L O A D I N G
logo
Т.ОЧИРБАТ: ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН  ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВ БОЛЖ ХӨГЖИХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

Т.ОЧИРБАТ: ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВ БОЛЖ ХӨГЖИХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

  • Apr 01, 2021
Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Т.Очирбаттай Их сургуулийн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.   
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Их сургуулийн шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, судалгааны ажлыг тинк-танк хэлбэрээр гүйцэтгэх соёлыг нэвтрүүлэх гээд нэлээд ажлыг хийж хэрэгжүүлжээ.  Судалгааны ажлыг тинк-танк хэлбэрээр хэрхэн гүйцэтгэсэн бэ?
-Өнгөрсөн жилээс Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны турш цахимаар ажлаа явуулахад хүрч байсан нь том бэрхшээл боловч, үйл ажиллагаандаа шинэ техник, технологи нэвтрүүлэх шаардлага бий болгосон. Алба хаагчийн ажилдаа хандах хандлага, чадварыг сорьсон жил болж өнгөрсөн. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарим талаар дэвшил гарсан гэж хэлж болох юм. Ялангуяа зарим судалгааны ажлыг тинк-танк хэлбэрээр гүйцэтгэх соёлыг нэвтрүүлж, шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг нэмэгдүүлэх шинэ зохион байгуулалт бий болгосон. Өнгөрсөн жил хэд хэдэн судалгааны ажлыг богино хугацаанд гүйцэтгэх шаардлага тулгарсан. Үүнийг гүйцэтгэхдээ судалгааны багийн зохион байгуулалтад орж, ажил үүргийн хуваариа тодорхойлон ажилласныг хэлбэрийн хувьд тинк-танк хэлбэрээр судалгааны ажил гүйцэтгэх эхлэл болсон гэж үзэж болно. Докторын сургалтыг өдрийн хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн нь Их сургуулийн шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд томоохон алхам боллоо. Мөн судалгааны ажлын санхүүжилтээр Их сургуулиа хөгжүүлэх боломжийг нотолж, Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх төсөөллийг ажил хэрэг болгох эхлэлийг тавьсныг онцлон тэмдэглэмээр байна.
Энэ хичээлийн жилд ШШГЕГ-аас гурав, ЦЕГ, ХХЕГ, ШШҮХ, Их сургуулийн Цагдаагийн сургуулиас тус бүр нэг докторантыг өдрийн хэлбэрээр элсүүлэн сургаж байна. Эдгээр докторант Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнд харьяалагдан судалгааны ажил гүйцэтгэхийн зэрэгцээ сургалтуудад хамрагдаж, гурван жилийн дотор диссертаци бичиж эрдмийн зэрэг хамгаалах юм.
- Танай хүрээлэн Их сургуульд “шинжлэх ухааны цэрэг”-ийн нэгж байгуулан, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцуулах санаачилга гарган ажиллаж байгаа гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тухайн үед доктор Б.Бат-Эрдэнэ багш ОХУ-д шинжлэх ухааны ротууд байгуулан, инженер залуучуудыг батлан хамгаалах салбарт ажиллуулж байгаа талаар мэдээлэл авсан юм билээ. Үүнийг салбартаа нэвтрүүлэх хэрэгтэй юм биш үү гэсэн санаа гаргаж, манай хүрээлэнд энэ талаар чиглэл өгч байсан юм.  Бид зарим судалгааг хийж, санал боловсруулан холбогдох албан тушаалтанд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, техник, технологийн чиглэлээр боловсрол эзэмшсэн залуучуудыг хугацаат цэргийн албанд татаж, цэргийн алба хаах хугацаанд нь туршилт, зохион бүтээх ажилд оролцуулах санаачилга гэж ойлгож болно.
Хэрэв хэрэгжвэл Их сургуулийн шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чухал алхам болох байх.
Одоо эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал үргэлжлүүлэн судлуулж, ажил хэрэг болгохоор анхааран ажиллаж байна.  
