L O A D I N G
logo
“Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт цахим хуралд 150 гаруй хүн оролцлоо

“Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт цахим хуралд 150 гаруй хүн оролцлоо

  • Oct 20, 2021

     Дотоод хэргийн их сургуулиас санаачлан “Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2021.10.20) цахимаар зохион байгууллаа. Энэхүү хурлыг ХЗДХЯ, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан юм.
     Энэхүү эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд 60 гаруй илтгэл ирүүлснээс 9 илтгэлийг сонгон хэлэлцүүлсэн байна. Тус хуралд боловсрол, хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын 20 гаруй байгууллагын 150 орчим эрдэмтэн, судлаач, багш, ажилтан, албан хаагч цахимаар оролцлоо.


     Тус хурлыг нээж, ДХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт  үг хэлэн, хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, гарц, шийдлийг эрэлхийлэхээр цугласан эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдэд амжилт хүслээ. Тэрбээр “Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үндсэн чиглэлийн нэг болох хууль сахиулахуйн боловсрол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулахаар 2020 онд Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийг байгуулсан. Тус төвөөс санаачлан салбарын эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэх, мэтгэлцэх, оюуны талбар бий болгох зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Цаашид хууль зүйн боловсрол, түүний дотор хууль сахиулахуйн боловсрол судлалын асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж онцолсон юм. 




     Хурлын хүрээнд эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээс цугларсан 60 илтгэлийг эмхэтгэн нийтийн хүртээл болгох юм байна. Энэ нь хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын боловсролын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглагдах боломжтой аж.
     Хурлын үйл ажиллагааг дүгнэн ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр бид хууль зүйн боловсрол судлалын тулгамдсан асуудлуудыг хөндөн хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх гарц, арга замыг эрэлхийллээ. Ингэхдээ илтгэгчид судалгаанд тулгуурлан гарц, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон нь анхаарал татаж байна. Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид төдийгүй практик байгууллагын ажилтнууд олноор оролцсон чухал ач холбогдолтой хурал боллоо” хэмээн дүгнэлээ.



     БШУЯ-ны Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Лхагвасүрэн: “Өндөр түвшинд зохион байгуулсан, цаг үеэ олсон, онцгой ач холбогдолтой, өөрийн гэсэн брэнд, орон зайг бий болгосон, өргөн далайцтай эрдэм шинжилгээний хурал боллоо. Цаашид та бүхэнтэй дахин хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээв.
     Монголын хуульчдын холбоог төлөөлөн доктор Ц.Мөнхбат “Сүүлийн үед зохион байгуулагдаагүй том хэмжээний, ач холбогдол өндөртэй эрдэм шинжилгээний хурал боллоо. Манай холбоо энэхүү хурлыг цаашид ч дэмжин ажиллах болно” гэсэн юм.
     Тус хурлын үр дүнд хууль зүйн боловсрол судлалыг хөгжүүлэх асуудлаар зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болжээ.