L O A D I N G
logo
Цагдаагийн хошууч Я.Цэлмэн: Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийг нотлох ажиллагаа өнөөдөр тулгамдсан асуудал болсон

Цагдаагийн хошууч Я.Цэлмэн: Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийг нотлох ажиллагаа өнөөдөр тулгамдсан асуудал болсон

  • Jan 14, 2022

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн доктор, цагдаагийн хошууч Я.Цэлмэнтэй докторын зэрэг хамгаалсан сэдвийн талаар ярилцлаа.

 -Хууль зүйн докторын зэргээ амжилттай хамгаалсанд тань баяр хүргэе. Та хамгаалсан сэдвийнхээ талаар бидэнд  мэдээлэл өгнө үү.

-“Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нотолгоо” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсандаа баяртай байна. Судалгааны ажлыг минь удирдсан доктор, профессор Ч.Нямсүрэн, Т.Оюунчимэг багш болон аав, ээж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ажлын хамт олондоо талархсанаа илэрхийлье. Энэхүү сэдвийг сонгон судлах болсон үндэслэл бол гарцаагүй нийгмийн шаардлагаас урган гарсан юм. 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалт анх орж ирсэн, мөн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс үйлчилсэн ЭХХШтХ-ийн 20 дугаар бүлэгт “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар тусгай журам хуульчлагдсан. Зургаан жил энэ сэдвээр судалгаа хийлээ. Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нотлох ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа олон асуудал байгаа нь бидний хийсэн судалгаагаар илэрсэн. Бид мөрдөгч, прокурор, шүүгч нараас судалгаа авч, мөн олон хуульч, өмгөөлөгч, хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Энэ бүх ажлын эцэст шийдвэрлэх ёстой асуудлууд байгааг тогтоож, түүнийг шийдвэрлэхээр судалгааны ажлын зорилго, зорилтоо тодорхойлсон.

-Таны судалгааны ажлын ач холбогдол нь юу вэ?

-Өнөөдөр хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шийдвэрлэлт 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш буюу ЭХХШтХ хэрэгжиж эхэлснээс 2021 оны 9 дүгээр сар хүртэл албан ёсны мэдээгээр шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэрэг маш цөөн байна. Эрүүгийн хэрэг үүсгэж хуулийн этгээдийг яллагдагчаар татсан хэрэг 30 орчим байгаа нь анхаарал татдаг. Үүний учир шалтгаан нь юунд байгаа талаар практик байгууллагын алба хаагч нарын дунд судалгаа явуулсан. Олон шалтгаан илэрсэн боловч хуулийн этгээдийн талаар ойлголт Эрүүгийн болон процессын хуулиар тодорхой зохицуулагдаагүйтэй холбоотой байна. Бид дэлхийн эрүүгийн процессын загвар хуулийн заалтыг тэр чигээр нь шахуу авч хуульчилсан нь өрөөсгөл юм. Бид өөрийн орны эрх зүйн онцлогт тохируулж, дэлхийн чиг хандлагыг авч үзэх шаардлагатай. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар туршлага хуримтлуулсан улсууд нь Англо-Саксоны эрх зүйн бүлгийн улсууд байна. Тухайлбал, АНУ, Англи, Австрали гэх мэт. Мөн БНСУ, Япон зэрэг орнуудын эрх зүйн зохицуулалт маш сайн боловсруулагджээ. Бид эдгээр улсуудын сайн туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй. Хуулийн этгээдийн талаар өнөөдөр Иргэний хуульд зааснаар ойлгож ирсэн. Тэгвэл эрүүгийн процесс ажиллагааны оролцогч болох тэр онцлогийг тодруулсан, тодорхой ойлголт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй мөрдөгч, прокурор, шүүгч нарт шаардлагатай байна. Мөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь буруу, зөв гэсэн онолын маргаан ч эрдэмтэн, судлаачдын дунд байна. Би бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй шаардлагатай гэсэн байр сууринаас судалгааны ажлаа хийсэн. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр зорьсон бөгөөд цаашид ч энэ чиглэлээр судалгааны ажлаа үргэлжүүлэх болно.

-Та судалгааны ажлын үр дүнгээ дотоодод төдийгүй олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцүүлж байсан юм билээ.

-Тийм ээ. Судалгааны ажил өөрөө их олон үе шаттай, урт хугацаа шаарддаг онцлогтой. Бид судалгааны ажлын агуулгыг дараах байдлаар нийтийн хүртээл болгосон байдаг.

