L O A D I N G
logo
Удирдлагын академийн эрдмийн баяр боллоо

Удирдлагын академийн эрдмийн баяр боллоо

  • Jun 14, 2021
Дотоод хэргийн Их сургуулийн Удирдлагын академийн 2020-2021 оны хичээлийн жилд төгсөгчдөд магистрын зэргийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2021.06.14/ Их сургуулийн Соёлын төвд боллоо.

Төгсөгчдөд магистрын дипломыг Дотоод хэргийн Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр нар гардуулан өгсөн юм. Энэ  хичээлийн жилд Удирдлагын академийг 53 суралцагч төгсөж дипломоо гардан авч байна. 

Магистрын диплом  гардуулах үеэр бусдыгаа манлайлан суралцсан 5 суралцагчид онцгойлох диплом олгож, магистр, хошууч Ж.Энхболд, ахмад Б.Мэндбаяр нарт докторын сургалтад суралцах эрхийн бичиг гардууллаа.

Дотоод хэргийн Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар төгсөгчдөд хандан:

“Төгсөгч та бүхнийг эрдэмтэн багш нарынхаа заасан эрдэм мэдлэгийг улам бүр бататган, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийг ёсчлон биелүүлж, мэргэжилдээ чин шударга, алба хаагчиддаа хүндэтгэлтэй хандаж, удирдагч хүний ёс жудгийг эрхэмлэсэн, хамт олондоо өнөд дурсагдах домог болсон манлайлагч-удирдагч болж, төрийн албанд түүчээ болох их амжилтын цуурайг бидэнд тасралтгүй илгээнэ гэж хүлээх болно.

Баялаг түүхтэй Дотоод хэргийн Их сургуулийн өндөр босготой Удирдлагын академийн алдар хүнд, төгсөгчдийн нэр төрийг үеийн үед өндөрт өргөн манлайлж явна гэдэгт бид итгэл төгс байна”  гэж хэлээд амжилт хүссэн юм.