L O A D I N G
logo
А.Бямбабаяр: Таван настайгаасаа хэвлэх үйлдвэртэй танилцсан даа

А.Бямбабаяр: Таван настайгаасаа хэвлэх үйлдвэртэй танилцсан даа

  • Oct 12, 2021

      Дотоод хэргийн их  сургуульд  эрдэмтэн багш, судлаачаас гадна тогооч, сантехникч, жолооч, үйлчилгээний ажилтан гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ажилладаг. Тэдний нэг Хэвлэл, редакцийн хэлтсийн хэвлэгч, зураг авагч А.Бямбабаяр ахыг “Эрдмийн далай” сониныхоо “Дугаарын зочин”-оор онцоллоо. Их сургуулийг өдөр тутмын хэвлэх ажилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Сайн тоног төхөөрөмж байлаа ч мэргэжлийн хүн байхгүй бол урагшлах боломжгүй. Их сургуулийн хэвлэх ажлын голыг нугалж, хамт олондоо үлгэр дуурайлал болж явдаг эрхэм хүмүүний тухай цөөн үгээр өгүүлье.
       Хүн хийж байгаа ажилдаа эзэн болж, чин сэтгэлээ зориулбал бусад зүйл аяндаа бүтдэг юм болов уу гэж би боддог. Манай хамт олон дунд тийм хүмүүс олон байдаг. Тэдний нэг бол яахын аргагүй А.Бямбабаяр ах юм.  Энэ эрхэм хүмүүн манай Дотоод хэргийн их сургуулийн хэвлэх үйлдвэрт ажиллаад 10 гаруй жил болж, хэдэн мянган хуудас ном хэвлэж, тэдгээр нь боть ботиор тоологдох том хөдөлмөрийг бүтээжээ. Үүнийгээ хамт олны маань хичээл зүтгэл гэж хэлж даруухан өгүүлж суух нь сэтгэл татам.
      Манай сургуулийнхан Бямбаа ах л гэцгээнэ. Хэвлэлийн ажил бол маш их ур чадвар, мэргэжлийн байхыг шаарддаг. Нэг л товчлуур буруу дарвал хэдэн зуун хувь алдаатай хэвлэгдэх учраас цаг ямагт нягт нямбай байхыг шаарддаг энэ чухал ажлыг нэр төртэй гүйцэтгэж явна.
Хааяа ажлын шугамаар зориод очиход энгийн цөөхөн үгээр хариулчихна. Ажлын байр орчиндоо цэвэр цэмцгэр, нягт нямбай байхын үлгэр жишээ болсон энэ эрхэм бага залуудаа буюу 1980-аад онд одоогийн сонсогч суралцагчдын нэгэн адил Цэргийн сургууль юм уу, Соёлын сургуульд орно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан ч нэг хуваарь нь ирээгүй, нөгөөг нь “арын хаалгадуулчихсан” учир энгийн ажилтан болохоор шийдэж, өнөөдрийг хүртэл тэр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөөр яваа амьдралын сонин түүхтэй, баялаг дурсамжтай нэгэн.

    Дүрслэх урлагийн дунд сургууль төгсөөд зураач, барималч, сийлбэрч болжээ.  Аав нь манай улсын хэвлэх үйлдвэрийн туршлагатай ажилчдын нэг, олон зуун номын эхний хуудсан дээр нэр нь дурайж байдаг техник редактор Ш.Алтангинж гуай болохыг ярилцаж байхдаа мэдэж авлаа. Ээж нь ч мөн тухайн үеийн Цэргийн хэвлэх үйлдвэрт аавтай нь хамт ажиллаж, дэвтэрлэгчээс мастер хүртэл ажилласан хэвлэлийн салбарын манлайлагчдын нэг байсныг хүү нь бахархан ярьж байна. Таван настайгаасаа эхлээд л хэвлэх үйлдвэрээр орж гарч, ээж аавыгаа дагаж очоод бүхнийг сониучирхан байхдаа энэ салбарын хүн болно гэж огтхон ч төсөөлөөгүй ажээ.
      Аравдугаар ангиа төгсөхөд нь ангийн багш Банзрагч гэрт нь ирж, аав ээжтэй нь уулзаад “Манай Бямбаа өндөр оноотой аравдугаар ангиа төгсчихөөд дээд сургуульд  заавал орох ёстой.  Хөдөө аж ахуйн дээд сургуульд шалгалт өг” гэж хэлэхэд, тухайн үед ээж, аавынхаа болон багшийнхаа үгэнд ороод  шалгалт өгсөн ч хажуу талынхаа хүүхдийн  шалгалтыг ягштал хийж өгчихөөд өөрөө  хийлгүй зориуд унаж байснаа дурсан ярилаа. Энэ бол өөрийн зорилгынхоо төлөө хийж байсан нэг алхам учир тэрээр хэвлэлийн ажилтан болох шийдвэрээ өөрчлөөгүй  ажээ.
Тухайн үед бага оноотой хүүхдүүд барилгачин болж, харин өндөр оноотой нь бусад үйлдвэрт хуваарилагддаг байжээ. Бямбаа ах ноосны үйлдвэрт хуваарилагдан ажиллаж байгаад Монгол хивсний үйлдвэрт ажилд орж тэргүүний ажилтан болж байжээ. Хүний залуу насыг гялалзсан ажил хөдөлмөр, чин сэтгэл чимж байдаг. Бямбаа ах залуу наснаасаа эхлэн өнөөдрийг хүртэл энэ хүсэл зорилго мөрөөдөл, аливаад чин сэтгэлээсээ нягт нямбай ханддаг зангаараа залуу үеийнхэндээ залуур болон ажиллаж, амьдарч байна.
Хивсний үйлдвэрт ажиллаж байхад нь манай улсад Ээрмэлийн үйлдвэр байгуулах болж, Чехэд бэлтгэх 2600 залуусын нэгд багтаж, тэндээ Хивсний үйлдвэрт ажиллажээ. Ерөөсөө л үйлдвэр гэдэг нэр түүний ажил, амьдралын алтан түлхүүр болж, 1983 онд Нийслэлийн тэргүүнийн ажилтан болоод хүндэт самбарт тавигдаж, мандаж явтал цэргийн зарлан ирж, 21 настайдаа цэрэгт татагджээ. Мөн сурлагын дүн өндөр байсан тул хилийн цэрэгт гурван жилийн алба хаахаар болж, Сургууль застав буюу бага даргын курст орсон явдал түүнд их зүйл сургажээ.
Отрядынхаа 10 гаруй заставын Сүхбаатарын тасалгааг зурж, тохижуулан Ленин, Сүхбаатарын баримлыг бүгдийг хийж, улс төрийн ажилтан болоод ахлах түрүүч цол, мөрдэс зүүж, бүх цэрэг, офицеруудад хичээл заадаг байсан аж. Учир нь сонин их уншдаг байсан учир Лениний түүх, Сүхбаатарын түүхийг судалсан байжээ.
Бүх ард түмний урлагийн их наадамд явж сургууль заставынхаа хүүхдүүдийг бэлтгэн, тухайн үеийн матмал сандлаар цохилуур хөгжим хийж шалгарч алтан медаль хүртээд бага дэслэгч цолоор шагнуулжээ. Улмаар ангийн захирагч Алтангэрэл хурандаагаасаа улиран ажиллах санал авсан ч үйлдвэрийн ажилтан болох зорилгоосоо буцалгүй гурван жилийн дараа халагдаж ирээд хэвлэх үйлдвэртэй ажил амьдралаа бүрэн холбосон байна.
            Гурван жилийн цэргийн албаа амжилттай хааж, бага дэслэгч  цолтой хүүгээ аав, ээж нь баяр хөөр дүүрэн угтаж, хэвлэх үйлдвэрт л ажиллах сонирхолтой гэсэн хүслийг нь сонсоод их баярлажээ. Хүүтэй хүний хүзүү өндөр гэж сайхан үг байдаг. Хүү нь алтан медальтай, бага дэслэгч цолтой ирээд аав ээжийнхээ мэргэжлийг өвлөнө гэхэд ямар их баярлаж байсныг төсөөлөхийн аргагүй.
Ингэж анх “Шувуун саарал” хэвлэлийн газарт засварчнаар орж,  орос, герман том том машинуудыг тухайн үеийн засварчин багш нартайгаа хамт засаж, сэлбэж хэвийн ажиллах боломжийг ханган ном хэвлэлийн ажлыг тасалдуулахгүй олон жил ажиллажээ.  Тэднийгээ дагаж яваад машинаа засаж сураад хэвлэлийн бүхий л чиглэлийн үйл ажиллагааг үе шаттайгаар сурсан аж. Ээж аавын минь буян их дээ. Таван настай хүүхэд байхаас эхлээд энэ хэвлэх үйлдвэрийн үнэр, орчинд дассан маань өнөөдрийг бүтээсэн гэж боддог хэмээн инээмсэглэв.
      1986 оны 11 дүгээр сард “Шувуун саарал” хэвлэх үйлдвэрт Германы Элчин сайд ирж ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцаад 368 ажилтнаас Элчин сайд өөрөө сонгон,  түүнийг хамт дагуулан явж, Хэвлэх үйлдвэрийн дээд сургуульд дөрвөн жил сургасан байна. Сурсан эрдмийнхээ  үр шимээр “Адмон”, “Интерпрэсс”, “Эрүүл энх”, “Соёмбо” зэрэг  12 хэвлэх үйлдвэр байгуулахад гар бие оролцож, 160 гаруй шавиараа бахархаж сууна лээ. Тэр байтугай 1990-ээд оны Ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд оролцож, Гандан хийдийн орчим гэрэл зураг хүртэл авч, оюутан сурагчдын монтаж хийж, залуу хүн цаг үеэ дагаад юу л хийнэ түүнийг хийж, амьдралынхаа түүхийг баяжуулж зөв шударга замтай, цэгц шулуун зорилготой явбал хүнд сурах боломж, хийх ажил ямар их байдгийг амьдралаараа харуулж явна.
    Одоо Дотоод хэргийн их сургуулийнхаа хэвлэх бүхий л чиглэлийн үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд ажиллаж, залуу хойч үедээ зааж сургаж, энгийн даруу ажиллаж, амьдарч байна.  Анх Их сургуулийн босгыг давснаас хойш өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаж ирсэн хүн бүхнээрээ бахархан ярив. Бусдыгаа дурсдаг, бахархдаг хүмүүсээс нар гэрэлтэх шиг санагддаг. Эрдмийн их өргөөний эрдэмтэн багш, судлаачдынхаа тархи оюунаа чилээн байж бүтээсэн номын хуудас бүрийг тодоос тод хэвлэж, залуу насныхаа зорилго хүсэл тэмүүлэлд хүрч,  хэвлэлийн машин гэдэг хүн бүхний хүрч, барьж чадамгүй нарийн чимхлүүр өндөр ур чадвар шаардсан ажлыг нэр төртэй гүйцэтгэж, хамт олныхоо хайр талархлыг хүлээж яваа А.Бямбабаяр ахдаа ажлын их амжилт, амьдралын аз жаргал эрүүл энхийг хүсье.
 
                                                                                                            Цагдаагийн хошууч Б.Төгсжаргал