L O A D I N G
logo
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, бусдыгаа манлайлсан зарим  багш, албан хаагч нарт төрийн дээд одон медаль, цол шагнал гардууллаа

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, бусдыгаа манлайлсан зарим багш, албан хаагч нарт төрийн дээд одон медаль, цол шагнал гардууллаа

  • Jul 10, 2021
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, бусдыгаа манлайлсан зарим  багш, албан хаагч нарт төрийн дээд одон медаль, цол шагнал гардууллаа.
 Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээ эрхэлсэн Тэргүүн дэд захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар болон Захирлын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын багийн дэд профессор, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээ эрхэлсэн Тэргүүн дэд захирал,  доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар,  Цэргийн гавьяаны одонгоор Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ш. Ариунбилэг нарын дөрвөн албан хаагч, Алтан гадас одонгоор  Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн багш Л.Нямжав, Цэргийн хүндэт медалиар Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны  тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа О.Батбилэг нарын гурван албан хаагч тус тус хүртсэн юм.

"Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр Ахлагчийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалтын  хэсгийн цэргийн албаны зохион байгуулалт хариуцсан ахлах офицер багш, цагдаагийн дэд хурандаа Г.Сонинбаяр, ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа М.Эрдэнэбаяр, цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Болд  нарыг шагнав. 
Энэ үеэр   ажил үйлсээрээ манлайлсан зарим албан хаагч нарыг “Хүндэт хилчин” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан”, “Нягтлан бодох  бүртгэлийн тэргүүний ажилтан”, “Онц хилчин” тэмдэг, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр тус тус шагналаа. 

Мөн Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын  Бодлого, төлөвлөлтийн  албаны дарга цагдаагийн хошууч С.Болдбаатарт хугацааны өмнө цагдаагийн дэд хурандаа цол, Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хошууч Н.Манлайбаатар, Цагдаагийн сургуулийн  Цагдаагийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Г.Бямбадорж, Гадаад хэлний интститутын ахлах багш, цагдаагийн хошууч Ц.Дэлгэрцэцэг нарын гурван албан хаагчид цагдаагийн дэд хурандаа цол тус тус олголоо. 

Цол шагнал олгогдсон бүх эрдэмтэн багш, албан хаагчид, ажилчиддаа ажлын амжилт хүсэж байна.