L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн Магистр, докторын сургалтын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэлийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна

Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн Магистр, докторын сургалтын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэлийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна

  • Aug 27, 2021
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 
 
Дотоод хэргийн их сургуулийн магистрын хөтөлбөрүүд нь 2 жил буюу 4 улирал, докторын хөтөлбөр 3  жил буюу 6 улирлын туршид суралцах бөгөөд суралцах агуулгын 30 хүртэл хувийг танхим болон зайн хосолсон сургалтаар зохион байгуулна. 2021-2022 оны хичээлийн жилийн I улирлын танхимын сургалт-2021.10.04-2021.11.26-ны хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.
 
Гэмт явдал судлал-эрх зүй /өдөр, 2 жил/ магистрын сургалтын хөтөлбөр
 
Сургалтын хөтөлбөрийн зорилго:
Гэмт явдал судлалыг хөгжүүлэх,  хууль сахиулах байгууллагын хөгжлийг бүх талаар дэмжих, стратегийн түвшинд хөгжих хүний нөөцийг бүрдүүлэх, техник, технологийн дэвшлийг тасралтгүй нэвтрүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандаж, нотолгоонд суурилан асуудал шийдвэрлэх ур чадварыг эзэмшсэн  судлаач мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
 
Хөтөлбөрийн зорилт, суралцахуйн үр дүн:
-Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны онол, эрх зүйн зохицуулалт, түүний уламжлал, олон улсын чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олж авах;
-Онолын мэдлэгт тулгуурлан судалгаа хийх арга зүй эзэмших, суурь судалгаа хийх;
-Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд тулгамдсан асуудлуудыг нээн илрүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох;
-Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад улсын туршлагыг судлах нэвтрүүлэх замаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх;
 
Хил судлал /өдөр, 2 жил/ магистрын сургалтын хөтөлбөр
 
Сургалтын хөтөлбөрийн зорилго:
Улсын хилийн халдашгүй дархан байдал болон хилийн аюулгүй байдлыг хилийн отрядын хэсэгт хангах, албаны бэлэн байдал, үйл ажиллагааг Хил судлалын шинжлэх ухаан, цэргийн хэрэгт тулгуурлан удирдан зохион байгуулах онолын мэдлэг, практик дадлагатай, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандан, оновчтой шийдвэрлэх ур чадвартай, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өндөр төвшинд гүйцэтгэх, хил хамгаалах байгууллагын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, цогц чадамж бүхий судлаач бэлтгэхэд оршино.
 
Хөтөлбөрийн зорилт, суралцахуйн үр дүн:
Хил судлалын шинжлэх ухааны ерөнхий ойлголт, судлах зүйл, тэдгээрийн агуулга, мөн чанар, хөгжлийн хэтийн төлөв байдлын талаар мэдлэг эзэмшүүлэх, цэргийн хэргийн тулгуур ойлголтууд, ангийн байлдааны ажиллагааны үндэс, штабын бэлтгэлийг явуулах онол арга зүйн мэдлэг олгох, аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй оюуны дүгнэлт өгөх, оновчтой шийдвэр гаргах, хөгжлийн чиг хандлагыг баримжаалах, эрдэм шинжилгээ судалгаа, зохион бүтээх ажлыг хийх, удирдах чадвар эзэмшүүлэх.
Шинжлэн магадлах ухаан /өдөр, 2 жил/ магистрын сургалтын хөтөлбөр
 
Хөтөлбөрийн зорилго:
Шинжлэн магадлахуйн онол, хэрэглээний тулгамдсан асуудлаар хууль сахиулах байгууллагын ажилтнуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, нотолгоонд суурилсан дүгнэлт гаргах ур чадварыг эзэмшсэн  судлаачдыг бэлтгэхэд оршино.
 
Хөтөлбөрийн зорилт, суралцахуйн үр дүн:
- Шинжлэн магадлахуйн онол, эрх зүйн үзэл баримтлал, хэм хэмжээ, арга судлал, оношлол, адилтгал, ангиллын онол тэдгээрийн мөн чанарыг талаар мэдлэг эзэмшсэн;
- Өөрийн мэргэшсэн шинжилгээний төрөл болон судалгаа хийсэн сэдвийнхээ онол, хууль сахиулах үйл ажиллагааны үед ул мөрийг илрүүлэх, бэхжүүлэх арга зүйг боловсронгуй болгох;
-Бусдын нөлөөллөөс ангид, хараат бус байж, эрх зүйн ухамсарыг удирдлага болгон хуулийн дагуу ажиллах;
-Мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг эрмэлзэж, залуу үе, шинэ төгсөгчдөд мэргэжлийн мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгөх чадвар эзэмших;
 
Гамшиг судлал /өдөр, 2 жил/ магистрын сургалтын хөтөлбөр
 
Хөтөлбөрийн зорилго:
Гамшиг судлалын салбар шинжлэх ухааныг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, бүх талаар дэмжих, техник, технологийн дэвшлийг тасралтгүй нэвтрүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшсэн алба хаагчдыг бэлтгэхэд оршино.
 
