L O A D I N G
logo
“Богд хаант Монгол Улсын цагдаа” баримтат кино үзэгчдийн хүртээл боллоо

“Богд хаант Монгол Улсын цагдаа” баримтат кино үзэгчдийн хүртээл боллоо

  • Dec 30, 2019
Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой, Монгол Улсад шинэ үеийн цагдаа үүссэний 108 жилийн ойд зориулсан “Богд хаант Монгол Улсын цагдаа” баримтат кино үзэгчдийн хүртээл боллоо.   
Тус бүтээлийг ДХИС-ийн захирлын 2016 оны 10 дугаар 05-ны өдрийн А/169 дүгээр тушаалаар байгуулагдсан судалгааны багийн хийж гүйцэтгэсэн “Монгол Улсад шинэ үеийн цагдаагийн байгууллага үүссэн он цаг, үечлэл”,  Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн “Цагдаагийн түүх судлал”-ын судалгааны тайланг үндэслэн шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино болгон  бүтээжээ.
Баримтат кинонд шинэ үеийн цагдаагийн байгууллагын түүхийг 1911 он болон Богд хаантай холбон авч үзсэн байна. Богд хутагтын 1902 онд айлдсан “Аяа гайхамшигт” лүндэнгээрээ  монголын нийгэмд бугшсан архи тамхи, хэрүүл шуугиан, хулгай худлыг жигших, хүн ардын оюун санааг тэлэх, ёс суртахууны сайн чанарыг төлөвшүүлэх талаар сургаж байжээ.

Нийгмийн дэг журмыг чангатгах сахиулах зорилгоор 1916 онд Цагдан сэргийлэх албаны газрыг байгуулж, үйл ажиллагааны эрх зүйн үндэс болох “Нийслэл хүрээний тойрон газруудыг цагдан сэргийлэх дүрэм хэмжээ”-г батлуулахаар зарлиг болгохоор тэмдэглэсэн нь цагдаагийн байгууллагад онцгой анхаарал хандуулсан үйл явдал бөгөөд энэхүү дүрэм нь Монгол Улсын цагдан сэргийлэх байгууллагын анхны дүрэм болсноороо ач холбогдолтой төдийгүй Монголын цагдаа судлал болон эрх зүйн шинжлэх ухааны гол судлагдахуун болж байна.   

Энэхүү бүтээлийн судалгааны ажлын удирдагчаар Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, хууль зүйн доктор, дэд профессор М.Эрдэнэбаяр, гишүүдэд Шинжлэн магадлахуй судлалын судалгааны профессорын багийн профессор, хууль зүйн доктор Б.Жаргалсайхан, Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хошууч Б.Энхболд, түүхийн ухааны доктор Ц.Минжин, Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн магистр, цагдаагийн ахмад Б.Мөнхсэргэлэн, эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн магистр, цагдаагийн ахлах дэслэгч О.Уулзахжаргал, баримт киноны эвлүүлгийн найруулагчаар Мэдээлэл технологи, хөгжлийн газрын Сургалтын кино студийн эрхлэгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Энхтайван, зураглаачаар мөн газрын зураглаач, цагдаагийн ахлагч Ш.Одгэрэл, Зөвлөхөөр түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лонжид, Ж.Заанхүү нар ажиллалаа.
 СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА