ДОКТОР (Ph.D), ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.ДАШГААДАН: САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ШИЛДЭГ БҮТЭЭЛ, ИЛТГЭЛ, ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖ БАЙНА

Огноо: 21 цаг 25 мин
ДОКТОР (Ph.D), ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.ДАШГААДАН: САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ШИЛДЭГ БҮТЭЭЛ, ИЛТГЭЛ, ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖ БАЙНА
ДОКТОР (Ph.D), ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.ДАШГААДАН: САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ШИЛДЭГ БҮТЭЭЛ, ИЛТГЭЛ, ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдаанд бүтээл, илтгэл, төслөө 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хүлээн авна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, оюутны шилдэг илтгэл, грант олгох төсөл” шалгаруулах уралдааныг салбарын шинжлэх ухаан, инновацын хөгжлийг дэмжих, эрдэмтэн, судлаач, оюутан, сонсогчдын судалгаа, шинжилгээний ажлыг урамшуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус уралдааны зорилго, онцлог, оролцогчдод тавигдах шаардлагын талаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Э.Дашгаадантай ярилцлаа.


– Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү.
– Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, оюутны шилдэг илтгэл, грант олгох төсөл” шалгаруулах уралдаан нь хууль зүй, аюулгүй байдал, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын шинжлэх ухаан, судалгаа, инновацын хөгжлийг дэмжих, эрдэмтэн, судлаачдын бүтээлч үйл ажиллагааг урамшуулах, оюутан, сонсогчдын судалгааны идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
Энэ хүрээнд салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, бодит үр дүнд тулгуурлан шийдэл боловсруулах, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэхэд чиглэсэн бүтээл, илтгэл, төслүүдийг шалгаруулдаг. Ийнхүү судалгааны ажлыг дэмжихийн зэрэгцээ шинжлэх ухааны мэдлэг, инновацын үр өгөөжийг салбарын хөгжилд ашиглах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Уралдааныг энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулж байна. Салбарын эрдэмтэн, судлаачид, судалгааны баг, гадаад, дотоодын хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан, сонсогчид оролцох боломжтой. Бүтээл, илтгэл, төслийг 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хүлээн авна.
– Энэ удаагийн уралдааны онцлог, зохион байгуулалтын талаар дэлгэрүүлнэ үү.
– Сүүлийн жилүүдэд уралдааны цар хүрээ өргөжиж, салбарын эрдэмтэн, судлаач, оюутан, сонсогчдын хүсэн хүлээдэг, мэдлэг, судалгааны ур чадвараа сорьдог уламжлалт арга хэмжээ болж төлөвшиж байна.
Жил бүр салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, судалгааны үр дүнд тулгуурласан, тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам дэвшүүлсэн бүтээлүүд уралдаанд ирдэг. Энэ нь зөвхөн шилдэг бүтээлийг шалгаруулах бус, судалгааны соёлыг төлөвшүүлэх, шинжлэх ухааны бүтээлч сэтгэлгээг дэмжих, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой.
Энэ удаагийн шалгаруулалтын нэг онцлог нь тодорхой салбарын, тухайлбал, хувийн эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн сэдвүүдийг уралдааны удирдамжид тусгайлан тодорхойлсон явдал юм. Ингэснээр оролцогчид судалгааны асуудлаа илүү оновчтой тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэй, практик хэрэглээ бүхий шийдэл боловсруулах боломжтой гэж үзэж байна.
– Уралдааны төрлүүд болон төрөл тус бүрд ямар бүтээл, төсөл хүлээн авах талаар тайлбарлана уу.
– Уралдааныг үндсэн гурван төрлөөр зохион байгуулдаг. Үүнд: эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, оюутны шилдэг илтгэл, грант олгох төсөл багтана. Шалгаруулалтаар өмнөх уралдаанаас хойших нэг жилийн хугацаанд туурвисан бүтээл, илтгэлийг үнэлж, шинжлэх ухаан, технологийн төсөлд грант олгодог.
Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн төрөлд аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт хамаарах тухайн жилд туурвиж, хэвлүүлсэн нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага болон гадаадын хөндлөнгийн хянан магадлагаа бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийг хамруулна.
Оюутны шилдэг илтгэлийн төрөлд аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдаж буй асуудлыг судлан тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт, санал боловсруулсан оюутан, сонсогчдын тухайн жилд бичсэн илтгэлийг шалгаруулна.
Харин грант олгох төслийн төрөлд салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн төслүүдийг хүлээн авна. Төсөлд хэрэгцээ, шаардлага, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга зүй, хүлээгдэж буй үр дүн, практик ач холбогдол, гүйцэтгэх арга зам, шаардагдах төсөв, зардлыг тодорхой тусгасан байх шаардлагатай.
Эдгээр төрөл нь судалгааны өөр өөр түвшин, хэрэгцээг хамарч байгаагаараа онцлогтой. Тухайлбал, хэвлэгдсэн бүтээлээрээ судалгааны үр дүнгээ баталгаажуулсан эрдэмтэн, судлаачдыг үнэлэхийн зэрэгцээ оюутан, сонсогчдын судалгааны ур чадварыг хөгжүүлж, цаашид хэрэгжүүлэх боломжтой шинэ санаа, төслүүдийг санхүүгийн дэмжлэгээр хангах зорилготой.
– Шалгаруулалтад хэн оролцож болох вэ? Бүтээл, илтгэл, төслийг хаана хүлээн авах вэ?
– Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл болон грант олгох төслийн шалгаруулалтад хууль зүйн чиглэлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын профессор, багш, судлаачид, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллага, агентлагийн алба хаагчид, судалгааны баг болон мэргэжлийн холбоод оролцох боломжтой.
Оюутны шилдэг илтгэлийн шалгаруулалтад гадаад, дотоодын хууль зүйн чиглэлийн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутан, сонсогчид оролцоно.
Уралдааныг Хууль зүй, дотоод хэргийн яам, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтад грант олгох төслийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд, эрдэм шинжилгээний бүтээлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд, оюутны илтгэлийг Дотоод хэргийн их сургуульд тус тус хүлээн авна.
Шалгаруулалтын дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулж, шалгарсан бүтээл, илтгэл болон төсөлд олгох шагнал, грантыг жил бүрийн Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан гардуулдаг уламжлалтай.
– Ярилцсанд баярлалаа. Эцэст нь уралдаанд оролцохоор төлөвлөж буй эрдэмтэн, судлаач, оюутан, сонсогчдод хандаж юу хэлэх вэ?
– Шинжлэх ухааны хөгжил нь салбарын бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх, практикт тулгарч буй сорилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй даван туулах чухал нөхцөл юм. Тиймээс судалгааны ажил бүр бодит асуудлыг тодорхойлж, шинэ мэдлэг бий болгох, хэрэгжихүйц шийдэл дэвшүүлэхэд чиглэх нь чухал.
Энэхүү уралдаан нь эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнг үнэлж, шинэ санаа, бүтээлч хандлагыг дэмжихийн зэрэгцээ залуу судлаачдыг төлөвшүүлэх, шинжлэх ухаан болон практикийн уялдаа холбоог бэхжүүлэх боломж юм.
Иймд салбарын эрдэмтэн, судлаачид, профессор, багш нар, оюутан, сонсогчдыг уралдаанд идэвхтэй оролцож, бүтээл, илтгэл, төслөө ирүүлэхийг урьж байна. Уралдааны дэлгэрэнгүй удирдамж, оролцогчдод тавигдах шаардлагыг зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудаснаас авах боломжтой.

Instagram
Youtube
Facebook