Хөтөлбөрийн зорилт, суралцахуйн үр дүн:
Гамшиг судлалын ухааны онол, хандлага, гамшгаас хамгаалах мэдлэг, суурь судалгааны арга зүйн талаар мэдлэг, ур чадвар эзэмших, эрсдэлийн тойм судалгаа хийх, гамшгаас хамгаалах  бодлого, салбар хоорондын тулгамдсан асуудлуудыг нээн илрүүлж, шийдвэр гаргах, бүтээлч сэтгэлгээтэй байх, ажлыг үр дүнтэй төлөвлөж, зохион байгуулах чадвар, хандлагыг хөгжүүлнэ.
 
Цагдаа судлал /өдөр, 2 жил/ магистрын сургалтын хөтөлбөр
 
Хөтөлбөрийн зорилго:
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, туршилт, шинжилгээ хийх ур чадвар, арга барил эзэмшиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, мэргэжлийн болон судлаачийн ёс зүйг баримтлан ажиллах хандлага төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
 
Хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн:
Төгсөгчид цагдаагийн эрх зүй, цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны онол, практик, эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг, арга зүйн асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт, санал дэвшүүлэх ур чадвар эзэмшүүлэх, судлаачийн ёс зүйтэй байх хандлага төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
 
Мэдээллийн аюулгүй байдал судлал /өдөр, 2 жил/ магистрын сургалтын хөтөлбөр
 
Хөтөлбөрийн зорилго:
Мэдээллийн аюулгүй байдал судлалыг хөгжүүлэх, цахим орчинд үйлдэгдэх халдлагаас улс, нийгмийг хамгаалах мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэгтэй, судалгаа, шинжилгээний ажил хийх чадвартай, салбарын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, цогц чадамж бүхий бүрэлдэхүүнийг бэлтгэхэд оршино.
 
Хөтөлбөрийн зорилт, суралцахуйн үр дүн:
Мэдээллийн аюулгүй байдлын онол, эрх зүйн зохицуулалт, арга зүй, практикийн  талаар мэдлэг эзэмших, салбарын тулгамдсан асуудлуудыг нээн илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох судалгаа хийх ур чадварыг хөгжүүлэх, шинэ арга барилыг бий болгох, мэргэжлийн ёс зүйтэй байх хандлага төлөвшүүлэхэд чиглэнэ. 
 
Эдийн засгийн аюулгүй байдал судлал /өдөр, 2 жил/ магистрын сургалтын хөтөлбөр
 
Хөтөлбөрийн зорилго:
Эдийн засгийн аюулгүй байдал, түүнд учирч болох хор хохирлоос хамгаалах, алдагдлыг тодорхойлох, мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэгтэй, судалгаа, шинжилгээний ажил хийх чадвартай, салбарын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, цогц чадамж бүхий бүрэлдэхүүнийг бэлтгэхэд оршино.
 
Хөтөлбөрийн зорилт, суралцахуйн үр дүн:
Эдийн засгийн аюулгүй байдлын онол, эрх зүйн зохицуулалт, арга зүй, практикийн талаар онолын өндөр мэдлэг мэдлэг эзэмших, салбарын тулгамдсан асуудлуудыг нээн илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох судалгаа хийх ур чадварыг хөгжүүлэх, шинэ арга барилыг бий болгох, мэргэжлийн ёс зүйтэй байх хандлага төлөвшүүлэхэд чиглэнэ. 
 
Эрх зүй /өдөр, 2 жил/ магистрын сургалтын хөтөлбөр
 
Хөтөлбөрийн зорилго:
Хууль зүйн шинжлэх ухааны онол, практикийн мэдлэгээ гүнзгийрүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, туршилт, шинжилгээ хийх ур чадвар эзэмшиж, мэргэжлийн болон нийгмийн чадвараа байнга дээшлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, мэргэжлийн болон судлаачийн ёс зүйг баримтлан ажиллах хандлага төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
 
Хөтөлбөрийн зорилт, суралцахуйн үр дүн.
Хууль зүйн шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлагын талаарх мэдлэгийг ахисан төвшинд эзэмших, судалгаа, шинжилгээ хийх ур чадвар эзэмших, судлаачийн ёс зүйг баримтлан ажиллах, шинжлэх ухаанч үзэл хандлагыг төлөвшүүлнэ. 
 
Гэмт явдал судлал-эрх зүй /эчнээ, 3 жил/ докторын сургалтын хөтөлбөр
Гэмт явдал судлалыг хөгжүүлэх, төрийн тусгай байгууллагуудын интеграцчиллыг бүх талаар дэмжих, стратегийн төвшинд хөгжсөн хүний нөөцийг бүрдүүлэх, техник, технологийн дэвшлийг тасралтгүй нэвтрүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандаж, нотолгоонд суурилан шийдвэрлэх ур чадварыг эзэмшсэн  судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.
 
