L O A D I N G
logo

ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГУУЛЬ

Онцгой байдлын сургуулийн анхны суурь НАХЯ-ны сайдын 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар НАХЯ-ны Цагдаагийн дээд сургуулийн бүтцэд нэг жилийн сургалттай мэргэжлийн гал сөнөөгч бэлтгэх дамжааны сургалтыг явуулж эхэлсэнээр тавигдаж, Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19/А/39 дүгээр тушаалаар Их сургуулийн бүтцэд Онцгой байдлын сургуулийг байгуулснаар үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж байна.
 
  • 1991-2003 онд Тусгай дунд боловсролтой “Галын техникч”
  • 2004-2007 онд Бакалаврын боловсролтой “ Эрх зүйч-галын ажилтан”
  • 2008-2009 онд Дипломын дээд боловсролтой “Галын техникч”
  • 2011 оноос Бакалаврын боловсролтой “Онцгой байдлын байгууллагын ажил-эрх зүй” мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаад 2013 оноос “Онцгой байдал -гамшгаас хамгаалах алба” мэргэжлээр
  • 2016 оноос нөөцийн чиглэлээр  “Эдийн засаг-Улсын нөөцийн ажил” мэргэжлээр,
  • 2016 оноос “Онцгой байдал -гамшгаас хамгаалах алба” эчнээ 3, 5 жилийн сургалт
  • 2018 оноос-Галын техникч мэргэжлийн дунд боловсролтой алба хаагчдыг “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” 1.5 жилийн сургалттай бакалаврын хөтөлбөрт элсүүлж, сургалт явуулж байна.  
  • 2019 оноос Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар богино хугацааны давтан болон мэргэшүүлэх сургалтыг явуулж эхлээд байна.
 АЛСЫН ХАРАА
Онцгой байдлын сургууль нь чадварлаг боловсон хүчин, орчин үеийн сургалтын техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан, олон улсын түвшинд хүрч, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг сургууль болно.
 
ЭРХЭМ ЗОРИЛГО
  • Онцгой байдлын албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, нийгэмд бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал олгох;
  • Хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг сахих хандлага төлөвшүүлэх;
  • Мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй хувь хүнийг төлөвшүүлж, мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргахад оршино.
 ҮНЭТ ЗҮЙЛС:
  • Эв нэгдэл
  • Эрдэм мэдлэг
  • Бүтээлч хамт олон
  • Хамтын ажиллагаа
БИЕ БҮРЭЛДЭХҮҮН
Онцгой байдлын сургууль нь 3 тэнхим, 16 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба”, “Эдийн засаг-улсын нөөц, ар тал хангалт” бакалаврын, “Гамшиг судлал” магистр, докторын сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус сургуулийн захирлаар хурандаа Х.Сүхбаатар, сургалтын арга зүйчээр ахмад Т.Нармандах, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ахлах дэслэгч Э.Оюунтунгалаг, дамжааны захирагч-багшаар ахлах дэслэгч Г.Золжавхлан, ахлах дэслэгч А.Амарболд нар ажиллаж байна.
 
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
“Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын сургалтын хөтөлбөр
Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах замаар улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үндэсний эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, тактикийн түвшний албан хаагчийг бэлтгэнэ.
 
