L O A D I N G
logo
“Төрийн байгууллагын менежмент: Тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Төрийн байгууллагын менежмент: Тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

  • Nov 29, 2019
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Удирдахуйн ухаан, аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын багаас хамтран “Төрийн байгууллагын менежмент: тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Удирдлагын академийн магистрант суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, судалгааны арга зүй, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой , тус хурлаар төрийн байгууллагын менежментийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.  

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд зохиогдсон уг хурал хоёр үе шаттай зохион явагдав.
Эхний шатанд нийт 23 илтгэл ирүүлсэн байна. Үүнээс төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын стратеги, удирдлага, хүний нөөцийн менежментийн онол, арга зүй, бодлого, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хөндсөн 8 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүллээ.
Тэргүүн байрт “Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх Цагдаагийн байгууллагын стратеги, удирдлага” сэдэвт илтгэлээр 8011 дүгээр дамжааны магистрант, цагдаагийн дэд хурандаа Б.Тамир, хоёрдугаар байрт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт” илтгэлээр 8021 дүгээр дамжааны магистрант, хошууч А.Оюунутяа, гуравдугаар байрт  “Хүний нөөцийн менежментийн онол, арга зүйн асуудал” илтгэлээр 8011 дүгээр дамжааны магистрант, ахмад С.Наранбаатар нар шалгарлаа. Тусгай байрт “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны удирдлага, зохион байгуулалт” сэдэвт илтгэлээр 8111 дүгээр дамжааны магистрант, цагдаагийн хошууч З.Эрдэнэ-Оргил шалгарсан юм.
Энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс хуралд ирүүлсэн илтгэлийн академик бичлэг, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартыг хангасан байдлыг сайшааж цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах санал дэвшүүллээ.



СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА