L O A D I N G
logo
Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо

Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо

  • Jun 24, 2021
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Хууль сахиулахуй, олон нийтийн эрүүл мэнд судлалын хүрээлэн төрийн бус байгууллага “Сэтгэцийн эмгэгтэй хүний нийгэмд аюултай үйлдэл: эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр цахимаар амжилттай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг нар нээж үг хэлж, оролцогчдод амжилт хүссэн юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлыг нээж илрүүлэх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрүүл мэндийн болон шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор зохион байгуулжээ.
Цахим хэлэлцүүлэгт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиник, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, 401 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэг, Баривчлах байр, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим зэрэг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцдог бүхий л мэргэжлийн байгууллага, тэдний алба хаагч, энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх салбар бүрийн эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлж оролцсноороо онцлогтой байв.
Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн болон шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл цахимаар оролцож, шинжлэх ухааны мэтгэлцээн өрнүүлсэн явдал онол, практикийн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.