Хил судлал /эчнээ, 3 жил/ докторын сургалтын хөтөлбөр
Улсын хилийн халдашгүй дархан байдал болон хилийн аюулгүй байдлыг хилийн отрядын хэсэгт хангах, албаны бэлэн байдал, үйл ажиллагааг хил судлалын шинжлэх ухаан, цэргийн хэрэгт тулгуурлан удирдан зохион байгуулах онолын мэдлэг, практик дадлагатай, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандан, оновчтой шийдвэрлэх ур чадвартай, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх, хил хамгаалах байгууллагын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, цогц чадамж бүхий судлаач бэлтгэнэ.
 
Шинжлэн магадлах ухаан /эчнээ, 3 жил/ докторын сургалтын хөтөлбөр
Байгаль, нийгмийн үзэгдлийн мөн чанар, мөр үүсэх зүй тогтлын тухай сургаалуудыг үндэслэн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үед ул мөрийг илрүүлэх, бэхжүүлэх арга зүйг боловсронгуй болгох, шинжлэн магадлахуйн онол, хэрэглээний тулгамдсан асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх чадвартай, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандаж, нотолгоонд суурилан шийдвэрлэх ур чадварыг эзэмшсэн  судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.
 
Гамшиг судлал /эчнээ, 3 жил/ докторын сургалтын хөтөлбөр
Гамшиг судлалын салбар шинжлэх ухааныг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, бүх талаар дэмжих, техник, технологийн дэвшлийг тасралтгүй нэвтрүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшсэн судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.
 
Хууль сахиулах удирдлага /эчнээ, 3 жил/ докторын сургалтын хөтөлбөр
Удирдахуйн ухааны эрдэм судлалыг хөгжүүлэх,  аюулгүй байдлыг хангах  байгууллагуудын интеграцчиллыг бүх талаар дэмжих, стратегийн түвшинд хөгжсөн хүний нөөцийг бүрдүүлэх, техник, технологийн дэвшлийг тасралтгүй нэвтрүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандаж, нотолгоонд суурилан шийдвэрлэх ур чадварыг эзэмшсэн судлаач удирдах ажилтныг бэлтгэнэ.
 
Эрх зүй /эчнээ, 3 жил/ докторын сургалтын хөтөлбөр
Хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэгтэй, судалгаа, шинжилгээ хийх ур чадвартай, мэргэжлийн болон нийгмийн чадвараа байнга дээшлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, мэргэжлийн болон судлаачийн ёс зүйг баримтлан ажиллах хандлага төлөвшсөн судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.
 
  ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
 
  1. Тавигдах шаардлага:
-Элсэхийг хүсэгч нь тухайн мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн, төрийн байгууллагад 3-аас доошгүй ажилласан туршлагатай.
-Элсэгчид судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн 6-8 хуудас танилцуулга бүхий эссэг Дотоод хэргийн их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартын дагуу бичсэн байна.
-Элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг авна.
-Элсэгч нь гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байна.
 
  1. Бүрдүүлэх материалын жагсаалт
-Өргөдөл;
-Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р  маягтаар);
-Иргэний үнэмлэх (баталгаажуулсан хуулбар);
-Бакалаврын диплом, хавсралт (баталгаажуулсан хуулбар); голч 3.0  
 (80)-аас   дээш;
-Суралцагчийн ажлыг зохицуулан, сургалтын хугацаанд ажлаас нь түр чөлөөлөхийг зөвшөөрсөн харьяа  байгууллагын албан бичиг;
-3х4 хэмжээтэй гэрэл зураг 2%, цахимаар 1% ;
-Элсэлтийн хураамж төлсөн баримт ; 
-Судалгааны ажлын агуулга,чиглэл, зорилгын талаар бичсэн танилцуулга;(6-8 хуудас).
 
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ
МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
 
  1. Тавигдах шаардлага:
Элсэхийг хүсэгч нь тухайн мэргэжлээр магистрын боловсрол эзэмшсэн, салбартаа 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, дипломын голч дүн 3,3 (85%) дээш байна.
Элсэгчид судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн 6-8 хуудас танилцуулга бүхий эссэг Дотоод хэргийн их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартын дагуу бичсэн байна.
Элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг авна.
Элсэгч нь гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байна.
 
  1. Бүрдүүлэх материалын жагсаалт
  • Өргөдөл;
  • Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р  маягтаар);
  • Иргэний үнэмлэх (баталгаажуулсан хуулбар);
  • Магистрын диплом, хавсралт (баталгаажуулсан хуулбар); голч 3.3  
     (85%)-аас   дээш;
  • Суралцагчийн ажлыг зохицуулан, сургалтын хугацаанд ажлаас нь түр чөлөөлөхийг зөвшөөрсөн харьяа  байгууллагын албан бичиг;
  • 3х4 хэмжээтэй гэрэл зураг 2%, цахимаар 1% ;
  • Элсэлтийн хураамж; 
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн танилцуулга (6-8 хуудас);
  • Бүтээлийн жагсаалт.