Мэргэжлийн ур чадвар
  • Үндэсний аюулгүй байдал, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, гамшгаас хамгаалах суурь мэдлэг, ур чадвар, гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах албанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, бие даан, багаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал олгох, үндэсний эх оронч үзэл төлөвшүүлэх;
  • Гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын тактикийн түвшний төрөл мэргэжлийн албанд үүрэг гүйцэтгэхэд шаардагдах суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, албаны сахилга ёс зүйг сахих, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх;
  • Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан болон багаар зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх,
  • Гамшгийн эмзэг байдлыг бууруулах суурь онол, арга зүй, сэргээн босгох хойшлуулшгүй ажиллагаа, ар тал, техник хэрэгслийг хангалтыг судалж, онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны онцлогийг эзэмшсэн байна.
  • Гамшгийн үеийн шуурхай ажиллагааг зохион байгуулах, бие даан шийдвэр гаргах техник хэрэгслийн хангалтын тооцоолол, зураглал үйлдэх чадвартай болно.
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтийг үнэлж дүгнэх, санал зөвлөмж боловсруулж оновчтой шийдвэр гаргах, техник, технологийн хөгжил, инновацийн үр дүнг мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах боломж, нөхцөлийг судлах чадварыг эзэмшүүлнэ.
  • Онцгой байдлын байгууллагын төрөл, мэргэжлийн бусад алба, нэгжийн гүйцэтгэх чиг үүргийн онцлог, гал түймэр унтраах, аврах анги, салаан / бүлгийн / даргын албан тушаал, эрх, үүрэг, хариуцлагын онцлогийг таньж мэдсэн байна.
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшиг тохиолдсон үед түүний хор уршгийг арилгах арга хэмжээг аль болох үр дүнтэй явуулж, богино хугацаанд сэргээн босгоход чиглэгдсэн бусад арга хэмжээтэй оновчтойгоор хослуулан гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чадвартай байна.
  •  Гамшигтай холбоотой аливаа нөхцөл байдал, шаардлага хэрэгцээг урьдчилан харж, тооцоолох замаар гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах чадварыг эзэмшүүлнэ.
  • Онцгой байдлын байгууллагын тактикийн түвшний офицерийн албанд ажиллах мэргэжлийн болон цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшил олгоно.
 Ажлын байрны чиглэл, албан тушаал
Онцгой байдлын байгууллагын болон аврах анги, салбар, гал түймэр унтраах, аврах ангийн бүлгийн дарга, салаан дарга, ангийн захирагчийн албан тушаалд офицер цолтой ажиллана.
 
Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • 17-25 хүртэл насны эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх.
 Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл
  • Суурь хичээл - Математик
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт
 “Эдийн засаг-улсын нөөцийн ажил” бакалаврын сургалтын хөтөлбөр
Онцгой байдлын анги байгууллагын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, газрын улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэж хүргэх, шинэчлэх, захиран зарцуулах, санхүүгийн алба, ар талын албадуудын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үндэсний эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, тактикийн түвшний офицерийг бэлтгэхэд оршино.
 
Мэргэжлийн ур чадвар
  • Үндэсний аюулгүй байдал, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн суурь мэдлэг, ур чадвар, гамшгаас хамгаалах суурь мэдлэг, ур чадвар, гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах албанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, бие даан, багаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал олгох, үндэсний эх оронч үзэл төлөвшүүлэх;
  • Эдийн засаг, ар тал, хангалт, улсын нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэх, хадгалах, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн мэргэжлийн тактикийн түвшний төрөл мэргэжлийн албанд үүрэг гүйцэтгэхэд шаардагдах суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, албаны сахилга ёс зүйг сахих, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх;
  • Мэргэжлийн үнэт зүйлсийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах талаар өөртөө дүгнэлттэй хандах, мэргэжлээ дээшлүүлэх, ажилдаа мэргэших, өөрийгөө хөгжүүлэхэд санаа тавьдаг байх;
  • Нийгмийн хөгжлийн үйл явц, түүний зүй тогтлын талаар асуудал дэвшүүлэн үзэл бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх, тайлбарлах, бусадтай мэтгэлцэх, харилцах эв дүйтэй, харилцааны ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг байх;
 Ажлын байрны чиглэл, албан тушаал
Онцгой байдлын байгууллагын болон Улсын нөөцийн анги, байгууллагад мэргэжилтны албан тушаалд офицер цолтой ажиллана.

Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • 17-25 хүртэл насны эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх.
 Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл
  • Суурь хичээл - Математик
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт
 “Гамшиг судлал”-ын магистрын сургалтын хөтөлбөр
 “Гамшиг судлал” магистрын боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж, төрийн бодлого зохицуулалт, бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, төлөвлөлт бэлэн байдал, сургалт бэлтгэлийг хангах, хор уршгийг арилгах, сэргээн босгох зэрэг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллага, алба хаагчдын мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй тулгамдаж байгаа асуудлуудыг харьцуулан судлах, шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлох мэдлэг, ур чадвар, хандлагатай судлаач бэлтгэнэ.
 
