L O A D I N G
logo
Ч.Нямсүрэн: Хууль зүйн шинжлэх ухаан нь шинэ мэдлэг, олон ургалч хандлагад түшиглэн хөгжиж байна.

Ч.Нямсүрэн: Хууль зүйн шинжлэх ухаан нь шинэ мэдлэг, олон ургалч хандлагад түшиглэн хөгжиж байна.

  • Oct 25, 2021

  ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Судлаачийн хөгжлийн төвийн эрхлэгч, хууль зүйн доктор, профессор Ч.Нямсүрэнтэй ярилцлаа.
 -Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах гэж байна. Хурлын талаарх мэдээллээс яриагаа эхэлье.
  -Дотоод хэргийн их сургууль олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын оролцоотой хэлэлцэж, шийдвэрлэх гарц, арга замыг эрэлхийлж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн хурлыг Монгол Улсад хууль зүй, дотоод хэргийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлог байна. Өнгөрсөн жилүүдэд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хийх тэмцэл, хууль сахиулах үйл ажиллагааны инноваци, хилийн аюулгүй байдлын асуудал зэрэг анхаарал татсан сэдвүүдийг хөндөж байсан  бол  энэ удаагийн хурлаар “Эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал”-ыг тойрч ярилцана.
Эрх зүйн шинэтгэлийн үйл явц, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн эрчимжүүлэх асуудал тулгамдаж буйг харгалзан үзэж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх чиглэлээр хуримтлуулсан дотоод, гадаадын туршлагаас суралцах, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, байр суурийг нэгтгэн дүн шинжилгээ хийх, хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад эрдэм шинжилгээний хурлын зорилго чиглэгдэж байна.
  Олон улсын энэ хуралд гадаад, дотоодын томоохон эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн оролцож үзэл бодлоо хуваалцаж, байр сууриа илэрхийлэх байх?
  - 
Тийм ээ. Өнгөрсөн жилүүдэд  ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, БНТУ, Канад зэрэг  орны хууль сахиулах  болон  эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, эрдэмтэн судлаачдын төлөөлөл хуралд өргөнөөр оролцож ирсний үр дүнд ДХИС төвтэй бүс нутаг, олон улсын хүрээг хамарсан оюуны өвөрмөц сүлжээ нэгэнт үүсэж, жилээс жилд өргөжин тэлж байна. Монгол Улсад өрнөсөн эрх зүйн шинэчлэлийн үйл явцад хувь нэмрээ оруулсан гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид энэ удаад цахимаар хуралдана. 
  -Та ДХИС-д олон жил ажилласан багш хүний хувьд сургуулийнхаа ойрын ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?
Миний төрөлх сургууль хөгжлийн стратегиа тодорхойлон амжилттай хөгжиж байна. ДХИС үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль хэрэгжүүлэх ажлын шинжлэх ухаан, боловсрол, үйлчилгээний нэгдлийг хангахуйц инновацийн үр ашигтай тогтолцоог бий болгох, их сургуулийн хотхон хэлбэрээр хөгжих, судалгааны тодорхой чиглэлүүдэд тэргүүлэх байр суурьтай шинжлэх ухааны хамт олон болон төлөвших үйл хэрэгтманай эрдмийн хамт олны ойрын жилүүдийн үйл ажиллагаа чиглэх болно.
  
 Сүүлийн үед та ямар судалгаан дээр голлон ажиллаж байна вэ?

Шинэ зууны эхний 10 жилд эрх зүйн соёл өндөр хөгжсөн улс орнуудад хууль зүйн шинжлэх ухаан нь кибернетик, деонти-логик, эрх зүйн социологи, эрх зүйн антропологи, хиймэл оюун ухаан зэрэг шинэ мэдлэг, арга зүйн олон ургалч хандлагад тулгуурлан хөгжих боллоо. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд эрх зүйн судалгаанд янз бүрийн шинжлэх ухааны уялдаа холбоо, харилцааг хангах асуудал, эрх зүйн гүн ухааны элементүүдийг ашиглах зэрэг интегратив чиг хандлага миний судалгааны чиглэл болоод байна. Би олон жил хохирогч судлалын чиглэлээр судалгаа хийсэн. Виктимологийн чиглэлийн энэ ажлаа ч мөн үргэлжлүүлж байна. Криминологийн судалгаанд манай эрдэмтэд түлхүү анхаарал хандуулж эхэллээ. Тус Их сургуулийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэн 2018 оноос эхлэн “Гэмт хэргийн цагаан ном”-ыг жил бүр эрхлэн гаргаж байна. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтын динамик, шалтгаан нөхцөл, аюултай байдлын индексийн өсөлт, бууралтыг бид анхааралтай ажиглаж байна гэсэн үг.  

