L O A D I N G
logo
Ж.Болдбаатар: Монгол Улсын ШУА-ийн нийгмийн ухааны салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох гэж байна.

Ж.Болдбаатар: Монгол Улсын ШУА-ийн нийгмийн ухааны салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох гэж байна.

  • Oct 29, 2021
  Монгол Улсад Орчин цагийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгээс зохион байгуулж буй үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар та бүхэнд цуврал мэдээлэл хүргэж байна.
Энэ удаад бид Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа.
  Таны амрыг эрье. Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгээс 2021 онд ямар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа талаар яриагаа эхлүүлье.
  Манай хүрээлэн 2021 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлах ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны захиалгаар “Гэмт хэргийн цагаан ном-2019” эмхтгэл, “Хилийн цэргийн алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүчин зүйлс” судалгааны ажил; Хууль зүй үндэсний хүрээлэнгийн захиалгаар “Шүүхийн өмнөх үе шатны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа”,  “Хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага” сэдэвт судалгааны ажлыг тус тус хийж гүйцэтгэн, судалгааны үр дүнг үндэслэн нэгтгэж боловсруулсан тайлангаа холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.
  Одоогийн байдлаар манай хүрээлэн “Гэмт хэргийн цагаан ном-2020” эмхтгэл, “Гэмт хэрэг илрүүлэхүй-2” сурах бичиг зэрэг эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эрхлэн гаргахаар ажиллаж байна. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгч, эрүүгийн мөрдөгчийн ажлын ачаалалалд дүн шинжилгээ хийх”, “Цагдаагийн алба хаагчийн ажил үүргийн онцлог эрүүл мэндийн байдалд үзүүлж буй сөрөг нөлөө”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны захиалгаар “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал (зүйлчлэл, ялын бодлого, тулгамдсан асуудал)” зэрэг судалгааны ажил хийж байна.
  Эдгээр судалгааны ажлын явц байдал, шинэлэг талаас дурьдвал, жишээ нь “Цагдаагийн алба хаагчийн ажил үүргийн онцлог эрүүл мэндийн байдалд үзүүлж буй сөрөг нөлөө” сэдэвт судалгааны ажлын хүрээнд хийгдсэн хавсарга судалгаанд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулах ажлыг ЦЕГ-тай хамтран зохион байгуулж, нийт 4956 цагдаагийн албан хаагчийг Google form ашиглан цахимаар оролцох боломжоор хангасан. Судалгааны үр дүнг хүчин зүйлийн хамаарлыг тооцоолох  SMART PLS 3.0 программ ашиглан боловсруулаад байна. Тус судалгааны ажлын хүрээнд ЦЕГ-ын Эрүүл мэнд, сэтгэл зүйн алба; НЦУГ-ын сэтгэл зүйчдийн баг; Улсын хоёрдугаар төв эмнэлэг; Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг зэрэг байгууллагатай хамтран, мэдээлэл солилцон ажиллаж байна.
  Мөн 2016 оноос хойш эрхлэн гаргаж байгаа Гэмт хэргийн цагаан номын бүтэц агуулгыг бид энэ удаад шинэчлэн өөрчилж, онцлог агуулгаар эрхлэн гаргахаар тогтоод ажил ид өрнөж байна. Мөн Гэмт хэргийн цагаан номыг иргэд, хэрэглэгч, судлаач, суралцагч нарт хүртээмжтэй болгох зорилгоор тус номыг ашиглах арга зүйн заавар болон дэлгэрэнгүй мэдээллийг QR код ашиглан авах боломжтойгоор шийдсэн. Энэ мэтчилэн, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг улам чанаржуулах, судалгааны үр дүнг практик үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэглээнд оруулах тал дээр ихэд анхааран ажиллаж байна.
  “Хууль зүй дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, грант олгох журам”-ын дагуу зохион байгуулагдаж байгаа анхдугаар уралдааны  “Шилдэг төсөл” шалгаруулах тэмцээнд “Профайлинг, полиграфын сургалт-судалгааны лаборатори” төсөл, “Шилдэг бүтээл” шалгаруулах тэмцээнд “Шүүхийн мөр судлалын шинжилгээний гол нэр томъёоны орос-монгол толь” бүтээлийг оролцуулахаар хүргүүлсэн.
  Цаашид хийх судалгааны ажлын хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж, захиалагч байгууллагуудаас санал ирсээр байна. Тухайлбал, бид 2022 онд ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны захиалгаар зам тээврийн осол, замын ачаалал, түгжрэлийг бууруулах чиглэлээр судалгааны ажил хийх талаар санал солилцож тодорхой судалгааг хамтран хийхээр тохиролцсон.
  Та сая “Шилдэг төсөл” уралдаанд “Полиграф, профайлингийн сургалт-судалгааны лаборатори” төсөл хүргүүлж байгааг дурьдлаа. Полиграф, профайлинг гэж юу болох талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?
  Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл худлыг илчилж, үнэнийг тогтоохыг байнга эрэлхийлж ирсэн. Нийгмийн хөгжлийн явцад, худал болон үнэнийг тогтоох арга, аргачлал боловсронгуй болсоор өнөөдөр энэ чиглэлд шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг түлхүү ашиглах болсон. Орчин үед хүний ой санамжид хадгалагдсан “нуугдмал мэдээлэл”-ийг үндсэн дөрвөн аргаар илрүүлж байгаагийн дотроос полиграфын сорил болон профайлингийн аргууд ач холбогдол өндөртэйд тооцогддог.
  Эдгээр аргын үндсэн зорилго нь хүний ой санамжид хадгалагдаж буй нуугдмал мэдээллийг ил болгоход оршино. Эрдэмтэд профайлинг болон полиграфын аргыг нийгмийн бүхий л  салбарт нэвтрүүлж, ашиглах боломжтой гэж үздэг. Тухайлбал, полиграф судлалын салбар нь  дэлхийн 60 гаруй оронд бие даасан мэдлэгийн салбарын түвшинд хөгжсөн бөгөөд энэ чиглэлд АНУ, Канад, Япон, БНХАУ, ОХУ зэрэг орнууд тэргүүлж байна. Олон улсын туршлагаас үзэхэд, профайлинг болон полиграфын үр дүнг, гол төлөв, нууц далд үйлдэлтэй гэмт хэрэг илрүүлэх, ээдрээ төвөгтэй хэрэг, зөрчил, маргааныг  шийдвэрлэх, нотлох ажиллагаанд ашигладаг практик  нийтлэг байна.
  Манай орны хувьд полиграфын үр дүнг хууль сахиулах чиг үүрэгтэй цагдаа, тагнуул, шүүхийн шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах зэрэг байгууллагуудын үйл ажиллагаанд төдийгүй тус салбарын хүний нөөцийн бодлого, сан бүрдүүлэлт, эрдэм шинжилгээ, судалгаа болон сургалтанд ашиглах бүрэн боломжтой.
  Дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль сахиулах салбарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны гол түшиц газар болох Дотоод хэргийн их сургуулийг түшиглэн, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтын нэг болох полиграф, профайлинг судлалын салбарыг өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулж, үр дүнг хууль сахиулах төдийгүй нийгмийн харилцааны бүхий л салбарт нэвтрүүлж, ашиглах  хөгжүүлэх зорилгоор профайлинг, полиграфын мэдлэгт суурилсан сургалт-судалгааны нэгдсэн лаборатори байгуулах нь зүйтэй гэж үзэн уг төслийг боловсруулан хүргүүлж байна.
  Саяхан Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Нийгмийн шинжлэх ухааны бага чуулганы хурал болсон. Та ШУА-ийн нийгмийн ухааны салбарын бага чуулганы гишүүний хувьд энэ удаагийн хурлаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү?
  Шинжлэх ухааны академийн салбар бага чуулганы хурал 2021 оны  10 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Энэ хурлаар академич С.Нарангэрэлийн бүтээлийг Төрийн шагналд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн.
Хоёрдугаарт, мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад Дотоод хэргийн их сургуулийн “Хууль сахиулахуй”, “Цагдаа судлал” зэрэг нэр бүхий 7 сэтгүүлийг онол, арга зүйн сэтгүүлийн шаардлага хангасан гэж үзээд оруулсан. Тиймээс дээрх сэтгүүлүүд бүгд Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүл боллоо.
Гуравдугаарт, нийгмийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох гэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмын хэрэгжилт гэсэн тэргүүлэх чиглэлийн саналыг манай их сургуулиас санал болгоод байна.
  Удахгүй Монгол улсанд орчин цагийн шинжлэх ухааны үүсч хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр” тохиох гэж байна. Энэ үйл ажиллагааг угтаж Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгээс ямар ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?
  Бид Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, эрдэмтэн судлаачдын бүтээлийг сурталчлан дэлгэрүүлэх, нийтийн хүртээл болгох ажлын хүрээнд цөөнгүй ажил төлөвлөн эхлүүлээд байна. Нэн тэргүүнд, анх удаагаа зохион байгуулагдаж байгаа ХЗДХ-ийн сайдын нэрэмжит “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл” уралдаанд эрдэмтэн, судлаачдаа хамруулна.
  Мөн нэрт эрдэмтэн Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор,  Ш.Арвай, Монгол Улсын гавъяат хуульч, хууль зүйн шинжлэх ухаан доктор, профессор, цагдаагийн хурандаа С.Жанцан, Монгол улсын гавъяат хуульч, доктор, профессор С.Бадарч нарын зэрэг олон эрдэмтнээ алдаршуулах, ажил үйлсийг нь сурталчилах ажил зохион байгуулна. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр залуу эрдэмтдийг бэлтгэх, чанаржуулах зорилгоор эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаачдад судалгааны арга зүй эзэмшүүлэх, орчин үеийн программ хангамжийг ашиглан хүчин зүйлст чанарын судалгаа хийх зэрэг сургалтыг үе шаттайгаар явуулж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний эрдмийн үйл хэрэгт амжилт хүсье.

Ярилцсан цагдаагийн хошууч Б.Төгсжаргал