Хөтөлбөрийн хүрэх үр дүн
а. Гамшиг судлалын ухааны онол, хандлага, гамшгаас хамгаалах мэдлэг, суурь судалгааны арга зүйн талаар мэдлэг эзэмших;
б. Гамшиг судлалын онолын мэдлэгт суурилсан суурь судалгаа (статистик дүн шинжилгээ, мэдээллийн технологи ашиглах, харьцуулан судлах) хийж үр дүн гаргах (судалгааны ажил бичих) ур чадварыг хөгжүүлэх;
в. Гамшгаас хамгаалах бодлого, салбар хоорондын тулгамдсан асуудлуудыг нээн илрүүлж, шийдвэр гаргах, штабын бэлтгэл хийх;
г. Алба хаагчдын Үндэсний эрх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, оюуны чадавхыг  хөгжүүлснээр чадварлаг алба хаагчдыг бэлтгэх;
 
Хамрах хүрээ
Тухайн хөтөлбөрт “Гамшиг судлал”-ын магистрын боловсролын зэрэг хамгаалахаар бэлтгэгдсэн захиалагч байгууллагын алба хаагч, ДХИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцагч, эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан, судлаач, багш, сургалтын менежер, мэргэжилтэн болон олон улсын байгууллагуудын гамшгийн асуудал хариуцсан ажилтан нар хамрагдана.
 
Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага
Элсэхийг хүсэгч нь тухайн мэргэжлээр бакалаврын боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, дипломын голч дүн 3,0 (80%) дээш байна.
Элсэгчид судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн 6-8 хуудас бүхий эсээг Дотоод хэргийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартын дагуу бичсэн байна. Энэ нь шалгалтын 30 оноо байх болно.
Элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг авна. Энэ нь шалгалтын 70 оноо байна. Элсэгч нь гадаад хэлний дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байна.
 
Бүрдүүлэх материалын жагсаалт
-Өргөдөл;
-Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р  маягтаар);
-Иргэний үнэмлэх (баталгаажуулсан хуулбар);
-Бакалаврын диплом, хавсралт (баталгаажуулсан хуулбар); голч 3.0 (80%)-аас   дээш;
Суралцагчийн ажлыг зохицуулан сургалтын хугацаанд ажлаас нь түр               чөлөөлөхийг зөвшөөрсөн харьяа  байгууллагын албан бичиг;
-3х4 хэмжээтэй гэрэл зураг 2%, цахимаар 1% ;
-Элсэлтийн хураамж төлсөн баримт; 
-Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн танилцуулга (6-8 хуудас);
 
“Гамшиг судлал”-ын докторын сургалтын хөтөлбөр
 “Гамшиг судлал”-ын докторын боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь гамшиг судлалыг хөгжүүлэх, Үндэсний аюулгүй байдал, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах, хамгаалах мэдлэг, ур чадварыг стратегийн түвшинд хөгжүүлэх, Онцгой байдлын болон гамшгаас хамгаалах салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны түвшинд нээн илрүүлж, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох,  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ олон нийтэд хүргэх, судлаач бэлтгэнэ.
  
Хөтөлбөрийн хүрэх үр дүн
а. Гамшгийн эрсдэлийн менежментэд тулгарч байгаа асуудлуудыг цаг тухайд нь тодорхойлон мэдэрч, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, шийдвэрлэх арга зүйг эзэмшсэн, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө хөгжүүлэх, сурч ажиллах, байгууллага хамт олныг удирдан зохион байгуулах арга барил эзэмших, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх;
б. Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, тасралтгүй судалгаа хийж, идэвхтэй судлаач байж шинэ мэдлэг, мэдээллийг бий болгон шинжлэх ухаанд хувь нэмрээ байнга оруулах, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх;
в. Судалгааны чиглэлийг ялган зааглаж, судалгааны ажил хийх онол, арга зүйг боловсронгуй болгох чадвар эзэмшиж, харьцуулсан дүгнэлт хийх, санал зөвлөмж боловсруулж оновчтой шийдвэр гаргах, техник, технологийн хөгжил, инновацийн үр дүнг мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах боломж, нөхцөлийг судлах чадварыг эзэмшүүлнэ.

Хамрах хүрээ
Тухайн хөтөлбөрт “Гамшиг судлал”-ын докторын боловсролын зэрэг хамгаалахаар бэлтгэгдсэн захиалагч байгууллагын алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн магистрын болон бусад хөтөлбөрт суралцагч, эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан, судлаач, багш, сургалтын менежер, мэргэжилтэн болон олон улсын байгууллагуудын гамшгийн асуудал хариуцсан ажилтан нар хамрагдана.
 
Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага
Элсэхийг хүсэгч нь тухайн мэргэжлээр магистрын боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, дипломын голч дүн 3,3 (85%) дээш байна.
Элсэгчид судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн 6-8 хуудас бүхий эсээг Дотоод хэргийн их  сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартын дагуу бичсэн байна. Энэ нь шалгалтын 30 оноо байх болно.
Элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг авна. Энэ нь шалгалтын 70 оноо байна. Элсэгч нь гадаад хэлний дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байна.
 
Бүрдүүлэх материалын жагсаалт
-Өргөдөл;
-Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р  маягтаар);
-Иргэний үнэмлэх (баталгаажуулсан хуулбар);
-Магистрын диплом, хавсралт (баталгаажуулсан хуулбар); голч 3.3 (85%)-аас   дээш;
Суралцагчийн ажлыг зохицуулан сургалтын хугацаанд ажлаас нь түр               чөлөөлөхийг зөвшөөрсөн харьяа  байгууллагын албан бичиг;
-3х4 хэмжээтэй гэрэл зураг 2%, цахимаар 1% ;
-Элсэлтийн хураамж төлсөн баримт ; 
-Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн танилцуулга (6-8 хуудас);
-Бүтээлийн жагсаалт.
 

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Шадар Сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн  19/А/39 дүгээр тушаалаар Их сургуулийн  дэргэд Онцгой байдлын сургууль байгуулагдаад  тодорхой хугацааг үдсэн байна. 
Өнөөдөр Онцгой байдлын сургууль нь сургалтын шинэ төлөвлөгөөгөөр “Онцгой байдал -гамшгаас хамгаалах алба”, “Эдийн засаг –улсын нөөцийн алба” мэргэжлээр сургалтыг захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж, эрдэм шинжилгээ – сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж, суралцагчдад онолын мэдлэгийг практикт хэрэглэх чадвар олгон Төрийн тусгай албаны ёс зүйн ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Онцгой байдлын сургууль нь дээд боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан олон улсын жишигт нийцсэн боловсролын тогтолцоонд шилжих, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлэх, боловсролын бүх шатны сургалтыг шинэ хандлагад зохицуулан өөрчлөх зорилго тавин ажиллаж байна
 
Та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
 
ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,
ХУРАНДАА ХИШИГЖАРГАЛЫН СҮХБААТАР
 
 

 
 

ЭДИЙН ЗАСАГ-НӨӨЦ, АР ТАЛЫН ТЭНХИМ

ЗОРИЛГО
Монгол Улсын  нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдал, хүмүүнлэгийн тусламжийн чиглэлийн мэргэжлээр орчин үеийн шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэнэ.
 
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Эдийн засаг, нөөц, ар талын тэнхим нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/166 дугаар тушаалаар Онцгой байдлын сургуулийн бүтцэд Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхим нэртэйгээр тэнхимийн эрхлэгч 1, дэд профессор 1, ахлах багш 1, багш 1 гэсэн бүтэц, орон тоотой байгуулагдан сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулж ирсэн.
Тус тэнхим нь Монгол Улсын хэмжээнд нөөцийн болон хүмүүнлэгийн тусламжийн бараа материалыг хадгалах, хамгаалах, сэлгэх, шинэчлэх, нөхөн бүрдүүлэх, Онцгой байдлын албаны бусад чиг үүргийг гүйцэтгэх чиглэлээр сургалт явуулдаг.
 
ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), хурандаа Х.Мягмаржав, дэд профессороор хошууч Б.Саранцэцэг, багшаар дэслэгч Н.Одмаа нар ажиллаж байна.
 