Судалгааны ажлын бүлгүүдийн агуулгаар 10 орчим эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллийг олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэн, мэргэжлийн сэтгүүлүүдэд нийтлүүлж, эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулсан. Тухайлбал:  

1. Хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийн криминалистик шинжийг тодорхойлох зарим асуудал. (Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхим хамтран зохион байгуулсан “Эрүүгийн процессын эрх зүйд тулгамдсан зарим асуудал” ЭШХ. 2017.12.8.);

2. Аctual state of investigation operation and proof of crimes related to legal entities in mongolia. (ОХУлсын ДХЯ-ны харьяа Дорнод Сибирийн дээд сургуулиас зохион байгуулсан “Деятельность правоохранительных органов в современных условиях” (Орчин үеийн нөхцөл дэх хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа) ОУЭШ, практикийн хурал. 2021.06.11.);

3. Хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийг нотлох ажиллагааны уламжлал, өнөөгийн байдал (ДХИС-ийн Цагдаагийн сургууль, Эрүүгийн процессын эрх зүйн тэнхим, Нийслэлийн цагдаагийн Мөрдөн шалгах газартай хамтран зохион байгуулсан “Мөрдөн шалгах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл, шийдвэрлэх арга зам, чиг хандлага. ЭШХ. 2020.09.09.);

4. Хуулийн этгээдээс үйлдсэн гэмт хэргийг нотлох ажиллагаанд тулгамдаж буй асуудал. (Монголын цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн, мөрдөн байцаах албаны 75 жилийн ойд зориулсан ДХИС, ЦС, ЦЕГ-ын МБА-тай  хамтран зохион байгуулсан “Мөрдөн шалгах ажиллагааны хүндрэл, шийдвэрлэх арга зам” ЭШХ. 2021.10.12.) илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлсэн. Түүнчлэн “Хууль сахиулахуй”, “Цагдаа судлал” онол, арга зүйн улирал тутмын сэтгүүлүүд болон “Хүний эрх” сэтгүүлд судалгааны ажлаа нийтэлсэн.

-Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгэмд хэр хохирол, хор уршиг учруулдаг вэ?

-Бид эхлээд хуулийн этгээдийн талаар ойлголтоо өөрчлөх шаардлагатай. Монгол Улсын хууль, эрх зүйн орчинд ашгийн төлөө хуулийн этгээд гэж компани, нөхөрлөл гээд л орхичихсон байдаг. Бид энэ ойлголтын талаар дэлхий нийтийн чиг хандлагаас хоцорчихсон. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үндэстэн дамнасан групп, корпораци, компаниудын хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ ямар өргөн байгааг бид урьдчилан тооцоолох шаардлагатай. Орчин үед хуулийн этгээдээс үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох ажиллагаа нь нэг улсын хүчин чармайлтаас гадна олон улсын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалах болсон байна. Тэдгээр улс орнуудын батлан гаргаж, хууль сахиулах үйл ажиллагаандаа мөрдөж буй баримт бичиг, заавал дагаж мөрдөх заалтууд, олон улсын стандартуудыг нэвтрүүлэх нь хуулийн этгээдийг эрүүгийн процесс ажиллагааны оролцогч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх субьект болоход туйлын чухал юм. Учир нь хуулийн этгээд зохион байгуулалтад орж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж эхэлсэн хугацаа нь зарим улс орны тусгаар тогтнолоо олсон тус хугацаанаас даруй олон жилийн өмнө байх бөгөөд үйл ажиллагаа явуулдаг цар хүрээ, түүнээс олдог орлого нь мөн зарим улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс (ДНБ) их байна.

Төв болон Өмнөд Америкийн олон улсад улс доторх улс гэж нэрлэгдэх United Friut Company өөрсдийн эдийн засгийн их нөөц боломж, өрсөлдөгчгүй давуу байдал, үйл ажиллагаа явуулж буй орныхоо эдийн засгаас давсан хөрөнгөтэй байдалдаа эрдэн тусгаар улс мэт дураар аашилдаг ажээ. Тухайлбал: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Рио-Тинто (Rio Tinto) групп нь Англи-Австралийн үндэстэн дамнасан групп бөгөөд дэлхийн хоёр дахь том металл, уул уурхайн корпораци BHP-ийн дараа төмрийн хүдэр, зэс, алмаз, алт, уран олборлодог. Тус компани нь 1873 онд хөрөнгө оруулагчдын үндэстэн дамнасан консорциум Испанийн засгийн газраас Испанийн Хуэлва дахь Рио Тинто дахь уурхайн цогцолборыг худалдаж авснаар үүсгэн байгуулагдсан. Түүнээс хойш тус компани нь урт хугацааны нэгдэл, худалдан авалтаар өргөжин хөнгөн цагаан, төмрийн хүдэр, зэс, уран, алмаз зэрэг олон төрлийн түүхий эд үйлдвэрлэх чиглэлээр дэлхийн тэргүүлэгчдийн нэг болжээ. Өөрөө хэлбэл, Монгол Улсад ардын хувьсгал ялж, тусгаар тогтнолоо тунхагласнаас даруй 48 жилийн өмнө тус групп байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлжээ гэсэн үг. Энэ мэт олон хүчин зүйлсийг анхаарах шаардлагатай.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.