L O A D I N G
logo

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ц.АЗБАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ


Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, давтан, мэргэшүүлэн сургах зорилготой байгуулагдсан бөгөөд өдгөө мэргэжлийн 6 профессорын багийн бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Тус академи “Хууль сахиулах удирдлага /F10320103/” доктор, “хууль сахиулах удирдлага /Е10320103/” судалгааны магистрын зэрэг олгох хөтөлбөрүүд болон “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага /Е10320104/”, “Хилийн стратеги-тактик, удирдлага /Е10380202/”, “Онцгой байдлын стратеги-тактик, удирдлага /Е10320502/”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага /Е10320201/” мэргэжлийн магистрын зэрэг олгох сургалт бусад төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын богино хугацааны сургалтыг зохион байгуулж явуулдаг. Байгуулагдснаас хойшх хугацаанд магистрын сургалтад 195, давтан болон мэргэшүүлэх сургалтад 400 гаруй удирдах албан тушаалтныг суралцуулж төгсгөсөн.
Удирдахуйн шинжлэх ухааны хөгжил түүн дотроо төрийн тусгай албадын удирдлага, хөгжлийн талаарх салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг баримталж, суралцагсдын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг удирдлагаар хангаж “Онолын мэдлэгээ ашиглаж чаддаг, өндөр ур чадвартай удирдах ажилтан нь байгууллагын хувьд хамгийн үнэтэй эрхэм баялаг төдийгүй байгууллагын тогтвортой хөгжил, ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл болдог” менежментийн онолыг онцлон үзэж суралцагчдаа бүх талаар хөгжүүлэх, сэтгэлгээний өөрчлөлт, хандлагыг төлөвшүүлэх зорилт тавьж, гадаад дотоодын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажилладаг. Дурдвал: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль, БНХАУ-ын Тайвань суурин төлөөлөгчийн газар, БНФУ-ын элчин сайдын яам зэрэг байгууллагууд багтана.
Манай академийг зорин ирэх та бүхний өмнө үүд хаалга нээлттэй байх болно. Та бүхний ажил үйлсэд амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье.
  
ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн захирлын ажлын албаны чиг үүрэг нь өдөр тутмын болон сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангахад чиглэгддэг. Тус алба нь одоо захирал – 1, сургалтын арга зүйч – 1, сургалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн – 1, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн – 1, лаборант– 1, бүгд 5 орон тоотой ажиллаж байна.
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН СУРГАЛТ
Удирдлагын академи нь захиалагч байгууллага болон суралцагчдын хэрэгцээ, шаардлагыг харгалзан сургалтын агуулгыг баяжуулах, зохион байгуулалт, арга зүй, технологийг боловсронгуй болгох, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, суралцагчдад шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн мэдлэг, чадварыг олгох, хандлагыг төлөвшүүлэх, багшийг чадваржуулах, эрдэмжүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.
Удирдлагын академи нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны  яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу “Хууль сахиулах удирдлага /F10320103/” докторын, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрээр “Хууль сахиулах удирдлага” докторын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг баталгаажуулсан.
 “Хууль сахиулах удирдлага /Е10320103/” судалгааны магистрын зэрэг олгох, “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага /Е10320104/”, “Хилийн стратеги-тактик, удирдлага /Е10380202/”, “Онцгой байдлын стратеги-тактик, удирдлага /Е10320502/”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага/Е10320201/” мэргэжлүүдээр магистрын зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх мэргэжлүүдээр үндсэн ангид захиалагч агентлаг, байгууллагуудын удирдах албан тушаалын нөөц бүрдүүлэх бодлогын хүрээнд суралцагчдыг сонгон шалгаруулалтаар элсүүлэн 2 жилийн хугацаанд ажлаас чөлөөлөн өдрөөр сургаж “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага”, “Онцгой байдлын стратеги-тактик, удирдлага”, “Хилийн стратеги-тактик, удирдлага”-ын мэргэжлийн диплом болон удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалуулан хос дипломтойгоор төгсгөдөг.
Захиалагч агентлаг, байгууллагуудын эрэлт, хэрэгцээнд тулгуурлан “Хууль сахиулах удирдлага” докторын сургалтыг эрхлэх тусгай зөвшөөрлийг 2018 онд 1.5 жилийн хугацаатай гарагийн хэлбэрийн сургалтыг 2017 оноос, улирлын хэлбэрийн сургалтыг 2018 оноос явуулж эхэлсэн бөгөөд гарагийн ангид суралцагч нь “Хууль сахиулах удирдлага” судалгааны магистрын дипломтой, улирлын ангид суралцагч нь “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага”, “Онцгой байдлын стратеги-тактик, удирдлага”, “Хилийн стратеги-тактик, удирдлага” мэргэжлийн магистрын дипломтой төгсөнө.
Тус академи төгсөгчид цагдаагийн байгууллагад хэлтэс, газрын дарга, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хэлтэс, газрын дарга, хорих ангийн дарга, онцгой байдлын байгууллагад хэлтэс, газрын дарга, аврах, гал унтраах ангийн дарга, хил хамгаалах байгууллагад хилийн тусгай ангийн захирагч, штабын даргын албан тушаалд ажиллах бүрэн чадамжийг эзэмшүүлдэг суралцагч нь цол, дүрэмт хувцас, цалингийн хангалтыг эдэлдэг ба ялгах энгэрийн тэмдэгтэй байдаг.
Удирдлагын академи нь мэргэжлийн диплом, магистрын зэрэг олгох үндсэн сургалтаас гадна удирдах ажилтныг давтан сургах “Стратегийн дамжаа”, шинээр албан тушаалд томилогдсон ажилтныг сургах “Албан тушаалын дамжаа”-ны сургалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Стратегийн дамжаа нь ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын хэлтэс, газрын даргын албан тушаалд томилогдон тодорхой хугацаагаар ажиллаж буй алба хаагчдыг удирдахуйн арга барилд давтан сургах хэлбэрээр, эсвэл тодорхой чиглэлээр, жишээлбэл, “Гамшгийн болон онцгой нөхцөл байдал дахь цагдаагийн (шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн, хил хамгаалах байгууллагын) удирдлага”, “Терроризм ба төрийн тусгай албад” г.м. сэдэвчилсэн байдлаар зохион байгуулагдана. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны удирдах ажилтны, эрүүгийн цагдаагийн удирдах ажилтны, хэв журмын албаны удирдах ажилтны, хорих байгууллагын удирдах ажилтны, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн, хил хамгаалах байгууллагын гэх зэргээр захиалгат сургалтыг төрөлжүүлэн зохион байгуулах боломжтой. “Стратегийн дамжаа” төгсөгчдөд “Гэрчилгээ” олгоно.
Албан тушаалын дамжаанд захиалагч агентлагын газар, хэлтэст (хорих болон хилийн тусгай ангийн дарга, захирагч) шинээр албан тушаал дэвшин ажиллах ажилтныг богино хугацаанд сургаж, удирдахуйн арга барил, тухайн байгууллагын бодлого, үйл ажиллагааны журмуудтай танилцуулах юм. Албан тушаалын дамжаа төгсөгчдөд “Гэрчилгээ” олгоно.
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ
Удирдлагын академийн сургалтын үйл ажиллагааны үндсэн хэсгийн нэг нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил бөгөөд тус академийн эрдэмтэн, багш нар нь дотоод аюулгүй байдлыг хангах байгууллагуудын удирдлагын үйл ажиллагаа түүнд тулгамдаж байгаа асуудалд онол, практик үйл ажиллагааны цогц судалгаа явуулахаас гадна тодорхой байгууллагын хүсэлтээр үйл ажиллагааны явцад нь судалгаа хийж дүгнэлт гаргах, байгууллагын хөгжлийн талаар мэргэжлийн  зөвлөгөө өгөх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг.
Тус академийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын салшгүй хэсгийн нэг нь онол, арга зүйн улирал тутмын “Хууль сахиулахуйн удирдлага” сэтгүүл юм. Уг сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь хууль сахиулах байгууллагуудын удирдлагад тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн гаргах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршдог ба тус сэтгүүл хэвлэгдэн гарснаараа хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид, их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид энэ чиглэлээр бичсэн өгүүлэл, нийтлэлээ хэвлүүлж олны хүртээл болгох өргөн боломж нээгдсэн.
Тус академийн багшлах бүрэлдэхүүнээс жил бүр 5-аас дээш сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээлийг боловсруулж, сургалтад ашиглаж ирсэн.
 
 

УДИРДАХУЙН УХААНЫ ПРОФЕССОРЫН БАГ


Удирдахуйн ухааны профессорын баг нь “Хууль сахиулах удирдлага”, “Стратеги-тактик, удирдлага” хөтөлбөрөөр элсэн суралцаж байгаа захиалагч агентлаг, байгууллагын алба хаагчдад удирдахуйн ухааны онолын мэдлэг олгох ажиллагааг судалгаанд болон асуудалд суурилсан сургалтын арга зүйгээр зохион байгуулдаг.
Төрийн тусгай албаны үйл ажиллагааны онцлогтой уялдуулан удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэх, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор “Хууль сахиулах удирдлага” сургалтын хөтөлбөрийг өргөтгөн удирдахуйн ухааны магистрын зэрэг олгох “Хууль сахиулах захиргааны удирдлага” хөтөлбөрийг 1,5 жилийн хугацаанд, гарагийн хэлбэрээр зохион байгуулан хэрэгжүүлж байна. 
Удирдахуйн ухааны профессорын баг нь үндсэн сургалтуудаас гадна стратегийн болон удирдах албан тушаалтны богино хугацааны мэргэшүүлэх сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн Сайдын болон Их сургуулийн захирлын тушаалаар баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу жил бүр үе шаттай зохион байгуулан ажилладаг.
Сургалтаар суралцагчдыг удирдлагын үйл ажиллагаа явуулах мэдлэг, чадвар, хандлагад суралцуулах суурь хичээлүүд менежментийн онол, төрийн онол, удирдлага, төрийн захиргааны удирдлага, хууль сахиулах удирдлага, хамтын ажиллагаа, манлайлал, мэргэжлийн ёс зүй, удирдлагын сэтгэл зүй зэрэг хичээлүүдийг зааж байна. 
Профессорын багийн профессороор доктор /Ph.D/, цагдаагийн хурандаа Д.Сундуйсүрэн, багийн дэд профессор, цагдаагийн хошууч Д.Түмэндэлгэр, багийн ахлах багшаар доктор /Ph.D/, цагдаагийн дэд хурандаа Д.Булган нар ажиллаж байна.
 

ЦАГДААГИЙН УДИРДЛАГА, СТРАТЕГИЙН ПРОФЕССОРЫН БАГ


Цагдаагийн удирдлага, стратегийн профессорын баг нь цагдаагийн удирдах ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр байгуулагдсан тус академийн мэргэжлийн профессорын багуудын нэг бөгөөд одоо тус баг нь профессор – 1, дэд профессор – 1, ахлах багш – 1, нийт 3 орон тоотойгоор сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Тус профессорын баг нь “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага” мэргэжлийн магистрын болон “Хууль сахиулах удирдлага” судалгааны магистрын хөтөлбөрт цагдаагийн байгууллагын захиалгаар тус академид элсэн суралцаж байгаа алба хаагчдад цагдаагийн албаны тухай хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагааны удирдлага, цагдаагийн төв, нутаг, дэвсгэрийн байгууллагын удирдлагын чиглэлээр мэргэжлийн хичээлүүдийг заахаас гадна удирдах ажилтны нөөцөд авагдсан алба хаагчдад болон удирдах ажилтанд зориулсан богино хугацааны сургалтыг тусгай батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тасралтгүй явуулахын зэрэгцээ цагдаагийн байгууллагын удирдлагад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулж байна.
Профессорын багийн профессороор, дэд профессор, доктор /Ph.D/, цагдаагийн хурандаа Б.Одбаатар, багийн дэд профессороор, профессор, доктор /Ph.D/, бригадын генерал Ц.Амгаланбаяр, багийн ахлах багшаар доктор /Ph.D/, цагдаагийн хурандаа Д.Гэрэлбаатар нар ажиллаж байна.
 

ХИЛИЙН АЛБАНЫ УДИРДЛАГА, СТРАТЕГИЙН ПРОФЕССОРЫН БАГ


Хилийн албаны удирдлага, стратегийн профессорын баг нь хил хамгаалалтын стратеги-тактик, удирдлага мэргэжлийн боловсролын чанарыг эрхэмлэн, суралцагчдад хилийн ангийн удирдлага, зохион байгуулалтын мэдлэг, чадвар, дадлага эзэмшүүлэх, ёс зүйн эерэг хандлага төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Профессорын багаас зааж буй мэргэжлийн хичээлүүдийн хөтөлбөрийг тухай бүр шинэчлэн, хичээлийн баяжилтыг сайжруулан, сургалтын чанарыг дээшлүүлэх
суралцагчдад мэргэжлийн хичээлүүдээр онол, практикийн системтэй мэдлэг олгож, захирагч даргын биеэр гүйцэтгэх дадлага, чадвар олгон, тэднийг ёс зүйн эерэг хандлагатай болгох хил хамгаалах байгууллагын захиалгаар болон шийдвэрлэвэл зохих асуудлаар эрдэм, шинжилгээ судалгааны ажлыг суралцагчдын оролцоотойгоор хийж, тэдэнд судалгааны арга зүй эзэмшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус багийн профессороор хурандаа Я.Ариунболд, багийн дэд профессороор доктор /Ph.D/, хурандаа В.Пүрэвбаасан, багийн ахлах багшаар, профессор, доктор /Ph.D/, академич,  хурандаа П.Баттогтох нар ажиллаж байна.
 

