L O A D I N G
logo
Сонсогч Б.Отгонгэрэл, М.Өлзий-Орших нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гардан авлаа

Сонсогч Б.Отгонгэрэл, М.Өлзий-Орших нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гардан авлаа

  • Dec 05, 2019
Амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 суралцагчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо.
Энэхүү тэтгэлгийг Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн иститутын 348 дугаар дамжааны сонсогч Б.Отгонгэрэл, Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч М.Өлзий-Орших нар гардан авав.  
Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд болсон тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох талаарх зарлигийг уншиж сонордуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа нар шалгарсан 30 суралцагчид тэтгэлэг гардуулж, сурлагын амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээрэмжит тэтгэлэг гардан авсан Дотоод хэргийн их сургуулийн сонсогч Б.Отгонгэрэл, М.Өлзий-Орших нартай уулзаж, ярилцлаа.
Сонсогч Б.Отгонгэрэл: Дотоод хэргийн их сургуулийн сонсогч байх нь миний хувьд нэр төрийн хэрэг юм

 
Шинжлэн магадлахуйн иститутын 348 дугаар дамжааны сонсогч Б.Отгонгэрэл “Дотоод хэргийн их сургуулийн нийт сонсогч, оюутныг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гардан авсандаа баяртай байна. Энэ сайхан мэдээг хамгийн түрүүнд аав, ээж, ангийн багшдаа дуулгасан. Аав, ээж маань Хөвсгөл аймагт амьдардаг.
Босго өндөртэй Дотоод хэргийн их сургуульд сурч, энэ сургуулийн сонсогч байх нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
Би 2019 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд амжилттай оролцсон. Мөн өөрийгөө дайчилж, хичээж суралцсаны маань үр дүн өнөөдөр гарсанд баяртай байна.
Энэ дашрамд намайг дэмжсэн Шинжлэн магадлахуйн иститутын багш, цагдаагийн хошууч Б.Номинд талархсанаа илэрхийлье” гэв.
Сонсогч М.Өлзий-Орших: Аав, ээжийнхээ ач тусынх нь өчүүхэн хэсгийг энэ баярт мэдээгээрээ хариулсандаа баяртай байна

 
Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч М.Өлзий-Орших “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гардан авснаар надад Их сургуулийнхаа нэрийг өндөр өргөж явах илүү их хариуцлага оногдож байна. Би хичээх болно.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гардан авсандаа баяртай байна. Энэ сайхан мэдээг хамгийн түрүүнд ээждээ дуулгалаа. Ээж минь их баярлаж, надад улам их амжилтыг хүссэн.
Үнэндээ би аав, ээжийнхээ намайг өсгөж, хүмүүжүүлсэн ач тусынх нь өчүүхэн хэсгийг энэ баярт мэдээгээрээ хариулсандаа баяртай байна
 Намайг дэмжсэн Их сургуулийнхаа нийт хамт олон, сонсогч, найз нөхөд, Дотоод хэргийн их сургуулийн  Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхмийн эрхлэгч, хошууч Ц.Ганчимэг, Сургалтын арга зүйч ахлах дэслэгч З.Даваасүрэн нарт талархсанаа илэрхийлье” гэлээ.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА