L O A D I N G
logo
Технострессийг хэрхэн даван туулах вэ?

Технострессийг хэрхэн даван туулах вэ?

  • Apr 24, 2021
Монгол Улсын хэмжээнд цар тахлын улмаас бүхий л үйл ажиллагаа зайн буюу цахим хэлбэрт шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ цаг үед ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сургалт цахимаар явагдаж, олон арван дэвшилтэт апп, загваруудыг туршиж үр дүнг тооцох оролдлогуудыг хэрэгжүүлээд байна.
Их, дээд сургуулийн сонсогч, суралцагч, оюутнуудын хувьд улирлын болон улсын шалгалтыг өгөх нь сэтгэл зүйн төдийгүй оюун ухааны өндөр ачаалал,  хариуцлага байдаг. Тэгвэл энэхүү хариуцлага, цахим шалгалттай холбоотой стрессийг сонсогч, суралцагч, оюутнууд хэрхэн даван туулах талаар Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн багш, хошууч Б.Мөнхбаатар ийнхүү зөвлөснийг хүргэе.   
Хэдийгээр бид өмнө нь олон удаа шалгалт өгч тэнцэн хангалттай үнэлгээ авсан ч тухайн цаг, мөч бүрд бидний сэтгэл зүйн байдал стресст хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг байна. Харин ийм нөхцөл байдалтай харьцуулахад шалгалтын шинэ хэлбэр болох цахим, зайн хэлбэр нь үл мэдэгдэм нөхцөл байдал юм. Гэвч энэхүү байдал нь сэтгэлийн түгшүүрийг илүүтэй үүсгэж, үйл явцын талаарх таагүй хувилбаруудыг эргэцүүлэхэд хүргэн сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг байна.
 
ТЕХНОСТРЕСС ГЭЖ ЮУ ВЭ?
 
Техностресс бол орчин үеийн технологитой хүний харилцан үйлчлэлийн сөрөг ойлголтоос ч илүү өргөн хүрээг хамарсан ойлголт юм. Шалгалтыг зайн хэлбэрээр зохион байгуулж, оролцогчдын мэдлэг, чадвар, хандлагыг бодитоор дүгнэх нь арга хэлбэрээс шалтгаалан тэдний энэхүү хэлбэрт дасан зохицох асуудалтай тулгарч байгаа хэрэг юм.
Сонсогч, суралцагч, оюутнууд шалгалт өгөхдөө тухайн сургалтын хөтөлбөрийг ойлгож байгаадаа эргэлзэх, журмын дагуу даалгаврын гүйцэтгэлд хугацаа өгөгдөх хэдий ч шийдвэр гаргахад хангалттай бус санагдахаас үүдэх айдас, интернэт болон комьютертой холбоотой техникийн асуудал гарч, хангалтгүй  дүн үзүүлэхвий гэсэн түгшүүр, санаа зовнил, цаашлаад зайн шалгалтын хяналттай холбоотой “айдас”-ууд тэднийг хүчтэй СТРЕССИЙН хариу урвал өгөхөд хүргэдэг.
Хэрэв танд энэхүү санаа зовнил үүсээд байгаа бол юу хийх хэрэгтэй вэ?
Энэ төрлийн нөхцөл байдалд техник, тоног төхөөрөмжүүдийн алдааг бусад бүх таагүй хувилбаруудын нэгэн адил хянах боломжгүй гэдэгтэй санал нэгдэх явдал юм. Өөрөөр хэлбэл, энэ талаар ямар нэгэн санаа зовнилгүйгээр шалгагч талд мэдээлэх нь зүйтэй.
Нөгөөтээгүүр шалгалт нь таны мэдлэгийг л үнэлэх гэж байгаа хэлбэр бөгөөд ердийн үед мэдээллээ бататгадагтай нэгэн адил дүрслэн төсөөлөх нь танд шалгалт өгөхөд илүү хялбар байх болно.
Шалгалтын үед төөрөлдөхгүйн тулд системтэйгээ урьдчилан ажиллаж танилцан, даалгавраа гүйцэтгэхэд хангалттай хугацаа байгаа эсэх, хурдтай гүйцэтгэхэд нөлөөлөх, анхаарах асуудлуудын талаар судлах нь танд  илүү ойлгомжтой хийгээд ойр мэдрэмжийг төрүүлнэ. Энэ мэт зүй тогтолтой хэдий чинээ танил байх тусам та тэр чинээгээрээ өөртөө итгэлтэй байх болно.
Шалгалтад ажил хэрэгчээр хандах нь чухал хэдий ч шалгалтын өмнө үндсэн хэрэгцээгээ анхаарч үзээрэй. Та шалгалтын үеэр дэлгэцийн урд багагүй хугацаагаар суух тул сайн унтаж амрах, өглөөний цайгаа ууж, булчингаа суллах хэрэгтэй аж. Түүнчлэн та шалгалтын зохион байгуулалт, хяналтад бус даалгаврын гүйцэтгэлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн багш, хошууч Б.Мөнхбаатар зөвлөлөө.
Хамгийн сүүлд нь өөрийн мэдрэмжийг илэрхийлэх хэрэгтэй. Тухайлбал, шалгалт өгч дууссаны дараа танд маш их түгшүүр эсвэл үр дүнгийн талаарх санаа зовнил байгаа бол эдгээр мэдрэмжийг илэрхийлэн гаргах нь чухал юм. Магадгүй та энэ тухайгаа ойр дотнынхонтойгоо, эсвэл ангийнхантайгаа ярилцаж болно. Үндсэндээ шалгалтын үйл явц, үр дүн чухал хэдий ч давсан л бол бодит байдалд эргэж очих чадвартай байх нь хамгаас эрхэм юм. Товчхондоо  сургалт, шалгалтын зааг хаана дуусаж, энгийн амьдрал эхлэхийг оновчтой тодорхойлоорой гэсэн үг юм.
 
 ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