L O A D I N G
logo

Гадаад хэлний институт

ГАДААД ХЭЛНИЙ ИНСТИТУТ

ТҮҮХЭН ЗАМНАЛ
Дотоодыг хамгаалах газрын Төв сургуульд 1934 оноос Бадрах багшийн удирдлага дор орчуулгын дамжаа хичээллүүлж эхэлснээр Гадаад хэлний институт үүсэн байгуулагдах үндэс суурь тавигдсан. Улмаар Дотоод явдлын яамны Хязгаарын ба Дотоодын цэргийн нэгдсэн сургууль нь 1945-1946 оны хичээлийн жилд Япон хэлний курст суралцагчдыг сургах болсноор гадаад хэлний сургалтыг эхлүүлжээ. НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуульд 1978-1981 онуудад Орос хэлний тэнхимийг байгуулан ажиллах болжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 180 дугаар тогтоолыг үндэслэн 1982 оны 07 сарын 26-ны өдөр Цэргийн тусгай дунд сургуулийг НАХЯ-ны Цэргийн Дээд сургууль болгон өөрчилж бүтэц зохион байгуулалтад Гадаад хэлний тэнхимийг байгуулсан байдаг.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б/437 тоот тушаалаар Дотоод хэргийн их сургуулийг шинэчлэн зохион байгуулж Гадаад хэлний институт байгуулагдан ажиллаж байна.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Гадаад хэлний институт нь захиалагч байгууллагын албан хаагчдад гадаад хэлний мэдлэг олгох зорилгоор сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг явуулдаг.
Бид олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр гадаад хэлний мэдлэгтэй дотоод хэрэг, аюулгүй байдал, хууль сахиулах салбарын хүний нөөцийг бэлтгэх алсын харааг баримтлан ажилладаг бөгөөд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд орчин үеийн дэвшилтэт техник, технологи, шилдэг заах арга зүйг ашиглан суралцагчдад гадаад хэлний мэдлэг чадвар олгох эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Институтийн багшлах бүрэлдэхүүний 33%-ийг боловсролын доктор (Ph.D)-ын зэрэгтэй албан хаагчид эзэлдэг болно.