ОНЦГОЙ БАЙДЛЫН УДИРДЛАГА, СТРАТЕГИЙН ПРОФЕССОРЫН БАГ

 
Онцгой байдлын удирдлага, стратегийн профессорын баг нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр байгуулагдсан мэргэжлийн чиглэлийн профессорын баг юм.
Тус багийн профессороор, дэд профессор, доктор /Ph.D/, хурандаа Ц.Бямбарагчаа, багийн дэд профессороор, дэд хурандаа Ц.Төрмандах нар ажиллаж байна.
Одоогийн байдлаар “Онцгой байдлын стратеги-тактик, удирдлага”, “Хууль сахиулах удирдлага” мэргэжлээр магистрын зэрэг олгох сургалтад онцгой байдлын байгууллагын захиалгаар тус академид элсэн суралцаж байгаа алба хаагчдад гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн хичээлүүдийг заахаас гадна, удирдах ажилтны нөөцөд авагдсан алба хаагчдад болон удирдах ажилтанд зориулсан богино хугацааны сургалтыг тусгай батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулж байна.





 

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГА, СТРАТЕГИЙН ПРОФЕССОРЫН БАГ


Удирдлагын академийн бүтцэд “Аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын баг”-ийг Хууль зүйн сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/147 дугаар тушаалаар байгуулж, бүтэц орон тоог өргөтгөсөн юм. Тус баг Удирдлагын академид хэрэгжүүлж буй “Аюулгүй байдлын стратеги-тактик, удирдлага”, “Хууль сахиулахын захиргааны удирдлага”, Хууль сахиулахын удирдлага” магистрын болон докторын сургалтын хөтөлбөрт туссан “Аюулгүй байдал судлалын үндэс”, “Олон улсын харилцаа”, “Дипломат ажиллагаа”, “Судалгааны арга зүй”, “Эрх зүйн онолын хөгжлийн түгээмэл чиг хандлага”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Хувийн аюулгүй байдал” зэрэг хичээлийг заахаас гадна удирдах албан тушаалтанд зориулсан “Аюулгүй байдлын дамжаа”, “Албан тушаалын дамжаа” богино хугацааны сургалтыг зохион байгуулж явуулдаг. Аюулгүй байдал судлал, эрх зүйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, суралцагсдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдлага, арга зүйгээр хангах, удирдахуйн ухааны магистрын урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байна. 
Тус багийн профессороор доктор /Ph.D/, цагдаагийн дэд хурандаа Г.Базарваань, багийн дэд профессороор дэд профессор, доктор /Ph.D/ дэд хурандаа Г.Лхагвамаа нар ажиллаж байна.
 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГА, СТРАТЕГИЙН ПРОФЕССОРЫН БАГ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратеги профессорын багийн зорилго нь: захиалагч байгууллагын хэрэгцээнд тулгуурлан сургалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг арга зүйгээр зохион байгуулж, суралцагчдад онол, арга зүйн мэдлэг, чадварыг олгох, зөв хандлагыг төлөвшүүлэхэд  оршино.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын багийн профессороор хурандаа Б.Батболд, багийн дэд профессороор хурандаа Ч.Нэргүй, багийн ахлах багшаар, хошууч Г.Наранбаяр нар ажиллаж байгаа бөгөөд практик байгууллагад 10-20 жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай алба хаагчид юмаа. 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын баг нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд суралцагчдад эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын талаарх мэдлэг олгох сургалтаас гадна “Команд – штабын сургалт”-ыг практик байгууллагатай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж, онцгой нөхцөлд ажиллах дадлага, чадварыг эзэмшүүлдэг.
Багийн зүгээс Удирдлагын академийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэх, үе шаттайгаар хөгжүүлэхэд профессор, багш бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, хандлага, хувийн хөгжил голлох үүрэгтэйг ухамсарлан, багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр багшийн хөгжлийн төв, сургалт, чанарын алба болон гадаад, дотоодын ижил төстэй сургалт, судалгааны байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллаж байна.