L O A D I N G
logo
“Эмерит профессор”, “Хүндэт профессор” цол олгох ёслолын үйл ажиллагаа боллоо

“Эмерит профессор”, “Хүндэт профессор” цол олгох ёслолын үйл ажиллагаа боллоо

  • Jun 11, 2021
Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 15 ны өдрийн А/304 тоот тушаалаар Монгол улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах, эрх зүйн шинжлэх ухаан, Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээ сургалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хил судлал, цагдаа судлал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын ухааны дэг сургуулийг бий болгосон зарим эрдэмтдэд Их сургуулийн “Эмерит профессор”, “Хүндэт профессор” цол хүртээх шийдвэр гаргасан юм.

Энэхүү нэр хүндтэй цол олгох ёслолын үйл ажиллагааг өнөөдөр /2021.6.10/ Дотоод хэргийн их сургуулийн “Төв номын сан”-спорт цогцолбор”-т  зохион байгууллаа.

Их сургуулийн “Эмерит профессор” цолыг Их сургуулийн хүндэт профессор, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, цэргийн шинжлэх ухааны доктор, дэслэгч генерал Ш.Арвай агсан, Монгол улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор, хошууч генерал Б.Пүрэв, Их сургуулийн хүндэт профессор, Монгол улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор А.Лхагваа нарт хүртээсэн юм. Дэслэгч генерал Ш.Арвай агсны “Эмерит профессор” цолыг түүний  эхнэр, Монгол улсын гавьяат багш Б.Даваасүрэнд гардууллаа.
 
Мөн Их  сургуулийг хөгжүүлэх үйл хэрэг, эрх зүй хууль сахиулахын  боловсролын салбарт бодитой хувь нэмэр  оруулсан, философийн ухааны доктор, (Ph.D), профессор С.Арсланбаатарт “Хүндэт профессор” цол олгосон юм.
Хүндэт цол хүртсэн эрдэмтдэд Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор цагдаагийн  хурандаа П.Батбаатар  ёслолын  тууз, зүүлт, энгэрийн тэмдэг, диплом гардуулан, үг хэлж,  Их сургуулийн захирлын зөвлөлөөс хүндэтгэл үзүүлсэн юм. Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн  хурандаа П.Батбаатар:
 “Эмерит  профессор”, “Хүндэт профессор” цолоор шагнагдсан эрхэм доктор, эрдэмтэн профессор та бүхэнд болон та бүхний гэр бүлд энэ эрхэмсэг, нэн хүндэтгэлтэй, түүхэн үйл явдлыг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөл, эрдмийн нийт хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Их сургуулийг хөгжүүлэх, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах үйлсэд амжилт гаргасан эрдэмтэн судлаач, төр нийгмийн зүтгэлтнийг Их сургуулийн хүндэт цолоор шагнаж, алдаршуулж ирсэн уламжлалтай билээ. “Эмерит профессор” цолыг  шинжлэх ухааны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан  эрдэмтэнд хүртээж байхаар Эрдмийн зөвлөлийн  тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэн энэ цолыг хамгийн  анхлан хүртсэн хүмүүст олголоо. 

“Хүндэт профессор” цолыг их сургуулийг хөгжүүлэхэд болон аюулгүй байдал, хууль зүй, хууль сахиулах, боловсролын салбарт бодитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн, багш судлаачдад олгодог. Энэ эрхэмлэн дээдлэх  хүндэт цолыг өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын 16 эрдэмтэд  хүртээд байна. Харин өнөөдөр энэ цолыг манай Их сургуульд 30 гаруй жил хөдөлмөрлөж, олон мянган  шавь нараа бэлтгэсэн, философийн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа С.Арсланбаатар гардаж авлаа.

Хүндэт цол шагнагдсан эрхэм та бүхэнд болон та бүхний гэр бүлд дахин баяр хүргэж, эрүүл энх байж, урт удаан наслаж, эрдэм судлалын их үйлсдээ өндөр амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж  хэлсэн юм.  
Энэхүү үйл ажиллагаанд  ДХИС-ийн Захирлын зөвлөлийн гишүүд, багш, албан хаагчдын төлөөлөл, эрдэмтдийн гэр бүл үр хүүхдүүд оролцсон юм.