ТЭНХИМД ХАРЬЯАЛАГДАХ ХИЧЭЭЛ
Эдийн засаг-нөөц, ар талын тэнхим нь 2016 оноос “Эдийн засаг” бакалаврын сургалтын хөтөлбөрийг “Эдийн засаг-Улсын нөөц, ар тал хангалтын алба” мэргэжлээр бэлтгэж, Онцгой байдлын сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтын түвшинд улсын нөөцийн эдийн засаг, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын агуулга бүхий 24 төрлийн хичээлийг танхимын болон дадлагын сургалтаар зохион байгуулж байна. Үүнд:
  • Микро эдийн засаг
  • Макро эдийн засаг
  • Менежментийн үндэс
  • Математик статистик
  • Санхүүгийн бүртгэл
  • Онцгой байдлын албаны ар тал хангалт-1
  • Үйлдвэрлэлийн эдийн засаг
  • Бараа судлалын онолын үндэс
  • Бараа материалын стандартчлал, экспертиз
  • Үр тарианы үрийн аж ахуй
  • Гамшгаас хамгаалах нөөцийн үндэс
  • Агуулахын аж ахуй
  • Зардал, удирдлагын бүртгэл
  • Аюулгүй байдлын үндэс
  • Шатахуун, тослох материалын хангалт
  • Хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа
  • Материал судлал
  • Санхүүгийн удирдлага
  • Онцгой байдлын албаны ар тал хангалт-2
  • Тэжээл бэлтгэл
  • Ложистик-ачаа тээврийн хангалт
  • Хүнсний хангалт
  • Санхүү, эдийн засгийн шинжилгээ
  • Эдийн засгийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага
КЛУБ, ДУГУЙЛАН
Хөрс-биохимийн лабораторийг 2016 онд байгуулан бакалавар, магистр, докторын түвшний лаборатори, дасгал хичээлийг зохион байгуулахаас гадна сонсогч, суралцагчдыг судалгаа шинжилгээнд сонирхолтой болгох, судалгааны арга зүй, туршлагыг эзэмшүүлэх зорилготой “Залуу эрдэмтэн” клубыг 2019 оноос эхлэн тус лабораторийг түшиглэн хичээллүүлж байна.
Мөн тус лаборатори нь газар тариалан эрхлэгч аж ахуй нэгжийн тариалангийн хөрсөнд агрохимийн үзүүлэлт болон үр тарианы үрийн чанарын үзүүлэлтийг үндэсний стандарт арга зүйн дагуу шинжилж зөвлөмж боловсруулан өгч байна. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгээс хэрэгжүүлдэг “Буудайн сорт сорилт”-ын хээрийн судалгааны туршилтын талбайн тариалалтын болон ургалтын дараах хөрсний агрохимийн үзүүлэлт, үрийн чанарын үзүүлэлт зэргийн лабораторийн туршилт судалгаанд хамтран ажиллаж байна.
 

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ АЛБАНЫ ТЭНХИМ

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
Гал түймэр унтраах, аврах анги, Онцгой байдлын байгууллагын төрөл, мэргэжлийн бусад алба, нэгжийн гүйцэтгэх чиг үүргийн онцлог, салааны захирагчийн албан тушаал, эрх, үүрэг, хариуцлагын онцлогийг судалж мэдсэн, гал түймэр унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн, хамт олныг нэгтгэн удирдах, цагийн байдалд үнэлгээ өгч шийдвэр гаргах, удирдлагын шийдвэрээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож, томилгоот үүрэг гүйцэтгэх чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилго тавин ажиллаж байна.
 
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн түүхэн замнал НАХЯ-ны сайдын 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар НАХЯ-ны Цагдаагийн дээд сургуулийн бүтцэд 1 жилийн сургалттай мэргэжлийн гал сөнөөгч бэлтгэх дамжаа байгуулагдсанаар тавигдаж, улмаар 1991 оноос эхлэн ЗХУ-ын Галын дунд сургуулийн хөтөлбөрийн дагуу галын техникч бэлтгэх хоёр жилийн сургалттай ангийг нээн үндэсний боловсон хүчнээ бэлтгэж эхэлснээр Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эхлэл тавигдсан байдаг.
Сургалтын үйл ажиллагаа жигдэрч 1997-1999 онд Албаны бэлтгэл, галын тэнхим, 1999-2000 онд Инженер техникийн тэнхим, 2000-2004 онд Цагдаагийн академийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхим, 2004-2006 онд Гал түймэртэй тэмцэх албаны бакалаврын сургалтын тэнхим нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан.
Гал түймрийн хэрэг бүртгэх үйл ажиллагааг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэхэд сонсогчдод тодорхой эрх зүйн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх шаардлага тавигдаж 2001 оноос “Эрх зүйч-галын ажилтан” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэж байгаад 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2004-2007 онд дипломын дээд боловсролтой “Галын техникч” мэргэжилтэй офицер бүрэлдэхүүнийг бэлтгэж байжээ. Онцгой байдлын байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй холбогдуулан 2006 онд Онцгой байдлын албаны Факультет, 2007 онд Онцгой байдлын албаны тэнхимийг байгуулж бакалаврын боловсролтой “Онцгой байдлын байгууллагын ажил-эрх зүй” мэргэжлээр сургалтын үйл ажиллагааг явуулж байсан.
Онцгой байдлын байгууллагад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудал чухлаар тавигдах болсон тухайн цаг үед Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 229 дүгээр тушаалаар Дотоод хэргийн их сургуулийг байгуулж Цагдаагийн сургуулийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын албаны тэнхимийг харьяалуулжээ. Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Онцгой байдлын сургууль байгуулах тухай” 19/А/39 дүгээр хамтарсан тушаалаар Онцгой байдлын сургуулийг Галын аюулгүй байдлын тэнхим, Гамшгаас хамгаалах албаны тэнхим гэсэн бүтэцтэйгээр шинээр байгуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийг хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хууль сахиулахын их сургуулийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Б/20 дугаар тушаалаар Онцгой байдлын сургуулийг Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимтэй, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 152 дугаар тушаал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/126 дугаар тушаалаар “Гал түймэртэй тэмцэх албаны тэнхим”-ийг тэнхимийн эрхлэгч, дэд профессор, ахлах багш, багш гэсэн орон тоотойгоор шинэчлэн зохион байгуулсан.
 
ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Тус тэнхимийн эрхлэгчээр хурандаа С.Баттөмөр, дэд профессороор дэд хурандаа Б.Энхтүвшин, багшаар ахмад Л.Булганхангай нар ажиллаж байна.
 
ТЭНХИМД ХАРЬЯАЛАГДАХ ХИЧЭЭЛ
  • Мэргэжлийн удиртгал
  • Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үндэс
  • Барилгын материал, хийц бүтээцийн галын аюулгүй байдал ГАУС-1
  • Онц чухал болон объектын галын аюулгүй байдал ГАУС-2
  • Амьсгалын бие даасан төхөөрөмжийн ажиллагаа
  • Галын техникийн шинжилгээ
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын үндэс
  • Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах эрх зүйн үндэс ГАУС-3
  • Галын шатлага физик, химийн онол арга зүй ГУАЗ-1
  • Гал түймэр унтраах удирдлага арга зүй ГУАЗ-2
  • Төрөл бүрийн объектын гал түймэр унтраах арга зүй ГУАЗ-3
  • Гал түймэр унтраах тусгай тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмж ГУБЗ-1
  • Гал түймэр унтраах ажиллагааны бэлтгэл сургалт ГУБЗ-2
  • Албаны сэтгэл зүй
  • Гал унтраах автомат систем, усан хангамж
КЛУБ, ДУГУЙЛАН
Гал унтраах техникийн олон төрөлт спортын клубыг тогтмол хичээллүүлж сонсогчдын бие бялдар, сэтгэл зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулиас элссэн сонсогчдод албаны спортыг сурталчилах, хичээллүүлэх, материаллаг баазыг бий болгох ажлыг үе шаттай зохион байгуулж ирсэн.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын клуб нь долоо хоногийн мягмар, пүрэв гарагт 2 цагийн бэлтгэл сургалтыг тогтмол зохион байгуулан сургалтад 2010 оноос хойш 130 гаруй сонсогч хамрагдан хичээллэж байна. Клубд хамрагдан хичээллэсэн сонсогч нараас гал унтраах техникийн олон төрөлт спортын улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн аварга, дэлхийн гал сөнөөгчдийн тоглолтод үзүүлсэн амжилтыг танилцуулбал:
2010 оны 06 дугаар сарын 26-27 ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр анх удаагаа Улсын аварга багаар шалгарсан.
2010 оны 08 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд БНСУ-ын Дэгү хотод зохион байгуулагдсан Дэлхийн гал сөнөөгчдийн XI  удаагийн тоглолтод Монгол Улсын баг тамирчид анх удаагаа оролцсон. Тус тэмцээнд Цагдаагийн академийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, шадар ахмад С.Баттөмөр дасгалжуулагчаар, тамирчнаар сонсогч, дэд түрүүч, спортын дэд мастер А.Мөнх-Эрдэнэ, сонсогч Э.Энхбат нар тус тус оролцож, гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, дартсын төрөлд хүрэл медаль хүртэж, Дэлхийн гал сөнөөгчдийн тоглолтоос анхны медалийг авчирсан.
2011 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр Бүсийн аварга багаар шалгарсан.
2012 оны 06 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах тэмцээнд Гал унтраах тархалтын төрөлд 40,72 сек амжилтаар 1 байрт шалгарч, нийлбэр дүнгээр хоёр дахь удаагаа Улсын аварга багаар шалгарсан.
2012 оны 10 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах YIII  удаагийн тэмцээнд Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа С.Баттөмөр Монголын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны ажиглагчаар оролцсон.
 2013 оны 05 дугаар сарын 25-26-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдса Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр хоёр дахь удаагаа Бүсийн аварга багаар шалгарсан.
2013 оны 10 дугаар сарын 01-06-ны өдөр БНСУ-ын Жинжү хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах IX удаагийн тэмцээнд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, дэд хурандаа С.Баттөмөр шигшээ багийн дасгалжуулагчаар, сонсогч, спортын мастер Д.Алтансүх, Э.Энхбат, О.Батсайхан нар тамирчнаар тус тус оролцсон.
