L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нар олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлуудад оролцлоо

Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нар олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлуудад оролцлоо

  • Apr 17, 2021
Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нар ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулиудаас 04 дүгээр сард  зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад оролцлоо. 
ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Уфагийн хуулийн дээд сургуулиас “Эрүүгийн процесст тулгамдаж буй орчин үеийн асуудлууд: шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ-практикийн бага хурал зохион байгууллаа. Энэхүү хуралд  Дотоод хэргийн их сургуулийн  Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахмад В.Амарсанаа “К вопросу об основаниях избрания меры пресечения в виде заключения под стражу”, тэнхимийн багш цагдаагийн ахлах дэслэгч Э.Түвшин-Эрдэнэ “Исчисление срока задержания подозреваемого без разрешения суда” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. 
Мөн улсын Дотоод хэргийн яамны харьяа Сибирийн хуулийн дээд сургуулиас  “Гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй онол, практикийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Ж.Нямдулам “Үндэстэн дамнасан гэмт хэрэг ба хар тамхины хууль бус эргэлт -Монгол Улс дахь нөхцөл байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Энэхүү эрдэм шинжилгээний цахим хурлуудад  Дотоод хэргийн их сургуулиас гадна ОХУ, Азербайджан, Киргиз, Армени, Таджикистан зэрэг улсын ижил төрөл мэргэжлийн их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид оролцож, харилцан туршлага судаллаа.
Мөн Буриадын улсын их сургуулиас "Ази номхон далайн орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Энэ хуралд Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, хошууч Б.Галбадрах “Система наказаний по новому уголовному кодексу Монголии” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцсон юм. Хуралд Монгол Улс болон Буриад Улсын ижил төрөл мэргэжлийн их, дээд сургууль, байгууллагын 70 гаруй эрдэмтэн судлаач, багш, албан хаагч, магистрантур, докторантурт суралцагчид оролцож, харьцуулсан эрх зүйн сэдвийн хүрээнд харилцан туршлага солилцов.

Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба