L O A D I N G
logo
“Цагдаагийн тактик тусгай бэлтгэл”  сурах бичгийн  зохиогч уншигчийн уулзалт боллоо

“Цагдаагийн тактик тусгай бэлтгэл” сурах бичгийн зохиогч уншигчийн уулзалт боллоо

  • Oct 07, 2021

       Дэлхийн болон Монголын багш нарын баярыг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангаас ээлжит зохиогч, уншигчдын уулзалтаа зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын зочин хоймортоо “Цагдаагийн тактик тусгай бэлтгэл” сурах бичгийн зохиогч, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа З.Цэрэнбатыг урьжээ.

      Тус үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, номын шүүмжийг бичсэн хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Т.Бямба, Цагдаагийн  сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ш.Чулуун болон Цагдаагийн сургуулийн багш, сонсогчдын төлөөлөл оролцлоо.

        “Энэ сурах бичиг бол миний тав дахь бүтээл. Бид өмнө нь бие хамгаалах бэлтгэл, галын бэлтгэл, тусгай хэрэгсэл, албаны байр зүй зэрэг хичээлийг хүн нэг бүрийн бэлтгэлийг хангах түвшинд заагаад л орхидог байсан. Энэ бүтээлийн давуу тал нь дээрх хичээлүүдийн залгамж чанар, уялдаа холбоо, тасралтгүй байх зарчмыг баримтлан нэг нийлбэр цогц болгон онол, эрх зүйн үндсийг тодорхойлж, цагдаа, дотоодын цэргийн алба ажиллагааны тактик, арга зүй, байр зүйн үндсэн мөрдлөгүүд, тусгай ажиллагааны удирдлага, харилцан ажиллагааны элементүүдийг нэгтгэн тодорхойлсонд оршиж байгаа” хэмээн Хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа З.Цэрэнбат ярив.

         Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг:
  • “Цагдаагийн сургуулийн хамгийн гол чиглэл болсон тактик, тусгай бэлтгэлийн чиглэлээр богино хугацаанд сурах бичиг гаргасан доктор, цагдаагийн хурандаа З.Цэрэнбатад маш их талархаж буйгаа илэрхийлье. Тактик, тусгай бэлтгэл хичээлд ус, агаар шиг хэрэгтэй үндсэн сурах бичгийг гаргаж байгаа таниар маш их бахархаж байна. Тусгай албаны ажилтан бэлтгэх  талаар З.Цэрэнбат доктор удаа дараа санал гаргаж байсан. Түүний энэ санал биеллээ олж, энэ жилээс Их сургууль “Аюулгүй байдал, тусгай албаны ажилтан” хөтөлбөрөөр элсэлт авч эхэлсэн. Цаашлаад тусгай хүчний сургууль байгуулах хэтийн төлөвлөгөөтэй” гэж онцоллоо.
  • Энэхүү сурах бичгийн шүүмжийг бичсэн, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Т.Бямба “Тактик, тусгай бэлтгэлийн хичээлийг заахад сайн сурах бичиг дутагдалтай байдаг. Сайн цагдаа болохын тулд нэн тэргүүнд ёс зүйтэй, соёлтой, хүнлэг, албаны бэлтгэлтэй байх ёстой. Албаны бэлтгэлийг хангахад үр өгөөжөө өгөх чухал ач холбогдолтой сурах бичиг гарсанд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
  • Цагдаагийн  сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ш.Чулуун “Тактик, тусгай бэлтгэлийн чиглэлээр ном, сурах бичиг хомс. Байгаа цөөн сурах бичиг нь шинэ цагийн шаардлагад төдийлэн сайн нийцдэггүй. Өнөөдрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан сургалтын агуулга, хичээлийн хөтөлбөрт бүрэн нийцсэн сурах бичиг гарч байгаад маш их баяртай байна. Энэхүү сурах бичиг нь тусгай алба хаагчаас гадна энгийн хүн уншихад ойлгомжтой, энэ чиглэлээр анхдагч иж бүрэн мэдээлэлтэй сурах бичиг боллоо” хэмээн талархсан сэтгэлээ хуваалцсан юм.
  • Тактик, тусгай бэлтгэлийн чиглэлээр сурах бичигтэй болсондоо багш нар төдийгүй сонсогчид ихэд баяртай байлаа. Цагдаагийн сургуулийн 333-р дамжааны сонсогч Б.Амарсанаа “Цагдаа хүн хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхэд албаны бэлтгэл хамгийн чухал байдаг. Тактик, тусгай бэлтгэлийн хичээлд хэрэглэх үндсэн сурах бичигтэй болж байгаадаа баяртай байна. Энэхүү бүтээл нь бидний ширээний ном болно гэдэгт итгэл дүүрэн байна. Үнэ цэнтэй бүтээл гаргасан З.Цэрэнбат багшдаа баяр хүргэж, талархаж буйгаа илэрхийлье” гэв.
  • Тухайн жилийн онцлох бүтээлийн зохиогчийг уншигчидтай уулзуулдаг энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Их сургуулийн Төв номын сангийн эрхлэгч, хошууч Д.Баттогоо “Манай номын сангаас жил бүр зохиогч, уншигчдын уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалтаар сонсогч, суралцагчдын гарын авлага болсон үнэ цэнтэй сурах бичиг гаргасан зохиогч, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа З.Цэрэнбатыг урьж оролцууллаа. Энэхүү ном нь манай сонсогч, суралцагчдын эрэлт хэрэгцээтэй номын жагсаалтад орох нь дамжиггүй” хэмээлээ.
Үнэ цэнтэй бүтээл гаргасан хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа З.Цэрэнбатад сургуулийн захирал болон багш, сонсогчид талархлаа илэрхийлж, дурсгалын зүйл гардуулснаар энэ удаагийн зохиогч, уншигчдын уулзалт өндөрлөв.