L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийн ууган доктор, нэрт эрдэмтэн Содовын Бадарчийн нэрэмжит танхим үүдээ нээлээ

Дотоод хэргийн их сургуулийн ууган доктор, нэрт эрдэмтэн Содовын Бадарчийн нэрэмжит танхим үүдээ нээлээ

  • Nov 22, 2021

Монгол Улсын Гавьяат багш, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа С.Бадарчийн нэрэмжит “Судалгааны арга зүйн танхим”-ын нээлт өнөөдөр (2021.11.22) Дотоод хэргийн их сургуульд боллоо.
        Энэхүү танхимыг нэрт эрдэмтнийг алдаршуулах, алдар, гавьяаг нь мөнхлөх зорилгоор Шинжлэн магадлахуйн институтийн эрдэмтэн, судлаач, багш, албан хаагчид болон “Криминалистикийн шинжээч” мэргэжлээр төгссөн үе, үеийн төгсөгчдийн хандив, халуун сэтгэлээр байгуулжээ. Тус танхим нь шинжлэн магадлах ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамрагдаж байгаа суралцагчид болон судлаачдын эрдэм шинжилгээний ажлаа хийхэд хамгийн тохиромжтой орчин байна гэдэгт итгэж буйгаа санаачлагчид онцолж байлаа.
       Шинжлэн магадлахуйн профессорын багийн тэргүүлэх профессор, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ: “С.Бадарчи багш маань “Криминалистик” хичээлийг Монгол Улсад анх зааж, энэхүү шинжлэх ухааныг үүсгэж, хөгжүүлсэн түүхэн гавьяатай эрдэмтэн. Энэ сайхан багшаас номын авшиг хүртсэн олон зуун шавь нар нь өнөөдөр хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарт хүчин зүтгэж, Монгол төрийн тулганы галыг манаж байна. Багш маань Монголд анх удаа “Хууль цаазын түүх” хичээлийг заасан өвөрмөц эрдэмтэн. Монгол Улсын хууль цаазын түүхэн эх сурвалжуудыг нэг бүрчлэн судалж, агуулгыг нь нийтийн хүртээл болгосон гавьяатай хүн юм. Түүнчлэн эрдэм судлалын ажилд шавь нараа сойсон, эрдэмтэн болох замыг нь заасан буянтан билээ. Санчиг нь бууралтсан ч сэтгэлгээ нь цэл залуухан, эцэж цуцахыг мэдэхгүй эцсийн амьсгалаа хураатлаа туурвиж бүтээсэн буянтай буурал эрдэмтнээ бурханчлан шүтэж, дурсахын тулд энэхүү танхимыг байгууллаа” хэмээн ярилаа.

       С.Бадарчи багшийн Хувийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Жаргалсайхан: “С.Бадарчи багш бол НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн ууган доктор, Монголын криминалистикийн ухааны мөн ууган доктор, алдар цуутай эрдэмтэн байлаа. Амьсгал хураатлаа энэ шинжлэх ухаанд үнэнч байж, жилд багадаа хоёр бүтээл бичиж, хэвлүүлдэг хөдөлмөрч, бүтээлч хүн байсан. Энэ салбар ухааны болон Монголын төр, эрх зүйн түүхийг аль болох урагшлуул гэж шавь нартаа захидаг сан. Багш өөрөө бол судлаад хүннүгийн үед нь хүргэчихсэн” хэмээн дурсав.  Б.Жаргалсайхан доктор С.Бадарчи багшийн өөрийн гараар бичсэн намтар, хамгийн сүүлд ашиглаж байсан нэрийн хуудас, хэвлүүлэхээр бэлтгэж байсан ном зэргийг танхимд байршуулахаар авчирчээ.
        Шинжлэн магадлахуйн институтийн захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Ц.Гантулга: “С.Бадарчи багш бол Монгол Улсын ууган криминалистикч эрдэмтэн төдийгүй Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй судлаач байлаа. Энэ гайхамшигт багшийнхаа эрдэм судлалын ажлыг хойч үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү танхимыг байгуулсан. Танхимын үүд хаалга байнга нээлттэй байж, залуу эрдэмтэн судлаачдын номын сан, эрдэм судлалын их өргөө болно гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээв.      КШТ-ийн эрхлэгч, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Цолмон: “С.Бадарчи багшийн боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, байр суурийг дотоод, гадаадын олон байгууллага үнэлсэн байдаг. Тухайлбал, 2002 онд НҮБ болон бүх дэлхий мэдээлэл судлалын парламентад зөвхөн давуу эрх бүхий Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүнээр сонгож, 16016 дугаарын дипломоор гэрчилжээ. Мөн 2010 онд Академийнхаа “Хүндэт профессор” цолыг хүртээж, 2015 онд Эрхэм багш маань төр, засгийн болоод ард түмнийхээ итгэл, хүндлэлийн илэрхийлэл болсон “Монгол Улсын Гавьяат багш” хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь түүний цаглашгүй, эрдэм судлалын үйлийг үнэлсний нотолгоо юм. Үүнээс гадна Улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одон, Эрх чөлөөний одон, Мэдээлэл судлалын одон, НҮБ-ын Алтан медаль, эх орны бусад тэмдэг, медалиудаар тус тус шагнагдсан Ардын боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан юм. Түүний дангаар бичсэн ном 34, хамтарч бичсэн ном 10, ариутган шүүсэн ном 28, төрөл бүрийн сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл 42, сонинд бичсэн өгүүлэл 59, олон улсын хурал чуулган, үндэсний их дээд сургуулиудад эрдэм шинжилгээний бага хурлуудад тавьсан илтгэл 24 зэрэг нийт 340 гаруй бүтээл туурвисан байдаг” хэмээн ярилаа.