L O A D I N G
logo
Цагдаагийн сургуулийн сонсогчид олон улсын тэмцээнд оролцлоо

Цагдаагийн сургуулийн сонсогчид олон улсын тэмцээнд оролцлоо

  • Oct 20, 2021


     Индонези улсын Үндэсний цагдаагийн академиас “Порсимаптар-2021” тэмцээнийг 21 дахь жилдээ  зохион байгууллаа.  Тус тэмцээн нь энэ жил “Ковид-19-ийн дараах шинэ үеийн нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг хангахад залуучуудын оролцоо” сэдвээр Азийн цагдаагийн академийн сонсогчдын дунд илтгэл хэлэлцүүлэн, олон үндэстний залуусын ур чадварыг сорьсноороо онцлогтой болов.



     Тэмцээнд Монгол, Индонези, Энэтхэг, Филиппин зэрэг зүүн өмнөд азийн  10 улсын сонсогчид дэлхийн дэг журам, аюулгүй байдал, цар тахлын  дараах үед цагдаагийн алба хаагчдын гүйцэтгэх үүрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэн харилцан туршлага солилцлоо.



      Цагдаагийн сургуулийн 342-р дамжааны сонсогч А.Номундарь:
     “Олон улсын тэмцээнд анх удаа ДХИС-аас баг ахалж оролцлоо. Англи хэлний зохих мэдлэгтэй, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сонирхолтой сонсогчдын төлөөлөл энэ тэмцээнд цахимаар оролцсон юм. Биднийг тэмцээнд оролцоход тусалж, дэмжсэн сургуулийн захирал, удирдагч багш нартаа талархсанаа илэрхийлье.
“Ковид-19-ийн дараах шинэ үеийн нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг хангахад залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд олон улсын сонсогчид илтгэл хэлэлцүүлэн санал солилцсон. Манай багийнхан аливаа тулгамдсан асуудал үүсэхэд хүмүүс мэдээлэл сайтай байх ёстойг хөндөж, энэ чиглэлээр хүмүүст байнга сургалт  явуулах шаардлагатайг онцолсон. Бид бусад орны сонсогчдод хөл хорионы үед үүрэг гүйцэтгэсэн бичлэгээ үзүүлсэн. Өвлийн хүйтэнд үүрэг гүйцэтгэж байгааг хараад халуун орны сонсогчид их бахархаж байсан.
Нөгөө талаар цар тахлын үед хэрхэн суралцсан болон цахим орчинд мэдлэг, чадвараа хэрхэн сайжруулах талаар харилцан туршлага солилцсон. Бусад орны сонсогчид аппликейшн зохиосон туршлага болон хэрхэн ашиглаж байгаа талаараа хуваалцсан нь сонирхол татсан.
     Азийн цагдаагийн академийн үе тэнгийн сонсогчидтой нөхөрлөж, найзын хүрээгээ тэлсэн, мэдлэг, туршлага нэмсэн, чухал ач холбогдолтой, нөхөрсөг тэмцээн боллоо. Тэмцээний дүн 14 хоногийн дараа гарна” хэмээн ярилаа.
     Олон улсын тэмцээнд сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон сонсогчиддоо баяр хүргэж,  амжилт хүсье