2014 оны 06 дугаар сарын 18-20-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах тэмцээнд 4х100 метрийн буухиа уралдааны төрөлд II байранд шалгарсан. 
2014 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдөр Казахстан улсын Алма-ата хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах X удаагийн тэмцээнд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, дэд хурандаа С.Баттөмөр шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, сонсогч, спортын мастер О.Батсайхан, дэд мастер Б.Эрдэнэсайхан нар тамирчнаар тус тус оролцов.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний саадтай 100 метрийн уралдааны төрөлд Б.Эрдэнэсайхан 16,79 сек амжилт үзүүлэн спортын мастерын болзол, О.Батсайхан гал унтраах тархалтын төрөлд 34.40 сек амжилтаар Олон улсын хэмжээний мастерын болзолыг хоёр дахь удаагаа ханган хувийн амжилтаа ахиулан оролцсон.
 2015 оны 06 дугаар сарын 18-20-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд III байрт шалгарч 2016 онд Булган аймагт зохион байгуулагдах 20 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан.
2015 оны 09 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд ОХУ-ын Санктпетербург хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах XI  удаагийн тэмцээнд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, дэд хурандаа С.Баттөмөр шигшээ багийн  дасгалжуулагчаар, сонсогч, олон улсын хэмжээний мастер О.Батсайхан, сонсогч,  спортын мастер Б.Эрдэнэсайхан нар оролцов. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4х100 метрийн буухиа уралдааны төрөлд 58,72 сек амжилтаар төрөлдөө IV байрт шалгарч улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.
Мөн түүнчлэн 2016 оны 07 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдсан XX удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд довтолгооны шатны төрөлд 106,91 сек амжилтаар 14 дүгээр байр, 4х100 метрийн буухиа уралдааны төрөлд 1,03,96 сек амжилтаар 9 дүгээр байр, саадтай 100 метрийн буухиа уралдааны төрөлд 108,99 сек амжилтаар 3 дугаар байр, гал унтраах тархалтын төрөлд 35,43 сек амжилтаар 9 дүгээр байрт тус тус шалгарч, нийлбэр дүнгээр VI байранд шалгарсан.
2017 оны 07 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Довтолгооны шатны төрөлд 106,97 сек амжилтаар 5 дугаар байр, 4х100 метрийн буухиа уралдааны төрөлд 1,04,87 сек амжилтаар 2 дугаар байр, саадтай 100 метрийн буухиа уралдааны төрөлд 114,03 сек амжилтаар 2 байр, гал унтраах тархалтын төрөлд 37,69 сек амжилтаар 9 дүгээр байрт шалгарч, нийлбэр дүнгээр II байрт шалгарсан.
2017 оны 10 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Клубуудын аварга шалгаруулах тэмцээнд 4х100 метрийн буухиа уралдааны төрөлд 621 дүгээр дамжааны дэд түрүүч Н.Гэрэлчулуун, сонсогч Г.Цогтбаяр, сонсогч Э.Мөнхбаяр, 641 дамжааны сонсогч, спортын мастер Б.Эрдэнэсайхан нар 1,03,18 сек амжилтаар мөнгөн медаль, саадтай 100 метрийн төрөлд 641 дамжааны сонсогч, спортын мастер Б.Эрдэнэсайхан 18,07 сек амжилтаар мөнгөн медаль тус тус хүртсэн.
2018 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах тэмцээнд 4х100 метрийн буухиа уралдааны төрөлд 1,01,63 сек амжилтаар 1 байр, мөн төрөлд хоёрдугаар баг 1,03,12 сек амжилтаар 3 байранд тус тус шалгарсан.
Мөн түүнчлэн 2019 оны 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 4х100 метрийн буухиа төрөлд алт, хүрэл медалийн болзол хангасан.
Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулиас төрөн гарсан олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастерууд
Олон улсын хэмжээний мастер 6, Спортын мастер 11, Спортын дэд мастер 4 төрөн гарсан байна.
 

ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАНЫ ТЭНХИМ

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр шаталсан сургалт, эрдэм шинжилгээний ажлыг эрхэлж, Үндэсний болон Олон улсын чиг хандлагад нийцсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэн захиалагч байгууллагад нийлүүлэхэд оршино.
 
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Дотоод хэргийн их сургуулийг байгуулах тухай” 229 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” А/37 дугаар тушаал, Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Онцгой байдлын сургууль байгуулах тухай” 19/А/39 дүгээр хамтарсан тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн дэргэд Онцгой байдлын сургуулийг шинээр байгуулсан. Онцгой байдлын сургуулийг 2 тэнхимтэйгээр байгуулахад түүний нэг нь Гамшгаас хамгаалах албаны тэнхим байсан юм.  
Гамшгаас хамгаалах албаны тэнхим нь аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах арга зүйд суралцагч нарыг сурган дадлагажуулдаг үндсэн тэнхим юм.
 
ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгчээр дэд хурандаа Г.Эрдэнэбат, дэд профессороор дэд хурандаа Ц.Ганчимэг, ахлах багшаар хошууч Г.Хатанбаатар, багшаар хошууч Г.Чулуунбаатар нар ажиллаж байна. Багшлах бүрэлдэхүүний 75 хувь нь Оросын Холбооны Улсын Иргэний хамгаалалтын академид Команд штаб-оператив, тактикийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
 
ТЭНХИМД ХАРЬЯАЛАГДАХ ХИЧЭЭЛ
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр 12 төрлийн хичээлийг “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” сургалтын хөтөлбөрийн хүрээнд, мөн бусад бүрэлдэхүүн сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлээр сургалт зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
- Гамшгаас хамгаалах менежментийн үндэс
- Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын үндэс
- Хими, биологи, цацрагийн ослоос хамгаалах арга зүй
- Гамшгаас хамгаалах төлөвлөлтийн үндэс
- Гамшгаас хамгаалах мэдээлэл, холбоо зохион байгуулалт
- Онцгой байдлын албаны ар тал, техникийн хангалт
- Онцгой байдлын үеийн тусгай арга зүй
- Хүн ам, газар нутгийн инженерийн хамгаалалт
- Тусгай хими
- Эрэн хайх, аврах ажлын үндэс
- Эрэн хайх, аврах ажлын удирдлага зохион байгуулалт
- Эрсдэлийн удирдлага, үнэлгээний арга зүй.
 
КЛУБ, ДУГУЙЛАН
Тус тэнхимээс Орос хэл, Англи хэл, “Консенсус” мэтгэлцээний дугуйланг тус тус хичээллүүлж байна. Орос хэлний дугуйланг долоо хоног бүрийн пүрэв гариг, англи хэлний дугуйланг долоо хоног бүрийн мягмар, баасан гариг, “Консенсус” мэтгэлцээний дугуйланг долоо хоног бүрийн лхагва гариг бүрт тус тус хичээллүүлж, сонсогч, суралцагчийн гадаад хэлний түвшинг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах, хор уршгийг арилгах, эрэн хайх аврах ажиллагаа, хойшлуулшгүй сэргээн босгох болон  гал унтраах багаж, техник хэрэгслийн нэршил зэрэг мэргэжлийн орос, англи хэлийг судлуулах, ижил төстэй мэргэжил эзэмшихээр гадаадын их, дээд сургуулиудад элсэн суралцахад дэмжлэг үзүүлэх, парламентын мэтгэлцээнийг хөгжүүлэх, түүнийг сонирхогчдыг нэмэгдүүлэх, сонсогч, оюутнуудын илтгэх, мэтгэлцэх ур чадвар, соёлыг дээшлүүлэх, тэдэнд илтгэх болон мэтгэлцэх урлагийг ойлгуулан таниулах зорилготойгоор тус тус зохион байгуулж байна.