  Та “Эрх зүйн ерөнхий онол” номын зохиогч гэдгээрээ олонд танигдсан эрдэмтэн хүн. Энэ бүтээлийн оюуны өмчийн эрхийг төрөлх сургуульдаа шилжүүлснийг хамт олон талархан хүлээж авсан. Та энэ тухай сэтгэгдлээ хуваалцана уу.
  Би 1990-ээд онд барууны орны эрдэмтдийн үзэл баримтлалууд, эрх зүйн философийн  онолуудад суурилан энэ сурах бичгээ бүтээж шавь нарынхаа гар дээр тавьсан юм. Энэ онд 3 дахь удаагаа хэвлэгдэж байна. Номын бүтэц нь эрх зүйн оршихуйн сэтгэлгээ, хэм хэмжээ, харилцан хамаарал гэсэн гурван орчил, үүсэж хөгжих түгээмэл зүй тогтолд захирагдаж байгаа болно. Аж үйлдвэрийн IV хувьсгал, цахим хөгжлийн дээд шат болох хиймэл оюун ухааны эхэн үе дэх эрх зүйн онол, сэтгэлгээ, практик зохицуулалт ихээхэн нарийн төвөгтэй болох шинжтэй байна. Ойрын ирээдүйд эрх зүйн үзэл баримтлал, сэтгэлгээ, эрх зүйн онолын зарим суурь ойлголтыг эрс өөрчлөхийг дижитал, хиймэл оюун ухааны бодит нөхцөл шаардах болно. Хамгийн наад захын асуултыг дурьдахад хиймэл оюун ухаан буюу робот нь хувь хүний статустай болох уу, эсхүл эд юмсын статустай үлдэх үү?, роботын үйлдсэн хууль бус зан үйлийн хариуцлагыг хэн хүлээх вэ?, түүний бүтээсэн эд юмс, инновацийг эзэмших эрх хэнд хамаарах вэ? г.м. Цаашид эрх зүйн онолын шинжлэх ухааныг хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлага, өөрийн орны бодит нөхцөлд тохируулан хөгжүүлэх шаардлага байна. Эдгээрийг харгалзан үзээд, мөн олон жилийн туршид энэ ном маань эрэлттэй байх юм байна гэж үзсэн тул залуу судлаачид, оюутан суралцагчид ашиглахад дөхөм болгох үүднээс үүнийгээ ДХИС-ийн оюуны өмч болгохоор шийдсэн. Энэ бүтээлийг борлуулсан орлогоор янз бүрийн шинжлэх ухааны ном, сурах бичгийг худалдан авч тус Их сургуулийн Номын санг баяжуулах буянтай үйлсэд зарцуулах юм байна лээ. Би үүнд их баяртай байна.
  Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Оюуны шилдэг бүтээл” шалгаруулах уралдааныг зарласан. Энэ тухай та мэдээлэл өгнө үү?
-
Тийм ээ. Оюуны бүтээлийн энэ уралдаан нь хууль зүй, дотоод хэргийн салбарт зарлагдсан шилдэг бүтээл, шилдэг илтгэл, инновацийн шилдэг төсөл шалгаруулах анхны тохиолдол болж байгаа бөгөөд Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран  цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.  Уралдаанаар хууль зүй, аюулгүй байдлын  чиглэлээр тухайн жилд туурвисан эрдэмтэн, судлаач, оюутан, суралцагчдын шилдэг бүтээлийг шалгаруулна. Шагналын томоохон сантай, эрдэмтэн, залуу судлаачид өргөнөөр оролцох боломжтой, судалгааны грант олгох гээд шинэлэг зүйлүүд бий. Оюуны бүтээл, эрдэмтэн судлаачдыг ийнхүү дэмжин урамшуулж байгаа нь манай салбарын өмнө тулгамдсан олон асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, ирээдүйтэй шинэ залуу судлаачдыг тодруулах чухал алхам болно гэж бид харж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит анхдугаар уралдаанд та бүхэн идэвхтэй оролцож, оюуны шинэ бүтээлээрээ өрсөлдөхийг уриалж байна.