L O A D I N G
logo
“Эрүүгийн процессын эрх зүй” сурах бичгийн нээлт боллоо

“Эрүүгийн процессын эрх зүй” сурах бичгийн нээлт боллоо

  • Oct 27, 2021



Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн багш нарын хамтын бүтээл “Эрүүгийн процессын эрх зүй” сурах бичгийн нээлт өнөөдөр (2021.10.27) боллоо.
            Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан бүтээсэн энэхүү сурах бичгийн нээлтийн арга хэмжээнд ДХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Т.Оюунчимэг болон багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын төлөөлөл оролцов.



Энэхүү сурах бичиг нь ерөнхий анги 14, тусгай анги 15, нийт 29 бүлэгтэй, өөрийгөө шалгах хяналтын асуулттай, хуулийн нэр томьёоны тайлбартай Эрүүгийн процессын эрх зүй хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд бүрэн нийцсэнээрээ онцлогтой юм.

Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт:
            “Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн хамт олон энэхүү сурах бичгийг гаргасанд гүнээ талархал илэрхийлье. Эрх зүйн шинэтгэл гэдэгт хууль тогтоомжийн шинэчлэл, хууль хяналтын байгууллагуудын хүрээнд хийгдэх шинэчлэл, иргэдийн эрх зүйн ухамсрын шинэчлэл хэмээх ойлголтууд багтдаг. Энэхүү сурах бичиг нь иргэдийн эрх зүйн ухамсрыг сайжруулахад, хууль хяналтын байгууллагуудын алба хаагчдыг чадавхжуулахад, хууль тогтоомжийн шинэчлэл гээд эрх зүйн шинэтгэлд бүгдэд нь ач холбогдолтой, сайн бүтээл болжээ.
Хууль нь бүх нийгмийн харилцааг зохицуулагч гол хүчин зүйл учраас тухайн нийгмийн гишүүн бүрт ойлгомжтой, энгийн байх ёстой. Гэвч зарим тохиолдолд хуульч хүн ойлгохгүй хууль гарах нь бий. Энэхүү сурах бичиг нь суралцагчдад хуулийн үзэл баримтлалыг энгийн үгээр ойлгуулахад томоохон тус дөхөм үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Үүнийг уншиж судалсан суралцагчдын процессын эрх зүйн чиглэлээр мэдлэг нь нэмэгдэж, дадлага нь сайжирна гэдэгт итгэлтэй байна. Эрдэм авшиг нь түгэн дэлгэрэх болтугай” хэмээлээ.