L O A D I N G
logo
Ц.Одонгэрэл: “Эдийн засаг-Ар талын алба” хөтөлбөрт   суралцаж хилчин офицер болох залуус олон болж байна

Ц.Одонгэрэл: “Эдийн засаг-Ар талын алба” хөтөлбөрт суралцаж хилчин офицер болох залуус олон болж байна

  • Apr 16, 2021
 
       Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хилийн албаны сургуулийн “Эдийн засаг-Ар тал” хөтөлбөрийн талаар тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Ц.Одонгэрэлээс тодрууллаа.
 
-  Энэ жил ДХИС-аас бакалаврын 14  хөтөлбөрт элсэгчдээ бүртгэж  байна. Хилийн албаны сургууль элсэгчдийг  ямар ямар хөтөлбөрт бүртгэж байгаа вэ?  
   - Манай Хилийн албаны сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрт "Хилийн алба-Эрх зүй", "Шалган нэвтрүүлэх алба-Эрх зүй", "Эдийн засаг-Ар талын алба", "Сэтгэл судлал", "Хилийн алба-Тусгай бэлтгэл" гэсэн 5 мэргэжлээр 125 суралцагчийг элсүүлнэ. 2021-2022 оны хичээлийн жилд "Эдийн засаг- ар талын алба" мэргэжлээр 25 эрэгтэй суралцагч элсүүлнэ.  17 суралцагч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн төгсөгч, 8 суралцагч нь хугацаат болон гэрээт цэргийн алба хаасан байх  тухай журамд тусгасан байгаа.
-2021-2022  оны хичээлийн жилийн бакалавын сургалтын хөтөлбөрт  Хилийн албаны сургуулийн "Эдийн засаг-ар талын алба" сургалтын хөтөлбөрт элсэн суралцах иргэдэд  товч мэдээлэл өгнө үү?  
-   "Эдийн засаг-ар талын алба" мэргэжлийг сонгон суралцахаар төлөвлөж  байгаа сурагчид математик суурьтай элсэлтийн ерөнхий шалгалтын  оноо нь 500, хавсарга нэг хичээлийн  оноо нь 480 оноотой, 170 см түүнээс дээш өндөртэй, биедээ шивээсгүй байх зэрэг тусгай шаардлагыг хангасан байх шаардлагатай байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Их сургуулийн цахим хуудасны “Элсэлт” цэс рүү хандаж авах боломжтой. Элсэлт эхэлсэнтэй холбогдуулан эсээ, өргөдөл бичиж өгнө гэсэн хувь хүмүүсийн зар цахим орчинд нийтлэгдэж байна. Мэргэжлээ сонгож, элсэлтийн бүртгэлээ хийж байгаа энэ мөчид өөрөө  мөрөөдөл зорилгоо зөв тодорхойлж, хууль бус зарын дагуу бүү хандаарай гэж зөвлөе. 
"Эдийн засаг-ар талын алба" сургалтын хөтөлбөрт хамрагдснаар ямар хичээлүүдийг судлан суралцах вэ?
   -
 “Эдийн засаг-Ар талын алба” мэргэжлээр элсэн суралцагч нь  сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд ерөнхий эрдэм, эдийн засаг, санхүү, ар тал хангалт, хилийн алба, тусгай бэлтгэл, цэргийн хэргийн хичээлүүдийг уялдаа холбоотойгоор судлан суралцдаг.  Манай багшлах бүрэлдэхүүний хувьд магистр, доктор зэрэгтэй, хилийн анги, отрядод ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн ур чадвар, заах арга барил сайтай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн төрөл мэргэжлийн  багш нар хичээл заадаг. Хилийн албаны сургуулийн "Эдийн засаг-ар талын алба" мэргэжлийг сонгон суралцахын давуу тал нь сургуульд сурсан 4 жил нь ажилласан жилдээ тооцогддог. Сургалтын төлбөргүй, төгсөөд 100 хувь ажлын байраар хангагдан, цэргийн мэргэжлээрээ хөрвөн ажиллах, гадаад дотоодын цэргийн их дээд сургуульд бакалавр, магистр, докторын сургалтад суралцах боломжтой, цалин хөлс, нийгмийн баталгаа өндөрт тооцогддогоороо давуу талтай юм. Манай энэ ангид элсэн суралцаж төгсөөдхилийг заставын орлогч, заставын дарга,ар тал хангалтын алба, санхүүгийн албанд ажиллах боломжтой. Сургалтын орчин нөхцөлийн хувьд жилээс жилд улам сайжирч байна. Хил Хамгаалах Ерөнхий Газар, хилийн анги, отрядын хөрөнгө оруулалтаар цахим лаборатори, тусгай бэлтгэлийн заал зэргийг шинээр байгуулсан. Мөн сургалтын лаборатори танхим, номын сан, спорт заал, цайны газар зэрэг орчин үеийн сургалтын стандартад нийцсэн тохилог орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
-Хилийн албаны сургуулийг сонгон суралцах гэж байгаа иргэддээ   сургуулийнхаа бахархал, онцлогийн талаар хэлж өгнө үү?
   -
Манай Хилийн албаны сургууль Монгол Улсын  Үндэсний Аюулгүй байдал, Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын мэргэжлийн боловсон хүчнийг 87 жил  тасралтгүй бэлтгэж ирсэн. Манай сургуулийн төгсөгчдийн бахархал Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар, Ахмад Самданжамцын Лхагвадорж, үе үеийн Хил Хамгаалах Байгууллагын шилдэг удирдлага, цэргийн дарга нар төрөн гарсан. Төгсөгчдөөс цэргийн дээд "Генерал" цолтой олон арван төгсөгч, "Хурандаа" цолтой зуун зуун төгсөгчид бий. Бригадын генерал  Х.Лхагвасүрэн Хил Хамгаалах Ерөнхий газрын Ар Тал  Хангалт хариуцсан дэд даргаар ажиллаж байгаад одоо ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч болсонд бид маш их бахархдаг. Манай хөтөлбөрт элсэн суралцахаар хүсч буй залуусдаа хандан сонголтоо зөв хийж, Элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо аван, хилчин офицер болох хүсэл мөрөөдөлдөө заавал хүрээрэй гэж хүсэн ерөөе.