L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийн дэд профессор, дэд хурандаа Б.Энхтүвшин ОХУ-д докторын зэрэг хамгааллаа

Дотоод хэргийн их сургуулийн дэд профессор, дэд хурандаа Б.Энхтүвшин ОХУ-д докторын зэрэг хамгааллаа

  • Apr 02, 2021
Дотоод хэргийн их сургуулийн  Онцгой байдлын сургуулийн дэд профессор, дэд хурандаа Б.Энхтүвшин 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  ОХУ-ын Москва хотод  “Техникийн ухааны доктор"-ын зэрэг амжилттай хамгааллаа.
Энэхүү судалгаа нь гамшгийн эрсдэлийг бууруулахад орчин үед тавигдаж байгаа эрсдэлийн удирдлагын чухал тулгуур ойлголт болох эрсдэлийн түвшинг тогтоох арга зүй,  аюулгүй байдлын системийн загвар, алгоритмыг боловсруулан практикт хэрэгжүүлэх арга замыг дэвшүүлэн тавьснаараа ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ Монгол Улсын Онцгой байдлын албанаас гадаад улсад эрдмийн зэрэг хамгаалсан анхны томоохон эхлэл болж  байгаагаараа онцлогтой.  Дэд профессор, дэд хурандаа Б.Энхтүвшинг докторын зэрэг хамгаалсны дараа цахимаар холбогдож ярилцсан юм.

      Таны амрыг эрье. ОХУ-д  “Техникийн ухааны доктор"-ын зэрэг  амжилттай  хамгаалсанд тань  баяр хүргэе. Та ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан бэ? 

     -Амрыг эрье. Баярлалаа. Би ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа “Гал эсэргүүцэх албаны академи”-ийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд Гал түймрийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан Монгол Улсын галын аюулгүй байдлын менежментийг дэмжих загвар ба алгоритмууд” сэдвээр “Техникийн ухааны доктор"-ын зэрэг  хамгааллаа.  Олон жилийн судалгааны үр дүнгээ үзэж, хамгаалалт амжилттай болсонд сэтгэгдэл өндөр байна.
 
Таны судалгааны ажлын гол ач холбогдол үр дүн юу вэ? 

     -ОХУ-ын шинжлэх ухааны салбарт антиплагиат буюу бүх эрдэм шинжилгээний ажлын цахим шалгалтыг бүх бүтээлүүдэд явуулдаг. Мөн ОХУ-ын Москва хотын Онцгой байдлын яамны харьяа “Гал эсэргүүцэх албаны академи”-ийн хэмжээнд галын аюулгүй байдлын чиглэлээр нэг сэдэвт бүтээл, нарийвчилсан судалгаа тогтмол хийгддэг энэхүү байгууллагад докторын сэдэв, агуулгыг давхардуулдаггүй болохоор ОХУ болон Монгол Улсад өндөр ач холбогдолтой бүтээл гардаг. Өнөөгийн өндөр хөгжилтэй улсууд Англи, Нидерланд, Чех, Орос гэсэн дөрвөн улсад эрсдэлийн түвшинг аюулгүй байдлын хуулиндаа тусгасан байдаг. Миний судалгааны ажил Монгол улсын эрсдэлийн түвшинг тодорхойлсон нь давуу тал гэж бодож байна. Мөн “нийгэм эдийн засгийн гал түймрийн эрсдэлийн үзүүлэлт” гэсэн арга зүйг сая Олон улсын хурал дээр шинээр гаргаж тавьсан. Үүний хүрээнд Монгол Улсад гал унтраах ангийг нэмж байгуулснаар гал түймрийн эрсдэлийн үзүүлэлтийг ямар хэмжээнд бууруулах талаар бүрэн цогцоор авч үзсэн гэдгээрээ онцлогтой юм.

 Та өмнө нь  ямар ямар судалгааны ажил хийж байсан бэ? Ялангуяа энэ сэдвээрээ ямар ямар өгүүлэл нийтлэл хэвлүүлж олон нийтэд хүргэж байсан бэ? 
 
     - Миний хувьд докторын зэрэг хамгаалах ажлынхаа хүрээнд 35 эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн юм. Үүнээс дөрвөн бүтээл нь ОХУ-ын ВАК-ын хүрээний албан ёсны сэтгүүл буюу инпакттай сэтгүүлд амжилттай хэвлүүлсэн. Мөн нийт 8 удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад  хоёр удаа  илтгэл маань тэргүүн байранд шалгарсанд урамтай байна.
 
   Та Дотоод хэргийн их сургуульд хэдэн жил ажиллаж байна вэ? Өмнө нь ямар ажил алба хашиж байсан бэ?
      - Би анх 2015 онд Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид нэг жил багшилж байгаад 2016-2019 онд ОХУ-д докторын сургалтад хамрагдсан. Өмнө нь Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. "Техникийн  ухааны доктор"-ын зэрэг  хамгаалахад бүхий л талаар туслаж дэмжсэн сургуулийн эрдмийн хамт олон, удирдлагууд, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа.
 
Таны эрдмийн ажилд амжилт хүсье.

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