L O A D I N G
logo
​Хос хөтөлбөрт суралцсан анхны төгсөгчдөд, боловсролын диплом, энгэрийн тэмдэг гардууллаа

​Хос хөтөлбөрт суралцсан анхны төгсөгчдөд, боловсролын диплом, энгэрийн тэмдэг гардууллаа

  • Oct 08, 2021

      Дотоод хэргийн их сургууль нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, БНХАУ, БНСУ, БНТурк улс, БНЭнэтхэг улс, БНСоциалист Вьетнам  улс, ХБНГерман улс, БНКазакстан зэрэг орны 20 гаруй байгууллагын ижил төстэй төрөл мэргэжлийн 30-аад их, дээд  сургууль, сургалт судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
    
       Энэ ажлын хүрээнд багш, оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, БНСУ-ын Чангшин их сургуулийн хос диплом олгох хөтөлбөрт “Цагдаагийн удирдлага”, “Галын аюулгүй байдлын инженер”, “Компьютер, программ хангамжийн инженерчлэл” (Кибер аюулгүй байдал) зэрэг мэргэжлээр, БНСолонгос улсын Тэнгисийн цэргийн академи, БНУнгар улсын Галын сургууль, Польш Улсын Варшавын Гал командын ерөнхий сургуульд сонсогч, суралцагчдаа суралцуулж байгаа юм.
     
    Дотоод хэргийн их сургуулиас БНСУ-ын Чангшин их сургуулийн хос диплом олгох хөтөлбөрт  Эрх зүй, нийгмийн ухааны сургуулиас суралцсан анхны төгсөгчид сургуулиа амжилттай төгсөж, боловсролын диплом, энгэрийн тэмдгээ өнөөдөр /2021.10.08/ гардан авлаа.

            Энэхүү үйл ажиллагаанд Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар болон Сургалтын бодлого төлөвлөлтийн газрын удирдлага,  багш нар, сонсогч, суралцагчдын төлөөлөл оролцсон юм.
          
        Санамж бичгийн хүрээнд их сургуулиас 2019 онд 19,  2021 онд 22 суралцагчийг БНСУ-д оюутан солилцоогоор илгээж, хоёр их сургуулийн хамтарсан хос хөтөлбөрийн анхны төгсөгчид нь ийнхүү ажлын талбарт гарч байгаа юм.
             
     Энэ үеэр Их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар төгсөгчдөд хандан:
“Төгсөгч Та хатуу бүхнээс халгаж зугтаалгүй, амар хялбарт хошуурч зүтгэлгүй, эвийг эрхэмлэж, эрдэм мэдлэгээ ахиулж, амаргүй хийгээд хариуцлагатай хууль зүйн салбарт зүтгэж, шударга, үнэнийг дэнслэн тогтоогч шилдэг хуульч байх цаг хэдийнээ иржээ. Их сургуулийн танхимд олж авсан мэдлэг, мэргэжлийн ур чадвар, үнэт зүйл, зөв хандлага нь төгсөгч таны болон эрдэмтэн багш, судлаач, алба хаагчдын маань хичээл зүтгэлийн илэрхийлэл, үр дүн байх тул албаны нэр хүндийг өндөрт өргөж явах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлэхэд бэлтгэгдсэн гэдэгт итгэлтэй байна.
Төгсөгч та төрөлх сургуулийнхаа эрхэм зорилго, үндсэн чиг үүргийг нэр төртэй биелүүлж, сургууль, эрдмийн хамт олонтойгоо эргэх холбоотой байж, мэргэжлийн мэдлэгээ байнга ахиулан бидний хамтын ажиллагааны гүүр нь байхыг хүсье” гэж хэлсэн юм.
  
   Дотоод хэргийн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангшин их сургууль хоорондын санамж бичгийн хүрээнд “Цагдаагийн удирдлага” мэргэжлээр төгсөн боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан залуустаа ажлын амжилт хүсэн ерөөе.