
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар байгуулагдсан.
Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, мэргэшүүлэн сургах зорилготой ажиллаж байна.
Манай сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Ерөнхий боловсролын ахлах сургууль нь Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бүрэн дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг сургуулийнхаа онцлогтой уялдуулан амжилттай хэрэгжүүлэхийн төлөө зорилго зорилтоо тодорхойлон, урам зоригтой ажиллаж байна. Сургууль, сурагч, эцэг эх, асран хамгаалагч гэсэн гурвалсан холбоонд тулгуурлан, хүүхэд нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах, сурах арга барилыг нь сайжруулах, эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг бие бялдар, зөв хандлага төлөвшилтэй Монгол хүн бэлтгэх нь бидний үүрэг юм. Энэхүү цахим хуудсаар дамжуулан хүндэт эрдэмтэн багш, албан хаагч, ажилтан, ирээдүй хойч болсон шавь нар, эцэг эхчүүддээ өөрийн зүгээс болон сургууль хамт олныхоо өмнөөс эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ХУРАНДАА Д.ГАНДАВАА
Монгол улсын төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ирээдүйн боловсон хүчнийг ахлах сургуулиас нь үе шаттай бэлтгэх бодлогын хүрээнд харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд уламжлан, бэлтгэл ажлыг хангаснаар анх 2018 оны 08 дугаар сарын 06-нд 7 багш, 4 ажилтан, 10, 11 дүгээр ангийн 6 бүлэгт 150 сурагчтайгаар үүд хаалгаа нээн, эрдмийн галаа бадрааж, эрдэм мэдлэгийн их далайд шавь нараа хөтөлсөн түүхийг туурвин, 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ахлах сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд 10, 11, 12 дугаар ангийн 9 бүлэгт 280 гаруй сурагч, 30 орчим багш, ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 73 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш нар байна.
Бид боловсролын үйлчилгээний чанараараа манлайлагч “Шилдэг тэргүүний ахлах сургууль” байна.
Монгол соёл, өв уламжлалаа дээдэлдэг, зөв хандлага төлөвшилтэй, мэргэжлийн чиг баримжаатай суралцагч, ур чадвартай багш нартай, орчин үеийн техник, технологид суурилсан шилдэг сургууль болно.