-Дотоод хэргийн их сургууль аюулгүй байдал, дотоод хэргийн салбарын  шинжлэх ухаан, технологийн томоохон төв, технополис хотхон болж хөгжих  зорилт тавин ажиллаж байгаа.  Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Их сургуулийн удирдлагын зүгээс санаачилгатай ажиллан Дотоод хэргийн их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх төсөөлөл боловсруулж, макет хийлгэн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, БШУ-ны сайд, холбогдох бусад албан тушаалтнуудад танилцуулан, түүний ТЭЗҮ-г хийлгэхээр шийдвэрлүүлсэн. Энэ нь Их сургууль цаашид аюулгүй байдал, дотоод хэргийн салбарын  шинжлэх ухаан, технологийн томоохон төв, технополис хотхон болж хөгжих материаллаг орчин бүрдэх алхам болж байна. Энэ том төслийн нэгээхэн хэсэг нь Их сургуулийн шинжлэх ухаан, инновацийн төв (кластер) байгуулах төсөл юм. Шинжлэх ухаан, инновацийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон бусад холбогдох баримт бичгүүдэд тодорхой туссан нь уг төсөл хэрэгжих бодит нөхцлийн нэг. “Алсын хараа 2050”-д “Дотоод хэргийн их сургуулийн шинжлэх ухаан, инновацийн чадавхийг нэмэгдүүлнэ” гэж заасан. Түүнчлэн, Их сургуулийн стратеги төлөвлөгөөнд энэ заалтыг үндэслэн “Дотоод хэргийн их сургуулийн шинжлэх ухаан, инновацийн хөгжлийн хөтөлбөр 2021-2024” боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгасан. Уг хөтөлбөрийн төслийг боловсруулж бэлэн болгоод байна.
-Шинжлэх ухаан, инновацийн төв байгуулах төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Шинжлэх ухаан, инновацийн төв нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн цогцолбор, лабораториуд, гарааны компани-үйлдвэрлэлийн хэсэг гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэхээр төсөөлж байна. Эдгээрийг бүхэлд нь кластер гэж томъёолж болох юм. Дотоод хэргийн салбарын шинжлэх ухаан, технологийн төвлөрөл буюу голомт байхаар тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, энэ төвд салбарын тулгамдсан асуудлыг шийдэх шинэ санаа мэндэлж, шинэ мэдлэг бий болж, туршилт, зохион бүтээх ажил явагдаж, цаашлаад салбарын хэрэглээнд нэвтэрч байх тогтолцоо бүрдэх юм. Энэ ажлыг практик байгууллагын эрэлтэд тулгуурлан төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн зохистой түншлэлийг хангах байдлаар зохион байгуулахад уг кластерын мөн чанар оршино. Урьдчилсан төсөөллөөр энд 10 төв, 8 сектор, гарааны компани, дундын оффисууд байхаар төлөвлөсөн. Нэг хүрээлэн 4-8 төвтэй байх юм. Тухайлбал, аюулгүй байдал судлалын хүрээлэн гэхэд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын бүрэлдэхүүн хэсгүүдээр зохион байгуулагдсан төвүүдтэй байхаас гадна хот суурины аюулгүй байдал судлалын төв, нүүдэлчдийн аюулгүй байдал судлалын төв зэрэг нэгжүүдтэй байна.
-Сүүлийн жилүүдэд “эрдэм шинжилгээ, судалгаа”, “шинжлэх ухаан, технологи, инноваци”, “судалгаа-боловсруулалт”, “судалгаа хөгжлийн ажил”, “туршилт-боловсруулалт” зэрэг нэр томьёо өргөн ашиглагдах боллоо. Эдгээрийг хэрхэн ойлговол зохих вэ?
-Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг бид шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа гэж өргөн утгаар ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа гэсэн ойлголтод эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил, түүнийг гүйцэтгэх явцад бий болдог оюуны өмчийн эрхийн хамгаалалт, бүтээл туурвил, эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэг, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх ажил, технологи дамжуулалт, туршилт-үйлдвэрлэл, инновацийн үйл ажиллагаа бүгд багтана. Түүнчлэн номын сан, музейн үйл ажиллагаа, ахисан түвшний сургалт ч шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд ордог. Дэлхий нийтэд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг хэмжихдээ Ослогийн гарын авлага, Фраскатын гарын авлага гэсэн хоёр удирдамжийг баримталж байна. Монгол Улс эдгээр гарын авлагыг баримтлан шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг бодитой хэмждэг болж эхэлж байна. Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд, хууль тогтоомжийн өөрчлөлт ч энэ чиглэлээр явж байна.
Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын эргэн тойронд өрнөж байгаа үйл ажиллагааг бүхэлд нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа гэж ойлгож болох юм. Манай сургуулийн хувьд шинжлэх ухаан, технологийн талаар баримталж буй бодлого, төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлж буй арга барилд шүүмжлэлтэй хандах зүйл байсаар байна. Тухайлбал, судлаач, багш нар гэнэтийн, цаг үеийн шинжтэй ажлуудад их цаг алдаж байна. Салбарын цөм технологи, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, түүнд чиглэсэн стратегийн шинжтэй төлөвлөлт хийх шаардлагатай. Албан хаагч, багш, судлаачдын хөдөлмөрийг бид зөв чиглүүлэх ёстой. Энгийн жишээгээр тайлбарлавал, аливаа хүн ширээний тухай судалгаа хийгээд, сандлын тухай өгүүлэл бичээд, хананы тухай хуралд суугаад, цонхны тухай ном бичээд, тааз гэсэн сэдвээр патент авдаг байж таарахгүй. Үр дүн ч гарахгүй нь ойлгомжтой. Эндээс харвал судлаач хүн тодорхой нэг сэдвээр судалгаа хийдэг, тухайн сэдэвт холбогдох эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, тухайн сэдвээрээ өгүүлэл бичиж импакт фактор бүхий сэтгүүлд нийтлүүлж, ном бүтээлээ туурвидаг, түүнийхээ оюуны өмчийн эрхийг баталгаажуулдаг, энэ ажлынхаа үр дүнг практикт нэвтрүүлдэг тогтолцоо бүрдэж байж л Их сургуулийн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны жам ёсны хөгжил бий болно.
-Их сургуулийн хэмжээнд хийсэн судалгааны ажил, ном бүтээл, зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийн талаар дурдвал?
-Өнгөрсөн жил Их сургуулийн судлаач, багш нар 75 сэдвээр судалгааны ажил гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгсөн. Цар тахлын улмаас Шинжлэх ухаан, технологийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа гурван төслийн санхүүжилтийг нэг жилээр хойшлуулсан боловч төслүүдийн зарим судалгаа, туршилт, зохион бүтээх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Онцлох ажлуудаас дурдвал, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захиалгаар томоохон судалгааны ажлууд гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн байна.
Судалгааны ажлын явц, үр дүнгээр эрдэм шинжилгээний 88 өгүүлэл нийтлүүлж, 56 илтгэл хэлэлцүүлж, нэг сэдэвт бүтээл, гарын авлага 49, сурах бичиг 9-ийг хэвлүүлжээ.
Олон улсын, салбарын, Их сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний хурал 16, оюутны эрдэм шинжилгээний хурал 9,  онол, арга зүйн семинар, хэлэлцүүлэг 24-ийг зохион байгуулсан. Мөн Дотоод хэргийн их сургуулиас 37 багш, таван сонсогч ОХУ болон БНСУ-ын их сургуулиудаас зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, дугуй ширээний уулзалтад цахим хэлбэрээр оролцсон.
-Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжсөн. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагааны цар хүрээ хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
 -Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 08 сарын 27-ны өдрийн А/132 дугаар тушаалаар ЭШНХ-ийн бүтэц, орон тоог шинэчлэн гурван төвийг нэмж байгуулснаар тус хүрээлэн нийт 10 салбар хүрээлэн, төв, хэлтэс, 32 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн. Практик байгууллагаас долоон докторантыг шалгаруулж авснаар тус хүрээлэн 39 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Шинэ бүтэц, бүрэлдэхүүний ажлын цар хүрээ, үр дүн энэ жилээс харагдах байх.
Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн албан хаагчид 2020 онд бие дааж болон бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүдтэй хамтран хийж гүйцэтгэсэн томоохон ажлууд, түүний ололттой талуудыг тоймлон авч үзвэл, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн болон ҮАБЗ-ийн ажлын алба, бусад байгууллагын захиалгаар 42 сэдвээр судалгааны ажил гүйцэтгэн үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгсөн.
Дотоод хэргийн их сургуулийн хотхоныг өргөжүүлэн хөгжүүлэх төсөөлөл боловсруулж, макет, танилцуулга хийлгэх ажилд хүрээлэнгийн судлаачид чухал үүрэг гүйцэтгэсэн. Улмаар ДХИС-ийн хотхоны төсөл, ТЭЗҮ хийлгэх ажлын даалгавар боловсруулах ажилд оролцож байна. Мөн Их сургуулийн музейг нүүлгэн шилжүүлэх, шинэ үзмэрээр баяжуулах, Их сургууль, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн, бүрэлдэхүүн сургуулиудын үзмэрийн хэсгүүд дэх танилцуулга бэлтгэх ажилд идэвхтэй оролцлоо. Өнгөрсөн онд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэх, судлаачийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, материаллаг бааз, техник хэрэгслийг сайжруулж, тохижилтын ажлуудыг хүрээлэнгийн албан хаагчид өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэсэн.
 Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
 
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