L O A D I N G
logo
О.Отгонтуяа: Мэтгэлцээний клубт элсэн онолын мэдлэгээ бататган практик чадвараа нэмэгдүүлээрэй

О.Отгонтуяа: Мэтгэлцээний клубт элсэн онолын мэдлэгээ бататган практик чадвараа нэмэгдүүлээрэй

  • Oct 12, 2021
     Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч О.Отгонтуяагаас “Justice” мэтгэлцээний клубийн үйл ажиллагаа болон зарим зүйлийн талаар тодрууллаа.
 
             -“Justice” мэтгэлцээний клуб нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
   -Хувийн эрх зүйн тэнхим, Нийтийн эрх зүйн тэнхим, Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхим хамтран 2019 онд тус мэтгэлцээний клубийг байгуулсан. Манай мэтгэлцээний клуб нь захиргааны, иргэний, эрүүгийн шүүхийн гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны шүүхийн мэтгэлцээний чиглэлээр Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахмад Э.Золбоо, Эрүүгийн шүүхийн мэтгэлцээний чиглэлээр Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Ч.Эрдэнэбат, Иргэний шүүхийн мэтгэлцээний чиглэлээр Хувийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулан нар хариуцан ажилладаг. Хариуцан ажиллаж буй тэнхим тус бүр нь тухайн салбар, чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан 2-3 доктор багштай.
          -Тус клубт хамрагдахын ач холбогдол нь юу вэ?
   -Манай клубт хамрагдсанаар багш өөрөө хөгжихөөс гадна суралцагчид хэм хэмжээг хэрэглэх дадалтай болох, тодорхой тохиолдлыг практикт хэрэглэх чадвартай болно. Чиглэл тус бүрээр өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, Иргэний шүүхийн мэтгэлцээн нь суралцагчдад илтгэх ур чадвар эзэмшүүлэх, иргэний хэрэг, маргааныг шийдвэрлэх арга зүйд суралцуулах, баримт бичиг боловсруулах дадал бий болгоход чиглэгдэнэ.  Шүүхийн мэтгэлцээн нь илтгэх ур чадвар, хууль зүйн үг хэллэгийг зөв, оновчтой тайлбарлах, тодорхой тохиолдлыг нэгтгэн дүгнэх, баримт бичиг боловсруулах шаардлагатай нийцүүлэн эрх зүйн акт үйлдэх хосолсон чадварыг эзэмшдгээрээ онцлогтой. Манай клубт Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн хоёр болон гуравдугаар дамжааны суралцагчид сайн дурын гишүүнчлэлийн үндсэн дээр элсэх боломжтой.
 
         -Танай клуб мэтгэлцээний уралдаан тэмцээнд оролцдог уу?
-Монголын хуульчдын холбооноос 2019 онд зохион байгуулсан “Mock Trial” мэтгэлцээний тэмцээнд Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, хошууч Т.Азжаргалын удирдсан баг 3 дугаар байрт, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Практик сургалтын төв” байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан иргэн, эрүү, захиргааны “Моck Trial” мэтгэлцээний тэмцээнд Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч О.Отгонтуяа, Мөрдөх арга зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Ч.Эрдэнэбат, Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, хошууч Т.Азжаргал нарын чиглүүлсэн суралцагчид гурван сургуулийн хамтарсан багийн хэлбэрээр оролцож, “Тэргүүн” байрт шалгарсан.
          -Энэ хичээлийн жилд ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна вэ?
-2021-2022 оны хичээлийн жилд Иргэний шүүхийн мэтгэлцээний клуб тухайн салбарын эрдэмтэн, судлаачидтай ярилцлага зохион байгуулах, тодорхой тохиолдолд дүн шинжилгээ хийх, түүнийг бодит байдалд хэрхэн хэрэгжүүлэх арга зүйд суралцах, багш, суралцагчид хамтран илтгэл, өгүүлэл бичиж, олны хүртээл болгохоор төлөвлөн ажиллаж байна. Суралцагч та бүхэн манай клубт элсэн суралцаж онолын мэдлэгээ бататган практик чадвараа нэмэгдүүлээрэй.
      -Энэ дашрамд манай уншигчдад Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн чиг үүрэг, онцлогийн талаар танилцуулна уу? 
-Эрх зүй, нийгмийн ухааны сургууль нь анх Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 140 тушаалаар “Ерөнхий эрдмийн тэнхим” нэртэйгээр байгуулагдсан. 2014 онд Хууль зүйн сайдын А/166 тушаалаар Эрх зүй, нийгмийн ухааны сургууль болон өргөжсөн байдаг. Манай сургууль Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг сургалт, судалгааны төв байхаар алсын хараагаа тодорхойлсон. Сургууль болон өргөжсөнөөсөө хойш Эрх зүйн бакалаврын хөтөлбөрөөр 3 дахь төгсөлтөө зохион байгуулаад байна.
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль, Шинжлэн магадлахуйн институтын 1, 2 дугаар дамжааны сонсогчдод ерөнхий суурь, мэргэжлийн суурь хичээлүүдийг хариуцан заадаг онцлогтой. Тус сургуулийн багшлах бүрэлдэхүүнээс зургаан багш буюу 16.6 хувь нь докторын зэрэгтэй байна.
         -Суралцагчдаа хөгжүүлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
   -Эрдэм шинжилгээний ажилд чиглүүлэх, илтгэх чадвар олгох, өөрийгөө нээн хөгжүүлэхэд нь чиглэсэн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, суралцагчдыг хөгжүүлэх чиглэлээр Нийгмийн ухааны тэнхимээс жил бүр “Ирээдүйн судлаач” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Мөн “Төгс ухаан” шатрын клубийг ажиллуулдаг. Үүнээс гадна суралцагчдын онолын мэдлэгийг хэрэглээнд оруулах, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийх дадалтай болгох зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, бусад их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол суралцагчдаа удирдаж оролцуулдаг.
                                                                                                                      Ярилцсан ахлагч Н.Хүсэл