L O A D I N G
logo
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг сургалт боллоо

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг сургалт боллоо

  • Oct 20, 2021

     Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газар, Жендэрийн дэд зөвлөл хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр (2021.10.20) зохион байгууллаа. Тус сургалтыг жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллийн талаар ойлголт, мэдлэг олгох зорилгоор зохион байгуулсан юм.


     Сургалтыг нээж, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат үг хэллээ. Тэрээр:
“Аливаа байгууллага жендэрийн мэдрэмжтэй байж, хүйсийн тэгш эрхийг хангах ёстой. Дотоод хэргийн их сургуулийн нийт бие бүрэлдэхүүний 45-аас их хувийг эмэгтэй багш, албан хаагч эзэлдэг. Мөн жендэрт суурилсан хүчирхийлэл нь өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Бид бүхэн эхлээд дотооддоо сургалт явуулж, хүчирхийллийг тэвчдэггүй, ажлын байрны дарамтгүй хамт олон болохыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын байрны бэлгийн дарамт болон жендэрээр ялгаварлах үзэлтэй эхлээд дотооддоо хамтарч тэмцье. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг, үл тэвчдэг, таслан зогсоодог хамт олон болж, энэхүү ойлголтыг сонсогч суралцагчдадаа болон цаашлаад нийгэмдээ чихэнд хоногштол нь ярьж, түгээе. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг нийгэмд түүчээлсэн хамт олон болъё” хэмээн уриалсан юм.

     Жендэрийн тэгш байдлын талаарх үзэл баримтлал, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, эрх зүйн зохицуулалтын талаар Жендерийн дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ж.Нямдулам сургалт явууллаа. Тэрбээр “Жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал биш нийгмийн баялгаас тэгш хүртэх боломж, ажлын байр болон нийгэмд хүйсийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх зэрэг өргөн цар хүрээтэй ойлголт юм. Жендэрийн тэгш бус байдал нь хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг үүсгэж, хүйсээс нь шалтгаалан боломж, бололцоог нь хязгаарлаж байдаг. Жендэрт суурилсан хүчирхийлэл гэдэгт гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг олон зүйл хамаардаг. Хүчирхийлэл нь нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд байсаар ирсэн. Улс орон хөгжихийн хэрээр хүчирхийлэл улам боловсронгуй болж, далд хэлбэрт шилжиж байна. Тухайлбал, хуулийн цоорхойг ашиглаж, хариуцлагаас мултрах үзэгдэл бий болсон. Тиймээс хүчирхийллийн эсрэг энэхүү сэдэв бол яалт ч үгүй анхаарах ёстой чухал асуудал юм” хэмээв.

     Энэ үеэр Цагдаагийн сургуулийн ЭЭЗКТ-ийн доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга “Эрүүгийн хуулийн шинэчлэл ба жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдвээр лекц уншиж, ЭЗНУС-ийн НЭЗТ-ийн багш, хууль зүйн болон сэтгэл судлалын магистр, цагдаагийн ахмад Э.Золбоо “Жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр сургалт явуулсан юм.
    Сургалтын төгсгөлд үр дүнг хэлэлцэн чөлөөт хэлэлцүүлэг өрнөлөө. Тус сургалтад Дотоод хэргийн их сургуулийн багш, албан хаагчдын төлөөлөл хамрагдав.