L O A D I N G
logo
Б.Хэрлэн: Энэ спортоор хичээллэснээр эрүүл амьдралын хэв маягт суралцаж,  муу зуршлаас хол байж, тэсвэр тэвчээртэй, тууштай болдог

Б.Хэрлэн: Энэ спортоор хичээллэснээр эрүүл амьдралын хэв маягт суралцаж, муу зуршлаас хол байж, тэсвэр тэвчээртэй, тууштай болдог

  • Oct 31, 2021
  Ази болон дэлхийн залуучуудын бодибилдингийн аварга, Монгол Улсын 4 удаагийн аварга, бодибилдингийн олон улсын хэмжээний мастер, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн 1+1 хөтөлбөрийн Урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн 3221 дүгээр дамжааны дэд түрүүч Б.Хэрлэнг “Сонсогчийн үг” буландаа урьж ярилцлаа.
  -Мэргэжлийн бодибилдингийн тэмцээний аварга болсонд тань баяр хүргэе. Бодибилдингийн спортоор хичээллэх болсон түүхээ ярьж өгнө үү. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
  -Баярлалаа. “Champ cup 2021” буюу мэргэжлийн бодибилдингийн тэмцээн 10-р сарын 23-нд болсон. Тус тэмцээний +85 кг-ийн жинд аваргалж, мөн жин бүрийн аваргын ангилалд хүрэл медаль хүртсэн. Би энэ спортоор 7 дахь жилдээ хичээллэж байна. Анх жин нэмэх зорилгоор бодибилдингийн спортоор хичээллэж эхэлсэн. Улмаар биед өөрчлөлт гарч гоё болоод эхлэхээр нь энэ спортдоо дурлаж, бэлтгэлээ тууштай хийн тэмцээн уралдаанд оролцож, амжилт үзүүлж, түүндээ урамшин улам их хичээж мэргэжлийн тамирчин болсондоо баяртай байдаг.  Хүүхэд байхдаа чөлөөт бөхөөр барилддаг байсан нь спортын тэсвэр тэвчээр, хатуужилтай болгож, энэ спортоор хичээллэхэд суурь болж өгсөн байх гэж боддог.

  -Бодибилдингийн спортоор хичээллэхийн давуу тал, ач холбогдол нь юу байдаг вэ?
-Бүх спортын үндэс суурь нь фитнесийн дасгал хөдөлгөөн байдаг. Бодибилдинг, фитнессээр хичээллэснээр хамгийн гол нь эрүүл зөв амьдралын хэв маягт суралцаж,  муу зуршлаас хол байж, тэсвэр тэвчээртэй, тууштай болдог. Энэ спортоор хичээллэснээр өөрийгөө 100 хувь өөрчлөх боломжтой. Миний хувьд цагдаагийн алба хаагч  болохоор ДХИС-д сурч байгаагийн хувьд төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид тавигддаг бие бялдрын зөв хөгжлийн шаардлагыг хангасан гэж боддог.  Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий албан хаагч нь бусад мэргэжлээс бие бялдрын хувьд зөв хөгжил төлөвшилтэй байхыг шаарддаг учраас энэ спортоороо цаашдаа ч хичээллэж, олон амжилт гаргаж алба хаагчид болон багш, сонсогч дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг.
  -Бодибилдингийн спортоор хичээллээд эх орондоо төдийгүй тив, дэлхийд аваргалж, нэлээд амжилт гаргасан. Энэ  талаараа манай уншигчдад хуваалцана уу.
-Анх 2017 онд Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулсан "Эрдэнэт Гранпри Бодибилдинг" тэмцээний -75кг жинд аваргалж, алтан медаль хүртэж байсан. Түүний дараагаар 2018 онд залуучуудын улсын аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс алтан медаль, “South Korea Asian Grandprix Mr.Olympia Amateur” тэмцээний бодибилдинг ангилалд хүрэл медаль, "Power Cup" тэмцээнд фитнесс модель ангилалд алтан медаль, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 2019 онд МБФХ-ноос зохион байгуулсан УАШТ-ий Залуучууд бодибилдинг ангилалд алтан медаль, фитнесс модель ангилалд мөн алтан медаль, ДАШТ-ий Залуучууд бодибилдинг +75кг ангилалд алтан медаль тус тус хүртсэн. Түүнчлэн 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрэмжит "Хүчирхэг Монгол" бодибилдинг фитнесийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр, ӨМӨЗО-д болсон "Чийрэг кап" оюутны аварга шалгаруулах тэмцээний модель ангилалд 1-р байр эзэлсэн. Өнгөрсөн оны УАШТ-ий Залуучууд бодибилдинг ангилалд алтан медаль, Бодибилдинг +80 кг ангилалд алтан медаль, Классик физик ангилалд мөн алтан медаль тус тус хүртсэн. 2021 оны “Монголын мистер” улсын аварга шалгаруулах тэмцээний +85 кг-ийн жинд мөнгөн медаль,  мэргэжлийн бодибилдингийн тэмцээнээс алтан медаль хүртсэн. Энэ дашрамд сурч боловсорч, мэдлэг чадвараа дээшлүүлэхийн хажуугаар тэмцээнд оролцоход тусалж, дэмжиж байсан ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн удирдлага, багш, хамт олондоо талархлаа илэрхийлье.
 
-Энэ спортоор хичээллэхээр зорьж байгаа залуустаа хандаж зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ үү?
   -Мянган бээрийн аялал эхний алхмаас эхэлдэг гэдэг. Эхэлнэ гэдэг нь ажлын тал нь гэх үг ч бий. Тиймээс бодоод л суугаад байлгүй, яг одоо эхэл гэж хэлмээр байна. Нэмээд хэлэхэд аливаа амжилтын үндэс нь тууштай байх явдал юм. Тиймээс  эхэлснээ дуусгаж, эцсийг нь үзэх тэвчээртэй, тууштай, хичээл зүтгэлтэй байгаарай гэж захья. Энэ спортоор хичээллээд заавал мэргэжлийн тамирчин болох албагүй. Харин эрүүл саруул, зөв бие бялдартай, эрч хүчтэй байх болно. Тиймээс залуус, дүү нартаа бодибилдингийн спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маяг, бие бялдрын зөв хөгжлөөрөө бусдад үлгэр дуурайлал болж яваарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа. Сурлага, спортын өндөр амжилт хүсье.