L O A D I N G
logo
ДХИС-ийн Удирдлагын академийн хамт олон "Токио-2020" паралимпын алтан медальт Энхбаярын Содномпилжээд хүндэтгэл үзүүллээ

ДХИС-ийн Удирдлагын академийн хамт олон "Токио-2020" паралимпын алтан медальт Энхбаярын Содномпилжээд хүндэтгэл үзүүллээ

  • Sep 09, 2021


ДХИС-ийн Удирдлагын академийн хамт олон "Токио-2020" паралимпын алтан медальт Энхбаярын Содномпилжээд хүндэтгэл үзүүллээ
"Токио-2020" паралимпын алтан медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээд ДХИС-ийн Удирдлагын академийн хамт олон хүндэтгэл үзүүлэв. Тэрээр "Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээнд шинэ рекордыг тогтоож паралимпын алтан медаль хүртэж Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа тамирчдын нэг билээ.    
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь 2016 онд Риогийн паралимпээс 210 кг өргөж хүрэл, 2017 оны пара хүндийн өргөлтийн дэлхийн аваргаас мөнгө, 2018 оны Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн амжилт гаргаж байжээ. Түүний хувьд 2009 оноос хойш пауэрлифтингийн спортоор тууштай хичээллэж, 2010 оноос олон улсын тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж эхлэн ийнхүү дэлхийн олон рекордыг эвдсэн тамирчин юм. 

    

Юуны өмнө танд халуун баяр хүргэе!  ДХИС-ийн Удирдлагын академийн хамт олныхоо хүндэтгэлийг хүлээж аваад ямар сэтгэгдэлтэй байна вэ?
  • Баярлалаа. Өнөөдөр ДХИС-ийн Удирдлагын академийн удирдлага, анги хамт олон маань хүлээж  авсанд маш их баярлалаа. Би анх  элсэж ороод гурван жил их хол санагдаж, хүнд бэлтгэлийн хажуугаар яаж сурна даа гэж бодож байлаа. Шантрахгүй бол сурч болдог гэдгийг мэдэрч,  олон сайхан багш, удирдлага, анги хамт олонтой боллоо. Та бүхэндээ сайн сайхныг хүсэж, сурлагынхаа амжилтыг ахиулах болно гэж хэлье.
        Та  ДХИС-ийн Удирдлагын академийн ямар хөтөлбөрт хамрагдан суралцаж байна вэ?
- Миний үндсэн мэргэжил нягтлан бодогч-эдийн засагч. Харин 2017 онд би Дотоод хэргийн их сургуулийнхаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуулийг “Эрх зүй-Шүүхийн шийдвэрийн ажилтан” мэргэжлээр төгссөн. Одоо ДХИС-ийн Удирдлагын академийн Хууль сахиулах байгууллагын удирдлагын магистрыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчдын албаны бэлтгэлжилтийг удирдан зохион байгуулах” сэдвээр хамгаалахаар судалгааны ажлаа бичиж байна.
Нэг удаа хичээл зааж байсан багш:
  • “Бид таны алдар цол, гавъяаг хүндэлнэ, гэхдээ энэ сургуулийн хашаанд ороод ирсэн л бол суралцагч, багшийн ёс зүйг дагах ёстой” гэж хэлсэн нь надад их хүч өгсөн. Тамирчин хүн ямар нэг их, дээд сургуулийн нэр дээр яваад хичээлдээ суухгүй төгсдөг тийм сэтгэлгээг байхгүй болгож, үлгэр дуурайлал үзүүлэхээр зорьж байна. Тиймээс хичээлдээ идэвхтэй оролцож, хоцролт таслалтгүй суралцан ангийн даргын үүргийг гүйцэтгэж бусад тамирчиддаа үлгэр дуурайл болж байгаа гэж бодож байна.
       ДХИС-ийн Эрдмийн хамт олондоо  чин сэтгэлийн үгээ хэлнэ үү ?
  • Дотоод хэргийн Их сургуулийн захирал болон Захирлын зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш, анги хамт олон мөр зэрэгцэн сурч байгаа сонсогч, суралцагч дүү нартаа маш их баярлалаа.  ДХИС-д суралцах нь миний хувьд аз завшаан нэр төрийн хэрэг юм. Улс эх орныхоо нэрийг гаргах тэмцээн уралдаанд оролцох тохиолдолд дэмжлэг үзүүлж чөлөө олгож байсан багш, удирдлагуудаасаа уучлалт хүсэхийн зэрэгцээ баярлаж талархаж явдгаа  хэлье.
Баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсэж,  эрдэм судалгааны ажилд чинь амжилт хүсье
                                                                                                                                                                                            Ярилцсан: Ахлагч Н.Хүсэл