L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, оюутнууд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ

Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, оюутнууд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ

  • Nov 25, 2019
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан нэр бүхий 27 оюутан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж,  сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.  Мөн эх орныхоо төлөө хүн бүр, ялангуяа ирээдүйг авч явах залуус хичээн зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөхийг уриаллаа. 
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтын 348 дугаар дамжааны сонсогч Э.Дэлгэрмаа, Б.Мягмардорж, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн оюутан Г.Ган-Эрдэнэ нар хүртсэн юм.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн сонсогч, оюутнууд сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвхи зүтгэл гаргаж, үлгэр жишээ болох ажил санаачлан зохион байгуулж, бусдадаа үлгэр дууриал болсон аж.
 Мөн тэд монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, амжилттай суралцаж бусдад үлгэр дууриал болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн байна.
Тэтгэлэг гардсан оюутан залуус “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдэвт эссэ бичих гэсэн шалгуурыг 85-аас дээш хувиар хангасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын өргөмжлөл, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн билээ.


СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА