L O A D I N G
logo
Б.Мөнхдорж: “Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулна

Б.Мөнхдорж: “Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулна

  • Oct 19, 2021
  Дотоод хэргийн их сургуулиас санаачлан “Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 10-р сарын 20-нд цахимаар зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэ хурлын талаар ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн доктор, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхдоржоос тодрууллаа.
  -“Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын зорилго, ач холбогдол нь юу вэ?
  -Хурлын зорилго нь хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдлийг эрэлхийлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг боловсрол, хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын эрдэмтэн, судлаачдын хүрээнд хэлэлцэх юм.
Боловсролын багц хуулийн төслүүд боловсруулагдан, хэлэлцэгдэж буй энэ үед хууль зүй, аюулгүй байдал, дотоод хэргийн салбарын боловсролын тулгамдсан асуудлыг нээн гаргахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан судалгааны үр дүн болох илтгэлүүдийг хэлэлцэнэ. Судалгааны үр дүнг амьдрал практикт нэвтрүүлэх, шинжлэх ухааны эргэлтэд оруулахад зохих эерэг нөлөө үзүүлнэ хэмээн бодож байна.
  -Энэхүү хурлын хүрээнд нийт хэдэн илтгэл хэлэлцүүлэх вэ. Ямар байгууллагууд оролцох вэ?
  -Хурлын удирдамжийг бид 2021 оны 8-р сард нийтэд түгээснээр нийт 70 гаруй илтгэл ирүүлснээс тус хурлаар 10 илтгэлийг хэлэлцүүлнэ. Хурлын эмхэтгэлийг оролцогчдод цахимаар хүргүүлж, мөн хэвлэж гаргана. Тухайн эмхэтгэлээс эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгүүдтэй танилцах боломжтой.
Хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиас гадна салбарын хүрээлэн, их сургуулиуд оролцож байна. Ойролцоогоор 20 гаруй байгууллагын 200 орчим эрдэмтэн, судлаач, багш, ажилтан, албан хаагч оролцохоор байна. Хуралд цахимаар оролцох линкийг цахим хуудас, фэйсбүүкт мэдээлэл, хөтөлбөрийн хамт байршуулсан тул сонирхсон судлаач бүр оролцох боломжтой.

  -Хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын боловсролын асуудлыг яагаад судлах болсон бэ?
  -Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн чиглэлийн нэг нь хууль сахиулахуйн боловсрол судлал. Хууль сахиулахуйн боловсрол судлалын чиглэлээр судалгааны ажлыг хийж, хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны есдүгээр сард Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийг байгуулан, энэ чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд энэхүү хурлыг зохион байгуулж байна. Цаашид хууль зүйн боловсрол, түүний дотор хууль сахиулахуйн боловсрол судлалын асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүний үр дүнд хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын боловсролын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа улам бүр нэмэгдэх боломжтой гэж харж байна.
  -Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийн үйл ажиллагааны зорилго, судалгааны үндсэн чиглэл, хийхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулна уу?
  -Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийн үндсэн зорилго бол хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх, үүнд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулах замаар хууль сахиулахуйн боловсрол судлалыг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулах юм.
Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийн судалгааны үндсэн болон тэргүүлэх чиглэлийг бид Эрх зүй, хууль зүйн боловсрол судлал, Хууль сахиулахуйн боловсрол судлал, Их сургууль судлал, түүх судлал хэмээн томьёолж, энэ хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.
Тус төвөөс өнөөгийн байдлаар “Хууль зүйн боловсролын тогтолцоо, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч хэрэглэх сургалтын онол, арга зүйн судалгаа”, “Цагдаагийн алба, албан хаагчийн сургалтын онол, арга зүй, эрх зүйн зохицуулалтын асуудал” сэдвүүдээр судалгааны ажлуудыг эрдэмтэн, судлаач, докторант нартай хамтран гүйцэтгэж байна. Эдгээр судалгааны ажлын үр дүнг холбогдох шатанд танилцуулж, олон нийтэд хүргэснээр хууль сахиулахуйн боловсрол судлалыг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэж бодож байна.
Мөн Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, бүтцийн нэгж, эрдэмтэн, судлаач, профессор багш нар, докторант, магистрант нартай нягт хамтран ажиллаж байгаагаас гадна Хууль сахиулахуйн боловсрол судлалын профессорын судалгааны багтай түлхүү хамтран ажилладаг. Хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, институт, эрдэмтэн, судлаач, суралцагч нартай мөн хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

 -Танд баярлалаа. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.