L O A D I N G
logo
“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

  • Nov 29, 2019
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн зарим эрдэмтэн судлаач, профессор, багш, алба хаагчдыг шагнав.   
Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав Монгол Улсын аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын  шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн Их сургуулийн эрдэмтэн, судлаач, профессор, багш, ажилтнуудад баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүслээ.

Энэхүү арга хэмжээний үеэр Хошууч генерал Б.Пүрэвийн шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, түүнд БСШУС-ын сайдын тушаалаар Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэгийг  гардуулсан нь онцлох үйл явдал боллоо.  
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ДХИС-ийн захирлын тушаалаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистикийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар,  ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх  албаны  дэд дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, сургалт, мэдээллийн хүрээлэнгийн ахлах референт Э.Ганцэцэг нарыг Их сургуулийн “Хамтын ажиллагааны төлөө” тэмдгээр шагнав.
Мөн ДХИС-ийн   эрдэм шинжилгээний  нэгдсэн хүрээлэнгийн Инновацийн төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Т.Очирбатд Хууль зүйн докторын диплом гардуулсан юм.  
Инновацийн шилдэг төсөл шалгаруулах “Хууль сахиулахуйн инноваци-2019” уралдааны II шатны шалгаруулалтын дүнг тус арга хэмжээний үеэр танилцуулсан. Уг шалгаруулалтад  гадаадын эрдэмтэн, судлаачид оролцож, бүтээлээ сорьсныг зохион байгуулагчид нь онцолж байв.
Ийнхүү нэгдүгээр байрт БНСУ-ын Үндэсний цагдаагийн академийн профессор Жон Кю Рэгийн “VR технологи дээр суурилсан Шинжлэн магадлахуйн сургалтын арга зүй”, хоёрдугаар байрт ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Галсанжамцын “Улсын хэмжээний LPR хяналтын камеруудыг нэгтгэх “цахим хяналт”, гуравдугаар байрт ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, тусгай факультетийн  дамжааны захирагч-багш, цагдаагийн дэслэгч Ц.Чингүүнжавын “Хууль сахиулахуйн боловсрол олгох подкаст” зэрэг төсөл тус тус шалгарсан байна.
Мөн энэ үеэр ДХИС-ийн докторын сургалтын хөтөлбөрийг 2009-2019 оны хичээлийн жилд суралцаж дүүргэсэн 16 докторантад гэрчилгээ олгож, Их сургуулийн АШБС-ийн “Шилдэг докторант”, “Шилдэг магистрант”-ыг тус тус шалгаруулав.
“Шилдэг докторант”-аар ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн дэд профессор, цагдаагийн хошууч А.Лхамсүрэн, “Шилдэг магистрант”-аар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хөтөлбөрийн мэргэжилтэн С.Оюунтөгс нар тодорлоо.
Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд бөгөөд эрдэм шинжилгээний  нэгдсэн хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ ДХИС-ийн эрдэм, шинжилгээ, судалгааны ажлын талаар танилцуулав.
 Тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах криминалистикийн техник хэрэгслийг  боловсронгуй болгох туршилт,  судалгаа”  төслийн туршилт боловсруулалтын ажлын хүрээнд судалгааны ажлууд, ул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэх техник хэрэгслийн туршилт зохион бүтээлтийн ажил явагдаж байгааг онцолсон.
Одоогоор Их сургуулийн эрдэмтэн судлаачдын хэд хэдэн  бүтээл оюуны өмчийн гэрчилгээ, патент аваад байна. Үүнд, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн “Айзерзоне” ХХК-тай хамтран боловсруулсан “М-Чат” програм,  Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Энхболдын “Цагдаагийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээ-2017” бүтээл,  Ахлагчийн сургуулийн ахлах багш, цагдаагийн ахмад Д.Батдаваагийн “Аранзны зуух” бүтээлүүдийг дурдаж болно.
Түүнчлэн найман хуулийн төсөл, бодлогын  баримт бичиг боловсруулахад Их сургуулийн багш, алба хаагчид ажиллажээ. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан , цагдаагийн хошууч Б.Мөнхдорж, тэнхмийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Энхболд  нар “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл” боловсруулах ажлын хэсэгт ажилласан бөгөөд тус хууль УИХ-ын 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн чуулганаар батлагдсан юм.
Мөн Их сургуулийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, Инновацийн төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Т.Очирбат нар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичиг-2045” боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, баримт бичиг төслийг боловсруулахад оролцсон байна.
 
Ахлагчийн сургуулийн Тактикийн тэнхимийн эрхлэгч , дэд хурандаа  М.Эрдэнэбилэг, багш Д.Гандуулга, ахлах багш Д.Батдаваа нар ЦЕГ-ын нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг  хангах албаны даргын тушаалаар “Эргүүлийн стандарт боловсруулах” ажлын хэсэгт  ажиллажээ.   
ДХИС-ийн Онцгой байдлын сургууль ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнтэй хамтран Ган зудны эрсдэлийг бууруулах, Мал аж ахуйн  үйлдвэрлэлийг байгалийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Байгалийн эрсдэлт байнгын ажиллагаатай багсармал тэжээл” гарааны компани байгуулсан.
Мөн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн “Айзерзоне” ХХК-тай хамтран “М-Чат” гарааны компани байгуулах хүсэлтийг БСШУСЯ-нд хүргүүлээд буй юм.
Ийнхүү Дотоод хэргийн их сургууль нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, судалгаанд суурилсан Их сургуулийг хөгжүүлэх, шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад  нийцүүлэн боловсронгуй болгож, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд тодорхой ажлыг үе шаттай хэрэгжүүлээд байна.   



СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА