L O A D I N G
logo
Цагдаагийн дэслэгч Д.Мөнхжаргал:  Манай сургуулийн цахим хуудсанд байршуулсан элсэлтийн журамтай сайтар танилцаарай

Цагдаагийн дэслэгч Д.Мөнхжаргал: Манай сургуулийн цахим хуудсанд байршуулсан элсэлтийн журамтай сайтар танилцаарай

  • Apr 16, 2021

Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 он хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Бүртгэл эхэлсэнтэй холбоотой иргэдийн нийтлэг асуултад хариулт авахаар Чанарын баталгаажуулалтын төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Мөнхжаргалаас тодрууллаа.

 - Дотоод хэргийн их сургуулийн цахим бүртгэлд бүртгүүлж байгаа иргэддээ ямар мэдээлэл  хүргэх вэ?
    - Дотоод хэргийн их сургуулийн  элсэлтийн цахим бүртгэлд  элсэлтийн ерөнхий шалгалт  өгсөн иргэн, мөн бакалаврын боловсролтой иргэд бүртгүүлж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалт  өгсөн иргэний хувьд боловсролын үнэлгээний төвийн www.eyesh.eec.mn хаяг бүртгүүлж, бүртгэлийн дугаар, нууц үгийг авсан байх шаардлагатай. Бакалаврын боловсролтой иргэдийн хувьд бакалаврын дипломын дугаар, голч дүнгээр бүртгүүлнэ. Мөн 2021-2022 оны бакалаврын элсэлтийн журамтай сайтар танилцсан байхыг онцолж хэлье. Яагаад гэвэл манай иргэд элсэлтийн журамтай сайтар танилцсанаар элсэн суралцах хөтөлбөрөө зөв сонгож бүртгэл хийхийн зэрэгцээ цаашид элсэлтийн үйл ажиллагааг  сайн мэдэх болно. 
  -Хүмүүс өргөдлөө яаж бичих вэ, эсээ хэрхэн бичиж байрлуулах вэ гэсэн асуултыг их асууж байна. Та үүнд товч мэдээлэл өгнө үү?
Дотоод хэргийн их сургуулийг сонгон суралцах гэж байгаа иргэдийн хувьд сургуульд суралцах өргөдөл, “Миний мэргэжил-миний бахархал” сэдэвт эссэ нь иргэний цахим бүртгэлд бүртгүүлэхэд заавал шаардах материал  болохыг элсэлтийн журамд мөн тусгасан байгаа. Ийм  учраас бид  Их сургуулийнхаа цахим хуудсанд загваруудыг байршуулсан. Иргэн та бүртгэл хийхээсээ өмнө загваруудын дагуу бичиж pdf хэлбэрээр бэлтгэсэн байхыг анхаараарай. Эдгээр бэлтгэлийг хангасан иргэн цахим бүртгэлд бүртгүүлнэ. Энэ дашрамд хэлэхэд  цахим орчинд өргөдөл, эсээ бичиж өгнө гэсэн зар их нийтлэгдэж байна. Та бүхэн ирээдүйн мэргэжлээ сонгох хариуцлагатай үүрэг даалгавраа өөрсдөө хийж гүйцэтгээрэй гэж зөвлөе.  
 -Цахим бүртгэлд ямар дарааллын дагуу бүртгүүлэх вэ?
-   Юун түрүүнд манай сургуулийн www.uia.gov.mn хаягаар нэвтрэн элсэлтийн цахим бүртгэл цэс рүү орно. Энэ цэс рүү ороход “эеш өгсөн иргэн”, “бакалаврын боловсролтой иргэн” гэсэн сонголтууд гарч ирнэ.  Та энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт  өгөх иргэн бол “эеш өгсөн иргэн”, бакалаврын боловсролтой иргэн бол “бакалаврын боловсролтой иргэн” гэсэн сонголтыг хийнэ. Үүний дараах доорх мэдээллийг үнэн зөв бичсэн байна. Үүнд:
  • Элсэн суралцах хөтөлбөрөөс зөвхөн нэгийг нь  сонгож идэвхжүүлнэ.
  • ЭЕШ өгөх иргэний хувьд нэвтрэх дугаар, нууц үг хэсэгт боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ-д  бүртгүүлсэн 9 оронтой бүртгэлийн дугаар, нууц үг хэсэгт мөн төвөөс өгсөн 6 оронтой нууц үгийг тус тус бичнэ.
  • Үндсэн захиргаа хэсэгт өөрийн оршин суугаа аймаг, нийслэлийн нэрийг идэвхжүүлнэ.
  • Мессежээр хариу хүлээн авах утасны дугаар хэсэгт таны өөрийн байнгын ашиглаж буй утасны дугаарыг үнэн зөв бичиж оруулна.
  • Өргөдөл, эссэ хэсэгт өмнө pdf хэлбэрээр бэлтгэсэн өргөдөл, эссэг татаж оруулна. Ингээд дээр мэдээллийг оруулж дууссаны дараа бүртгүүлэх сонголтыг хийснээр таны бүртгэл дуусах бөгөөд  танд ногоон өнгөөр “амжилттай бүргүүлсэн” гэсэн цонх гарч ирэх болно.
  • -Мөн бакалаврын боловсролтой иргэдийн хувьд цахим бүртгэлээ хэрхэн хийх вэ?
  • Бакалаврын боловсролтой иргэдийн хувьд эхлээд хөтөлбөрийн сонголтоо хийнэ.
  • Дипломын дугаар, голч дүн,  регистрийн дугаар болон мессежээр хариу хүлээн авах утасны дугаар хэсэгт таны өөрийн байнгын ашиглаж буй утасны дугаар, яаралтай үед холбоо барих утасны дугаар хэсэгт аав, ээж, эхнэр, нөхрийн аль нэг дугаарыг үнэн зөв бичиж оруулсан байна.
  • Үндсэн захиргаа хэсэгт өөрийн оршин суугаа аймаг, нийслэлийг идэвхжүүлэх,
  • Өргөдөл, эссэ хэсэгт өмнө pdf хэлбэрээр бэлтгэсэн өргөдөл, эссэг татаж оруулна. Ингээд дээр мэдээллийг оруулж дууссаны дараа бүртгүүлэх сонголтыг хийснээр таны бүртгэл дуусах бөгөөд  танд ногоон өнгөөр “амжилттай бүргүүлсэн” гэсэн цонх гарч ирэх болно.
  •   -Бүртгэл амжилттай болсноо  хэрхэн яаж шалгах вэ? 
  • -Та бүртгэлээ шалгах хэсэгт өөрийн регистрийн дугаарыг оруулж бүртгэлээ шалгана. Манай сургуулийг сонгон суралцахаар бүртгүүлж байгаа иргэддээ амжилт хүсье. Та бүхэн элсэлтийн бүртгэлтэй холбоотой асуулт байвал манай  Их сургуулийн  цахим хуудсанд хандаарай.