто зогсоол, үйлчилгээний төв бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдсон хотхоныг барьж байгуулахаар төлөвлөжээ.