L O A D I N G
logo
Ахмад Ж.Ууганчимэг:  Иргэдэд  ажлын өдөр бүр үнэ төлбөргүй  хууль эрх зүйн зөвлөгөө өгч байна.

Ахмад Ж.Ууганчимэг: Иргэдэд ажлын өдөр бүр үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгч байна.

  • Sep 17, 2021
   Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын  хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд Дотоод Хэргийн Их Сургуультай  хамтран гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх Хууль зүйн клиник сургалтын төвийг байгуулаад байна.
   Одоогийн байдлаар иргэдэд гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх, хохирогчид эрх зүйн тусламж авах хүртээмжийг сайжруулж, иргэдийн эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.   
      Энэ талаар Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн багш, дэд профессор, ахмад  Ж.Ууганчимэгээс тодрууллаа.

 
Хууль зүйн клиник сургалтын төв байгуулагдсанаар иргэдэд эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг өдөр бүр цагийн хуваарийн дагуу хүргэж байна. Энэ талаар  товч мэдээлэл өгнө үү
   -Дотоод хэргийн их сургуульд Хууль зүйн клиник сургалтын төв байгуулагдсанаар  манай Их сургуулийн мэргэжлийн багш нар, төгсөх ангийн сонсогчид хамтран ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд  иргэдэд иргэний эрх зүй, гэр бүлийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, эрүүгийн эрх зүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн чиглэлээр хууль зүйн анхан шатны зөвлөгөөг  үнэ төлбөргүй өгч байна.
     Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай тохиолдолд бусад байгууллагуудад тэднийг холбон зуучлах туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж эхэлсэн юм. Үүний үр дүнд манай Их сургуулийн энэ төвд ажиллаж байгаа сонсогчид аливаа хэрэг маргаанд дүн шинжилгээ хийх, хууль зүйн баримт бичиг боловсруулах, аливаа маргааныг эрх зүйн үүднээс шийдвэрлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Иргэдийн хувьд гэр бүлийн эрх зүй тэр дундаа хүүхдийн тэтгэлэг, өмчийн эрх зүйн маргаан зэрэг олон асуудлуудаар хандаж зөвлөгөө авч байна.

       Энэ төвөөр Баянзүрх дүүргээс гадна ямар дүүрэг хороодын иргэд үйлчлүүлэх боломжтой вэ?
       -Манай хууль зүйн туслалцааны төвөөр Баянзүрх дүүргийн иргэдээс гадна бусад дүүрэг, хөдөө орон нутгаас ирсэн гээд хууль эрх зүйн туслалцаа авах шаардлагатай ямар ч иргэн зөвлөгөө авах боломжтой.
            Харин энэ төвөөр үйлчлүүлэхийг хүссэн иргэд дээр дурдсан цагийн хуваарийн дагуу Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаа, дотоод журамд ямар нэг хүндрэл учруулахгүй байх шаардлагатай. Мөн ковид-19 цар тахлын тархалттай холбоотой халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалтаа зүүхээс гадна өөрийн хууль эрх зүйн зөвлөгөө авах асуудалтайгаа холбоотой нотлох баримт, бичгүүдээ аль болох бүрэн авчирах хэрэгтэйг зөвлөе.