Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Их сургуулийн Соёлын төвд ахмадуудаа (2023.09.22) хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Тэргүүн дэд бөгөөд Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар болон багш, албан хаагчдын төлөөлөл, Их сургуулиас цэргийн байнгын тэтгэвэр гарсан 150 гаруй ахмадууд оролцсон юм. Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар он цагийн түүхийг бичилцэж, мэдлэг мэргэжил, эрдэм оюунаа харамгүй зориулж ирсэн ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, Их сургуулийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын онцлог ажлуудын талаар танилцууллаа. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд Их сургуулийн түүхт 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Дотоод хэргийн их сургуулийн Тэргүүн дэд бөгөөд Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар түүхт ойн баяраа угтан зохион байгуулахаар бэлтгэж байгаа түүхийн бүтээлүүдийн талаар товч мэдээлэл хүргэж, нийт ахмадуудаа хамтран ажиллахыг урьсан юм. “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Б.Батжавыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, хурандаа Ю.Сэрсэнжав, цагдаагийн хурандаа Ч.Ганбат, цагдаагийн ахмад Д.Цэндсүрэн, ахмад ажилтан С.Баасанжав нарыг Их сургуулийн “Хүндэт ажилтан” хүндэт тэмдгээр шагнав. Мөн нийт ахмадууддаа Их сургуулийн Гүнжийн хоолой дахь Сургалтын төвийн үйл ажиллагааг танилцуулан, урлаг спортын өдөрлөг-уулзалтыг зохион байгуулсан нь ахмадуудын талархлыг хүлээсэн юм. Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг бэлтгэх үйлсэд залуу нас, эрдэм оюунаа зориулсан ахмадууддаа “Олон улсын ахмадын өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлэн урт насалж, удаан жаргахыг ерөөе.