L O A D I N G
logo
Төрөлх сургуульдаа ажиллаж байгаадаа баяртай байдаг

Төрөлх сургуульдаа ажиллаж байгаадаа баяртай байдаг

  • Jan 11, 2022

     2021 оны “Тэргүүний албан  хаагч”-аар Их сургуулийн Бодлого төлөвлөлтийн албаны дарга, цагдаагийн дэд хурандаа С.Болдбаатар шалгарлаа. Төрийн болон төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагад 30 гаруй жил хөдөлмөрлөж, олон хариуцлагатай албыг нэр төртэй хашиж  ирсэн  манай Их сургуулийн шилдэг офицеруудын нэг юм.

    1988 онд  тэр үеийн НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн хуулийн ангийг төгсөж, Булган  аймгийн Цагдан сэргийлэх ангид насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх албаны төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй ажээ. Цагдаа хэмээх том айлд хэв журмын байцаагч, эрүүгийн  төлөөлөгч, мэргэжилтэн, Цагдаагийн ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар гээд төрийн болон  төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад захиргааны удирдлага, хууль эрх зүйн мэргэжлээрээ амжилттай ажиллаж ирсэн бөгөөд  Дотоод хэргийн их сургуульд тав дахь жилдээ ажиллаж байна.

    Энэ жил цагдаагийн дэд хурандаа цолоо зүүсэн С.Болдбаатар дарга ажил албаны чиглэлээр биднийг  юу ч асуусан хариулах мэдлэгтэй нэгэн. Зөв боловсон харилцаатай, хариуцсан ажилдаа эзэн болсон, дадлага, туршлагатай бусдыг манлайлах ур чадвартай, шударга ёс зүйтэй нэгэн гэдгийг нь хүн бүхэн мэднэ. Өөрийн төгссөн сургуульдаа Бодлого, төлөвлөлтийн албаны дарга хэмээх хариуцлагатай ажил албыг хашиж байгаагаа ховорхон хувь тохиол гэж бодож, бэлгэшээж явдаг байна.  Тэрбээр “Тэргүүний албан хаагч хэмээх энэ нэр хүндтэй шагнал бол манай Захиргааны удирдлагын газар багаараа сайн ажиллаж чадсаны үр дүн юм. Хамт олондоо баярлалаа. Мөн үргэлж бат найдвартай ар тал болж байдаг гэр бүлийнхэндээ талархаж буйгаа илэрхийлье” хэмээн даруухан өгүүлэв.

    Мөн “Төр засгийн бодлого шийдвэрүүдийн хэрэгжилтийг  Их сургуулийн хэмжээнд хангуулах ажлыг зохион байгуулна гэдэг аргагүй багийн ажил байдаг. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн урт хугацааны стратеги төлөвлөгөө “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2020-2045” төслийн ажлын дэд хэсэгт ажиллан, “Алсын хараа-2050”  төслийг боловсруулахад мэдлэг  оюунаа зориулсан бодлого төлөвлөлтийн албаны дарга нь өөрийн хариуцсан албаны чиг үүрэгт хамаарах Их сургуулийн хөгжлийн стратеги, чиг хандлагыг тодорхойлж, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, нэгтгэн тайлагнах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, эрх зүйн орчинг тодорхой болгох, таатай орчин бүрдүүлэх бие бүрэлдэхүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжээс боловсруулж буй тушаал, баримт бичгийн стандарт, эрх зүйн үндэслэлийг хянаж, албажуулах, төрийн захиргааны төв байгууллага, агентлаг болон дээд газарт хүргүүлэх удирдлагын баримт бичгийг хянах, нэгтгэн боловсруулах, тайлагнах, Их сургуулийн дотоод ажлыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомж, дээд газрын тогтоол, шийдвэр, Их сургуулийн захирлын тушаал, шийдвэрийн хэрэгжилт болон өгсөн үүргийн биелэлтийг  хангуулах гээд дурдаад барамгүй хариуцлагатай ажил албыг гүйцэтгэдэг.

    Манай Захиргааны удирдлагын газраас шилдэг офицер, Захиргааны удирдлагын газрын дарга маань шилдэг удирдагчаар шалгарлаа. Хамт олон маань нэгэн зорилго, чиглэлтэй тууштай хөдөлмөрлөсний, мөн хамт олныг сайн удирдан чиглүүлж зохион байгуулсны үр дүнд бид энэ шагналын эзэд болсон гэж  бодож байна” гээд хамт олноороо дахин дахин бахархаж байлаа.

     Цэг таслал л алдвал утга агуулга нь өөрчлөгдөж, учир холбогдол нь үгүйсгэгдэж мэдэх  мэдлэг оюун, мэргэжлийн ур чадвар, туршлага шаардсан ажлыг нэр төртэй гүйцэтгэж ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧ-аар шалгарсан танд амжилт хүсье.